УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан, “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, "Жорлонгоо өөрчилье" төслийн санаачлагч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. 

-Өглөө сэрэхэд л таагүй, хирдхийм мэдээллүүд угтдаг, айдас гэдэг зүйл нийгэмд тодорхойгүй түгшүүр зарлаж байх шиг. Та хүний эрхийн төлөө тэмцэгчийн хувьд сүүлийн үед гаарч байгаа хүчирхийллийн гэмт хэргүүдийг юутай холбон үздэг вэ. Эсвэл далд байсан зүйл цахим сүлжээ бий болсноор ил гарч, одоогийн хүмүүсийн өдөр бүр үзэн ядах шалтгаан нэмэгдчихэв үү? 

-Жигшүүрт хэргүүд өмнө нь ч үйлдэгддэг байсан. Цахим сүлжээ байгаагүй үед мэдээлэл нь одоогийнх шиг тэгтлээ олон хүнд хүрдэггүй байсан тал бий. 2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бидний хэдэн нөхөд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг батлуулж, энэ дагуу Тахарын алба байгуулагдаж байв даа. Хүчирхийлэлд өртсөн хүмүүс Тахарын албанд амьд мэнд зугтаж очдог, эрсдэлтэй өдрүүдэд толгой хорогдон аюулгүй орчинд орогнодог байтал 2016 онд шинэ Засгийн газар байгуулагдаж энэ газрыг татан буулгаснаар хэргийн хохирогч, гэрчүүд эрхээ хамгаалуулж чадахаа больсон юм. Хүчирхийлэл үйлдсэн хүний дэргэд үргэлжлүүлэн амьдарч байхдаа гарт нь амь насаа алдах тохиолдол илүү олон болж байна шүү дээ. Миний хувьд сүүлийн үеийн гэмт хэргүүдийн мэдээллийг уншиж байхад надад нэг л юм бодогдоод байгаа нь юу вэ гэвэл, хүчирхийллийн золиос болж амь насаа алдахаасаа өмнө оргож босоод ч гэсэн зугтаад очих газар нь байсан шүү дээ... гэж. Гэтэл хүмүүс одоо хүчирхийллийн эсрэг нийгмийн дуу хоолойгоор түрээ барин цаазын ялыг сэргээх гаргалгааг би буруу гэж боддог. Хүчирхийлэлд өртөөд байгаа хэсгээ хамгаалах нь хавьгүй чухал байтал хүчирхийлэгчийг цаазаар авахыг чухалчилж, энэ санаачилгыг дэвэргэж байгаад сэтгэл зовниж байна. Хүчирхийлэгч эрхээ хасуулан шоронд эдлэх ялтай, бүх насаар нь хорих шийтгэл ч бий. Цаазыг сэргээнэ гэдэг хүчирхийлэлтэй тэмцэх зөв арга биш.

-Таныг эмэгтэй хүн байж, хүний эрх гэж олон жил ярьсан, явсан байтлаа охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа бусармаг үйлдлийг цаазаас гэтэлгэх гэлээ хэмээн ойлгохгүй хүмүүс гарах байх?

-Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг хатуу шийтгэлтэй байх ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүр ой тойнд багтамгүй муухай хэрэг. Гэхдээ цаазын ялыг сэргээснээр гарах үр дагаварт л миний санаа зовоод байгаа юм. Хэрэв хүчингийн хэрэгт сэжиглэгдсэн хүн өөрийгөө өмгөөлөх чадваргүй байгаад, олон нийтийн уур бухимдлын эсрэг үнэн мөнөө баримтаар гаргаад тавьчих боломжгүйгээсээ хороогдвол яах билээ. Хэсэг хугацааны дараа хэрэг задарч, түүнийг цагаатгах баримт гарч ирэхэд нас барсан хүнийг яах гэж. Канад улс гэхэд л яг хүчингийн хэргээс болж цаазыг халсан байдаг. Тэнд хүчингийн нэг хэрэгтэнг цаазаар авснаас 20 жилийн дараа шинжлэх ухааны нэгэн нээлт гарсан нь эсийн шинжилгээ байж. Гэтэл тэрхүү цаазаар авахуулсан хүний эс хэрэг үйлдээгүйг нь нас барснаас нь 20 жилийн хойно бат нотолсон байдаг. Төр бол ямагт цэвэр шүүдэг, алдаагүй ялладаг институц биш учраас баараггүйн үүднээс ямар ч ялтныг амьд байлгах ёстой. 

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг яргалж байгаа бичлэг Төрийн ордонд дэлгэгдсэнээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг удахгүй суллах улс төрийн нөхцөл бүрдэж байх шиг. Та одоогоос гурван жилийн өмнө С.Зориг агсаны гэргий Б.Булганыг Төв аймагт хоригдож байхад анх залхаан цээрлүүлж байгаа талаар олон нийтэд дэлгэж байсан. “С.Зоригийн” гэх энэ хэргийн тухайд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн одоо баримталж буй байр суурь Танд хэр үнэмшилтэй санагдаж байна вэ? 

-Маш бодитой санагдаж байна. Анх Б.Булган юуны учир Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэрчлэх эрхээ хасуулав гэдэг нь л өөрөө том асуултын тэмдэг байсан. Амьд, цорын ганц гэрч Б.Булган шүү дээ. Тэр хүнийг шүүх хуралд оруулах гэхээр “Эд нар алаагүй” гээд хэлчих гээд, худал жүжиг төгсчих гээд байсан юм болов уу. Мөрдөн байцаалтынхаа шатнаас “но”-той болсон учраас гэрчгүй, дээр нь хохирогч, өмгөөлөгч үг хэлэх эрхгүй, маш үнэмшилгүй шүүх хурал. Хүчилж дэглэсэн энэ жүжгийг би хүний эрхийн наад захын хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйл явц боллоо гэдгийг тухайн үед ч шүүмжилж байсан. Хөдөлшгүй нотлох баримт байгаагүй учраас тэр олон хүний эрхийг зөрчихөөс аргагүйд хүрсэн гэж би боддог. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутгасан баримтыг шүүх эргэж хянаад, хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудыг нь үлдээгээд, хууль бусаар авагдсаныг хэргээс нь хасах ёстой. Тэгж байж л шүүх шийдвэрээ өөрчлөх, эсэхээ тогтооно.  

Б.Булган ээдрээтэй хэргийн, эр нөхрийнхөө үхлийн гэрч байсаар дуусаж байгаа нь манай үеийнхний гуниг шүү дээ.

-С.Зоригийг хэн хөнөөв, хэргийг хэн захиалав гэдэг асуулт ингээд 21 дэх жилдээ мухардаж байна. Өнгөрсөн хугацаанд талийгаачийн эхнэр Б.Булганд эргэлзэх сэтгэлзүй нийгэмд нэлээд газар авч амжлаа. Та бол С.Зориг агсаны амьд сэрүүндээ хэн байсныг ойроос гадарлах, мөн Б.Булганыг хоригдож байх зовлон зүдгүүртэй үед нь уулзаж ярилцаж, дэргэд нь байж чадсан хүн. С.Зоригийг хөнөөсөн хэрэг ба амьд мэнд цор ганц гэрч гэх энэ холбоос дахь Б.Булган гэдэг оршихуйн тухайд ямар бодол санаа Танд байдаг вэ. Ер нь Б.Булган ямаршуу хүн юм, хүн амины хэрэг нүдэн дээр нь болж эр нөхрөө алдсанаас хойших өнгөрсөн 21 жилийн хүнд хэцүүг яажшуухан туулж, юу санаж, юунд итгэж амьдардаг хүн бол оо. Энгийн эмэгтэйн сэтгэлзүй төдийгөөс өдий хүртэлх тээшийг дийлэмгүй төсөөлөгддөг?

-С.Зориг, Б.Булган хоёрыг номд үнэнхүү шимтдэг чанар нь, уншсанаа хоёр биедээ хуваалцаж, тэгээд тэр ертөнцдөө уусаж чаддаг нь нийлүүлсэн юм билээ. Аймшигт хэрэг явдлаас хойш Б.Булган гэж хачирхалтай амьдралтай, ойлгомжгүй нэгэн эмэгтэй бий болсон. Тэр ном уншиж л өнгөрсөн он жилүүдийг барж, тэсэж тэсвэрлэх учир шалтгааныг олж шүү дээ. Өөр газар орчинд аялж, янз бүрийн түүхтэй өөр хүмүүстэй танилцах боломж номд л байдаг. 2016 онд намайг Б.Булгантай уулзахаар очиход зөвшөөрөл өгөхгүй гээд, би үүдэнд нь суулт зарлаж байж нэг юм дотогш ороход тэр надад нэг л гомдол мэдүүлсэн. Юу гээч. “Намайг ном уншихыг хориглочихсон. Сэтгэл тайван баймаар байна. Би уншмаар байна. Тэд хураагаад авсан” гэж хэлсэн. Үнэхээр уншдаг хүн л шоронд ийм юм ярина шүү дээ. С.Зориг асар их уншдаг. Энэ нь түүний амьдралын хэв маяг байсан. Үүнээс би С.Зориг, Б.Булган хоёрыг сэтгэлийн амраг байж гэж боддог юм. Би Б.Булганыг оюунлаг чанар, мэдлэг боловсрол, дэлхий ертөнцөд өрнөж буй юмс үзэгдэл бүрийг сониучирхагч эрч хүчээ нийгэмдээ зориулж, бусдад зарцуулж чадаагүйд маш их харамсдаг. Б.Булган ээдрээтэй хэргийн, эр нөхрийнхөө үхлийн гэрч байсаар дуусаж байгаа нь манай үеийнхний гуниг шүү дээ. Тагнуулын ерөнхий газар Б.Булганы олон нийтэд өөрийгөө илэрхийлэх эрхийг анхнаас нь хорьчихсон учраас энэ хүн юу бодож санаж яваагаа 21 жилийн турш илэрхийлж чадаагүй. Тэр дуугүй байгаад байгаа нь өөрийнх нь буруу биш. Төр түүний эрхийг хассан. Хамгийн эмгэнэлтэй, аймшигтай шоглоомтой нь нөхрийнхөө авчирсан хүний эрхүүдээс хүн бүрийн наад захын эрх болох үг хэлэх эрхийг эдлэх эрхгүй нэгэн болж хувирсан даа. Түүнд ядаж шүүх хуралд оролцоод сэжигтнүүдийн талаар

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу