​Сайн байцгаана уу. Энэ захиаг уншиж байгаа өдрийн халуун мэндийг хүргэе. Би одоо 28 настай. Зарим нэгний хувьд амьдрал гэр бүлээ зохиогоод аль хэдийн хөлөө олчихсон байдаг нас.

Зарим нэгний хувьд гэр бүл болж эхэлж байгаа бас аль хэдийн амьдрал үзчихсэн байдаг нас. Харин миний хувьд аль нь ч биш юм шиг. Тэгэхдээ өнөөдөр би энэ тухай ярих гэсэнгүй ээ. Өөрийн алдааг та бүхэнтэй хуваалцаж зарим нэгэнд сургамж болоосой, харин надад чин сэтгэлийн зөвлөмж ирээсэй л гэсэндээ бичиж байна. Би хотод төрж өссөн, ажил хийдэг 2 мэргэжилтэй, амьдралд ажилд өөрийн байр сууриа олох гэж буй жирийн л нэгэн бүсгүй. Хамгийн анх 21-тэйдээ хүнтэй үерхэх нь битгий хэл хөтлөлцөж ч үзээгүй байхдаа найз охиныхоо ахтай нь үерхэж байлаа. 6 жил үерхсэн. Бүх л зүйлээ зориулсан. Маш сайн залуу. Их дуулгавартай, тусархуу, бас сайхан сэтгэлтэй. Би их сургуулиа төгсөөд ажил хийгээд жилийн дараа 23-тайдаа гэрийнхнээсээ тусдаа гарч өөрөө амьдралаа болгоно гээд байр түрээслэн амьдарч найз залуугаа хажуудаа авчирсан юм.

Эхэндээ миний ажил хийж олдог цалин бид 2-т хангалттай хүрэлцээтэй, дажгүй байдаг байсан хэдий ч мэргэжил байхгүй түүнийгээ нийгэмд байр суурь эзлүүлэх гэж өөрийнхөө ажиллаж байсан компанид засварчингаар оруулаад гэрээ хөөрхөн тохижуулаад л овоо байдаг байлаа. Гэтэл хэдэн сарын дараа манай найз залуу ажлынхаа хамгийн хэцүү залуутай нийлж шөнө орой орж ирэх, хонуут өнжүүтээр явах, янз бүрийн хүүхнүүд залгах, утсан дээр нь бас янз бүрийн хүүхнүүдийн зургийг хадгалах зэрэг асуудлууд гаргадаг боллоо. Асуухлаар би чамайгаа хуураагүй ээ хамт ажилладаг газрын маань хүн ингээч гээд хамтдаа байсан юм гээд л худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм их ярьдаг болсон. Би ч тэр үедээ юмыг сайн бодож тунгаадаггүй их ч омголон байж дээ. Уурлаж хэрүүл нэхээд л тэгэх тусмаа найз залуугаа өөрөөсөө түлхэж байгаагаа мэдээгүй. Удалгүй ажлаас нь гаргаж өөр газарт оруулсан ч бас л тэндэхийнхээ эмэгтэйчүүдтэй холбогдож нэгэнтэй нь илт их л дотно байдаг болсон юм.

Нэг орой би залгаад байхлаар нь утсыг нь аваад эхнэртэй хүнээр битгий оролдоод бай гэж муухай хэлэн хэрэлдсэн. Тэгээд л найз залуугаа чи намайг сонго энэ хүүхнээ сонго гэхэд мэдээж чамайг шүү дээ гээд л өнгөрсөн. Даанч тэр шөнөө нөгөө хүүхнийг согтуу залгахад, хаа байгаа газар нь очиж гэрт нь хүргэж өгөх ёстой гээд гарч явсан юм. Битгий л дээ гэж уйлаад гуйхад хаяад гарсан. Хэдий тэр шөнөдөө буцаж ирсэн хэдий ч эмэгтэй хүн тийм байдаг юм уу би тийм юм болов уу гаднаа уучилж хамтдаа амьдралаа үргэлжлүүлсэн хэдий ч нэгэнт гомдсон зүрх маань уучлаагүй ээ. Маргаашнаас нь би ажлынхаа бүсгүйн хэлж өгснөөр интернет чатаар орж өөр залуустай ярилцдаг болж эхэлсэн. Арчаагүй ч бол доо нэг залуутай нь уулзаж унтсан. Бодвол хариугаа авч байгаа нь тэр юм байлгүй. Миний зан ааш хувираад ирсэн чинь найз залуугийн маань тавьдаг анхаарал илүү болж эхлээд бүгдийг надад өртэй юм шиг хийж би нэг л эзэн тэр нэг л боол нь юм шиг амьдарч эхэлсэн. 5 жил сайхан байна гэж бодсон үерхэл маань нурж сүүлийн нэг жилд нь засаж залруулах гэж оролдсон ч бүтэлгүйтээд 2 тийшээ болсон.

Харин би 7 сарын өмнө нэг залуутай танилцаад үерхэх хамтран амьдрах явалдах 3-н дундуур л холбогдсон. Хамгийн сонин нь өмнөх залуутайгаа би ирээдүйд хамт амьдарна гээд л шууд дотно харьцаанд орж үерхэл гэдэг зүйлийг амталж үзээгүй байсан бол энэ залуутай бол үерхэл гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь амссан юм шиг санагддаг. Өмнөх залуугаа хайр сэтгэлээр биш таньдаг хүн маань гэж эгчийнх нь ятгаснаар хоорондоо үерхсэн бол энэ залуутай жинхэнэ бие биендээ сэтгэлээ өгч нийлсэн. Гадуур болзсон өдөр бүр маань яг л хүүхдүүд шиг тоглох зугаалах зайрмаг идэх гээд л залуу хүүхдүүд яаж үерхдэг шиг нандин байсан. Дотно харьцаанд ч орж би 3 сарын өмнө жирэмсэн болсноо мэдсэн.

Өмнөх залуутайгаа 6 жил болоход хүүхэдтэй болоогүй байж энэ залуугаас хүүхэдтэй болсон. Мэдээж баярлаж гаргахыг чин сэтгэлээсээ хүссэн. 27-той эмэгтэй хүн найзууд нь бүгд хүүхэдтэй болсны дараа хүүхэд хүсэж хүсэж тээх ямар гоё гээч. Хүүхэдтэй болсноо хэлэхэд маань харин надаас өмнө уулзаж байсан бүсгүй нь жирэмсэн, одоо овоо хэдэн сартай, хүлээн зөвшөөрч би ч тэр ч гэринйхэнтэйгээ уулзуулж танилцуулсан гаргаж хамт амьдрахаар шийдсэн байгаа. Хэдий ийм ч чам руу ярихгүй байж чадахгүй уулзахгүй байж чадахгүй болтол сайн болчихсон уучлаарай. Би тэр хүнийг хүүхдээ авахуул гэж хэлж чадахгүй, харин миний хүүхдэд хэн нэгэн эцэг болоод явахыг би зөвшөөрөхгүй.

Чинийх одоо бол цэг төдийхөн эрхий хурууны хумсны толиохон төдий байгаа шүү дээ, би чамтай нийлэхгүй юм чинь чи ирээдүйгээ баллаж байхаар авахуулаач гэсэн. Би эцэгтэй эцэггүй хамаагүй гаргахаар шийдсэн ч 10-аад хоногийн өмнө хүүхэд маань зулбачихсан. Мэдэхгүй ээ ээж болон гэр бүлийнхэн маань ухаантай амьдраарай гэдэг болохоос тусдаа байдаг миний амьдралд юу болоод байгааг даанч сайн мэдэхгүй. Өөр өөрсдийн гэсэн гэр бүлтэй, ээж маань болохоор өөрийхөөрөө шийд гэдэг, би ч өөдөөсөө үг хэлүүлдэггүй дураараа л даа. Ээж маань хүүхэд хөтлөөд явах гоё, нэг олдсон хүүхдийг эцэгтэй эцэггүй гаргаад хүн болго гэж дэмжиж байсан ч яалтай ч билээ дээ.

Одоо энэ 2 залуу 2-уулаа над руу ярьдаг. Эхний залуу маань өнгөрсөн бүгдийг мартаад бүгдийг шинээр эхэлнэ. Байр орон сууцанд санаа зовох хэрэггүй. Би урьдынхаасаа өөрчлөгдсөн гээд л. Гэр бүлийнхэн нь ч их дэмжинэ. Сүүлийн залуу маань болохоор чамд санаа зовохгүй амьдарч чадахгүй нь зүгээр л ярьдаг найзууд байя, бас хааяа уулзах гэнэ. Дургүйцэхэд минь зүгээр л өмнөх бүсгүй бол яалт ч үгүй хүүхдийг минь тээгээд томруулчихсан, чи бол миний хамтдаа байхыг хүсэж, бодогдоод байдаг бүсгүй нь гэсэн. Миний сэтгэл харин одоо хоосорчихжээ. Жирэмсэн болсноо мэдээд хотоос зугатаж, хүүхдэд цэвэр агаар нь хэрэгтэй гээд Тэрэлжид байрлаж амьдардаг томоохон зочид буудлын оффист ажил хийх болсон. Тэгээд л 2 сар гарантай 3 сар болох гэж байсан хүүхдээ зулбуулчихаад яахаа мэдэхгүй хэцүү л байлаа. Харин одоо бол би энд ирснээс маань хойш намайг эргүүлээд байгаа тогооч залуутай найзалж эхэлсэн.

Одоо тэр залуу л надад хамгийн сайн сэтгэлийн эм болоод байна. Хөдөөний, хотод гэр байхгүй шууд аймгаасаа энд ирж байрлаж амьдраад 4, 5 жил болсон жирийн л залуу. Анхны үерхсэн залуутайгаа би буцаж нийлвэл ар гэр нь дэмжээд санхүүгийн хувьд найдвартай болно. Энэ ажлаасаа гарна. Харин 2 дахь залуу бол насан туршдаа надтай холбоотой байж яаж амьдарч байгаад маань анхаарал тавина, эхнэр хүүхдээ ч гэнэ гэж хэлдэг. Одоо уулзаж буй залуу маань хамтдаа цаашид болж бүтээд явах юмсан. Хамтдаа амьдарвал хөдөөнөө очиж амьдарна гэнэ. Нэг өдөр хот руу дагуулж явснаа хөдөөнөөс хотод түр ирээд байгаа гэрийнхэнтэйгээ хүртэл уулзуулсан. 28 нас хүртлээ 3 залуутай уулзаж үзлээ. Надад одоо эр хүн үнэндээ сонин биш болчихжээ. Би хувьдаа л өөрийн гэсэн сайхан байр орон сууцтай болоод ээжийтэйгээ 2-уулаа энгийн сайхан ажлаа хийцгээгээд л амьдармаар байдаг. Энд карьер хөөх юм уу дахиж сурах хүртлээ баймаар байдаг.

Тэгэхдээ хосоор амьдардаг хорвоод ганцаараа байна гэдэг ч худлаа байх л даа. Одоо бол эхний залууг гэх үү, 3 дахь залууг гэх үү, бүр мөсөн ирээдүйд сайн залуу гарч ирнэ гэх үү, хэнд нь ч итгэж чадахгүй байна. Яадагч л байсан би амьдралд бол хайртай. Амьдрал бол уг нь сайхан шүү дээ