Тавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ Гэр бүлийн өдөр хэмээн тэмдэглэдэг. JCI -монгол залуустай хамтран дуучин Заяа  "Happy Family" зөв давалгаа, эерэг нөлөөлөл уриатай нэг сарын аяныг эхлүүлж нээлтээ хийлээ. 

Энэхүү аяны нээлт залуучууддаа гэр бүлийн боловсролын талаар болон гэр бүл төлөвлөлт, хариуцлага сэдвээр  лекц, сургалтаар эхлүүлсэн юм. Доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ "Гэр бүл ба үүрэг хариуцлага" сэдвээр хүрэлцэн ирсэн оюутан залуустай чөлөөт ярилцан сургалтаа явуулав.

Тус аяныг санаачлагч нэвтрүүлэгч Ч.Одзаяа, Дуучин Заяа нар "Гэр бүлийн үүрэг" сэдвээр чөлөөт ярилцлага хийлээ. Мөн Мэргэжлийн кик бокс, муа-тай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан "Спорт ба хүмүүжил" сэдвээр  залуустай  ярилцаж, асуулт хариултад хариулсан юм. Түүнчлэн "Полиси" төвийн захирал Г.Эрдэнэгэрэл "Өрсөлдөх чадвар" сэдвээр  лекц илтгэлийг тавилаа.

Энэхүү аян нь "Happy Family" зөв давалгаа, эерэг нөлөөлөл уриатай нэг сар үргэлжлэх бөгөөд цаашдаа бүтэн нэг жилийн турш залуустаа зориулсан олон өгөөжтэй арга хэмжээг явуулна гэж зохион байгуулагчид онцолсон юм.