Өнөөдөр 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр.  Энэ өдөр Ардчиллын алтан хараацай С.Зориг агсан тохиож байна. Тэрээр 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм.
Гэвч түүний байгуулсан гавьяаг Монголын ард түмэн, намын хамтрагчид, гэр бүлийнхэн нь, “Зориг” сангийнхан нь дурсан санаж, жил бүрийн эл өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.Тэрээр өнөөдөр амьд сэрүүн байсан бол 57 насыг хүрэх байжээ.

Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон 1962 оны 4 дүгээр сарын 20-д мэндэлжээ. Түүний ээж, хүний их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монгол судлаач А.Симуковын охин байжээ. Тэрбээр хар нялхдаа өнчирч, монгол эх эцгийн гар дээр өсөж өндийсөн төдийгүй Монголд европ эмнэлгийг дэлгэрvvлэхэд хvчин зvтгэж явсан Зөвлөлтийн эмч эмэгтэйн дүрийг уран сайхны Сэрэлт кинонд бүтээж олны танил болж байжээ. Зориг хүү монголын сэхээтнүүд үр хүүхдээ сургахыг эрхэмлэдэг байсан орос хэлний сургалттай 23-р сургуульд 1970 онд элсэн орж, 1980 онд төгсч, улмаар тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын номер нэг сургууль агуу эрдэмтэн Ломоносовоор овоглосон Москвагийн Их сургуулийг философич мэргэжлээр 1985 онд төгссөн байна. Зөвлөт Холбоот Улсад өрнөсөн М.Горбачевын өөрчлөн байгуулалтын үзэл санаа нь БНМАУ-д халдварлаж, нийгмийг ардчилахын төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсч, түүний идэвхитэй гишүүдийн нэг нь тухайн үед дөнгөж 27 настай байсан Зориг байлаа. Тэрээр тэр үед (1989 онд) Монгол Улсын Их Сургуульд философийн багшаар ажиллаж байжээ. Зориг нь Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаанууд дээр Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг сонгосон байдаг. Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.