Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудыг “эзлэн” машинаа байрлуулдаг хувиараа такси үйлчилгээнд явж байгаа жолооч нарт хариуцлага тооцож, автобуснууд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, энэ чиглэлээр хяналт тавьж хурдан шуурхай арга хэмжээ авахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөнд даалгав.

Түүнчлэн хүүхдийн зуслангуудын бэлтгэлийг хангуулан, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад сайтар анхаарах, мөн 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.