Монгол банкны Ерөнхиийлөгчийн 2019-04-08-ны өдрийн А/96 тушаалаар Капитал банкийг албадан татан буулгасан хэмээн Капитал банкны хохирогчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд тус банканд хадгаламжтай олон мянган иргэд, түүн дотроос 20 саяас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигчид, тэдний ар гэрийнхэн гээд 30 мянга гаруй хүний эрх ашиг ноцтой зөрчигдөж мөнгө хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны асар их хохиролд орсон гэв.

Тодруулбал, Капитал банкны 20 сая хүртэлх хадгаламжтай иргэдийн нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын сангаас өгч байгаа. Гэтэл 20 сая дээшхи хадгаламжтай иргэдийн нөхөн төлбөр эзэнгүйдэж банкны өндөр зохиомол хүү хэрэглээд өгсөөд өгнө гэсэн заль мэхэнд хууртсан. Үүнээс үүдэж хэдэн төгрөгөө алдлаа. 20 сая дээшхи хадгаламжтай 1000 гаруй хадгаламж эзэмшигчдийн 170 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөр мухардалд ороод байгаа хэмээн хурал зохион байгуулагчид онцолсон юм.

Итгэж хадгалуулсан мөнгөө яаралтай авах шаардлагатай байна гэж тэдгээр иргэд хэлэв. Мөн Т.Аюурсайхан Х.Нямбаатар нарын нэр бүхий таван гишүүнд хандан өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж өгөөч гэсэн хүсэлт тавьж буйгаа илэрхийлэв. Хадгаламж эзэмшигч иргэдийн хувьд Төв банк Капитал банкны үйл ажиллагаанд зөв зүйтэй хяналт тавьж чадсангүй гэх байр суурийг илэрхийлж байна.

Мөн тэд 1990 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулсан Капитал банкийг төр яагаад нэг өдөр дампууралчихав? гэдгийг асууж байна. Харилцагчид эрүүл мэнд, нийгмийн даатгал зэргээр төрийн их хэмжээний мөнгө байршиж байсан Капитал банкинд итгэж, мөнгөө хадгалуулснаа хэлж байна. Харин тус банк 4 салбараа татан буулгасны дараа харилцагчид мөнгөө татахаар очиход өгөөгүй аж. Мөн хадгаламж барьцаалсан зээл зэргээр бэлэн мөнгөний гүйлгээ хийхгүй байсныг харилцагчид хэллээ. Хадгаламж эзэмшигчид Капитал банкны дампууралд Монголбанкийг буруутгаж байна. Учир нь арилжааны банкны үйл ажиллагаанд Монголбанк хяналт тавих ёстой. Төв банк хяналт тавиагүйгээс олон хадгаламж эзэмшигч хохирч, мөнгөө алдсаныг хэлэв. Тиймээс харилцагчид "Төрийнхөн өмнө нь татварын төлөгчдийн мөнгийг хулгайлдаг байсан бол одоо банкинд хийсэн иргэдийн хадгаламжийг хулгайлдаг боллоо" хэмээн мөнгөө төрөөс нэхэмжилж буйгаа илэрхийлсэн юм.