Сонгууль ойртохоор л халамж, үйлчилгээний яриа дэгдэж эхэлдэг  гэдгийг өдгөө ард түмэн мэддэг болсон. Тэгвэл ирэх жилийн сонгуулийн шоуг МАН эхлүүлж буй бололтой. Учир юу гэхээр, тус намын бүлэг өчигдөр хуралдсан юм.

Энэхүү хуралдаанаараа  иргэдэд гурван хувийн хүүтэй 20 сая хүртэлх төгрөгийн "Итгэлийн" зээл олгох хуулийн төслийг өргөн барихаар болсон тухайгаа зарлав. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Монгол Улсын 869.8 мянган өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтмол орлоготой байлгах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Барьцаа хөрөнгөгүйгээс иргэд банкны зээлд хамрагдаж чадахгүй байна. Энэ төсөлд барьцаа шаардахгүй, бага хүүтэй зээл олгох боломж бүрдэнэ. Нийгмийн итгэлцлийг бий болгосноор иргэд амьжиргаагаа өөд нь татах боломж бүрдэнэ. Банкнаас зээлдэгчдийн судалгаагаар иргэдийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэл зээл авдаг. Тиймээс Итгэлийн зээлийн дээд хэмжээ 20 сая төгрөг байна. 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авч болно. Зээлээ хугацаандаа эргэн төлсөн тохиолдолд дараагийн зээл авах боломж олгоно. Зээлийг төр хариуцаад Төрийн банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй олгохоор төсөлд тусгасан.  

МАН гурван жил төрийн эрхийг барьж суухдаа олж хараагүй ядуурал, ажилгүйдлийг ганцхан жилийн дараа хугацаа нь дуусах гэж буй энэ цаг үед нүдээ нээв үү, Уг нь энэ нам мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн хямралаас гаргана, ажлын байрыг нэмэгдүүлнэ зэргийг дэвшүүлж "Бид  зүтгэнэ, Хамтдаа хөгжинө" гэсэн. Хаа байна хамтдаа хөгжиж байгаа нь. Арилжааны банкууд нь 8 хувийн зээлтэй зээлээ ч гаргаж өгөх тэнхэлгүй болсон байхад МАН-ын шийдвэрээр гурван хувийн хүүтэй 20 сая төгрөгийг барьцаагүйгээр тавиад туучихна гэдэг юу л бол. 

Уг хуулийн төслийг УИХ-ын 27 гишүүн санаачилсан гэнэ. Засгийн газар болоод бусад байгууллагын саналыг аваагүй байгаа байж ингэж шоу хийх нь хэнд ашигтай вэ? Нөгөө мянган ярихаар үнэн болдог гэдэг шиг иргэдийн эмзэг сэдвээр нь сэдэл өгч сонгуулийн саналыг урвуулах явуургүй арга хэрэгжүүлэх гэж байгаа болов уу гэх хардалтыг хэн  бүхэнд төрүүлээд байна.

Тэгээд ч энэхүү бага хүүтэй зээл тус намын гишүүдийн ярьсан шиг очих ёстой эзэндээ хүрчих нь гэж бодогдохгүй л байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг хэрхэн, яаж ууж идсэн булхай нь ил болчихоод байхад үүнд нь иргэдийг итгэнэ гэж сэтгэх нь өрөвдмөөр.