Энэ сарын  22, 23-ны өдрүүдэд  Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв  \РЦНК\-д  Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг болох гэж байна.

Дэлхийн хүүхдийн ном-зохиогчийн эрхийн өдөрт зориулан хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, түншлэлийн хүрээг өргөжүүлэх, орчин үеийн ном бүтээх арга зүйгээр хангах, хүүхдийн номын хэвлэлийн стандартыг дагаж мөрдүүлэх, зохиолчдод урам зориг, шинэ санаа өгөх зорилго бүхий Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвд болно.

Өдөрлөгийн үеэр Хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн илтгэл, зөвлөгөөн, хүүхдийн зохиолчдын номын үзэсгэлэн, уулзалт, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдийн ном сонгоход туслах зөвлөмжийг танилцуулах зэрэг олон талт үйл ажиллагаа зохиогдоно.

Үйл ажиллагаанд хүүхдийн зохиолчид, хүүхдийн ном хэвлэлийн газрууд, редактор, хүүхдийн номын зураач, хэл, уран зохиолын багш, боловсролын мэргэжилтнүүд болон хүүхдийн зохиолчтой хамтран ажиллах боломж бүхий телевиз, радио, театр, кино продакшн, студи, уран бүтээлийн нэгдэл, хэвлэлийн газар, бизнесийн байгууллага, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцоно.

Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар хүүхдийн зохиолчид, хэвлэлийн газруудын хамтын ажиллагаа сайжирч, харилцан бие биеэ дэмжих, ивээн тэтгэх байгууллагууд бий болох, зохиолчид бүтээж буй номынхоо агуулга, үр нөлөөнд анхаарч орчин үеийн ном бүтээх арга зүйд суралцах, уран бүтээл нь илүү чанаржиж, олон хувилбарт соёлын бүтээлч үйлдвэрлэл, үндэсний контент бий болох үндэс суурь тавигдана хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 96962686