Японы “Жапан та�

Японы “Жапан таймс” сонины уламжилснаар, Токио хотын шүүх сүмогийн их аварга Асашёрюүгаас 100 сая йенийг залилангийн аргаар завшсан 78 настай Такео Кикүчи гэх бизнесмэнд 5.5 жилийн хорих ял оноожээ.

Такео Кикүчи өөрийн хамсаатан Такахару Күмадагийн хамтаар 2009 онд их аваргатай уулзахдаа, Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийн тулд гадаадад хадгалуулж буй алтан гулдмайнуудаа бэлэн мөнгө болгохоор шийдвэрлэсэн тухайгаа ярьсан аж. Тэгээд алтан гулдмайнуудыг хадгалуулсан төлбөрийг төлж, бэлэн мөнгөөр худалдахын тулд 100 сая йен яаралтай хэрэг болоод буйг учирлаад тусламж гуйсан гэнэ. Их аварга ч төдөлгүй тэдний гуйсан мөнгийг өгчээ.  Шүүх хурлыг даргалсан шүүгч Юкихико Имасаки сурвалжлагчид ярихдаа, “Такео Кикүчи, Такахару Күмада нарын их аварга Асашёрюүд хэлсэн бүхэн худал байсныг тогтоосон. Тэд их аваргын эх орноо гэсэн сэтгэл дээр тоглон энэ бусармаг луйвраа үйлдсэн. Их аварга сайтар хянаж шалгалгүй, дэндүү гэнэн итгэмтгий зан гаргажээ” гэсэн байна. Луйварт оролцсон Такахару Кумадаг шүүх хурал хараахан болоогүй байгаа ажээ.