Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх дуулиан саарал ордноос эх аван улстөрийн хүрээнээс хальж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Авлигын мөнгө урд хөршөөс орж ирсэн тул БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхны ч анхаарлыг татсан гэх шуум намжих бус Төрийн ордонд бүр хүчтэй яригдаж байна. Яригдах яригдахдаа “Монголын сайдын 10 сая ам.доллар шилжчихлээ” гэж байсан мэдээлэл даамжирч, эл дүн зөвхөн урьдчилгаа төдий байсан гэлцэж эхлэв. Өөрөөр хэлбэл, авлигын хэмжээ 10 биш бүр 40 сая ам.доллар бөгөөд ганц сайдаар тогтохгүй, Хүүкийн танхимын гол тоглогчдын хэтэвчинд орох ёстой юм байх.

Мэдээлэл гарч эхэлснээс хойш улс төрийн хүрээнд ийм их хэмжээний авлигад холбогдох цөөн тооны салбар байгааг хэвлэлийнхэн нэрлэж байгаа. Бүр авлига авсан сайд нар хэн бэ гэх таамаг дэвшүүлж зарим нэгийг нь уйлуулж, уурлуулж эхэлсэн. Тухайлбал, Эрчим хүчний сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдуудын нэрс хүчтэй яригдаж, хардлагын бай болоод байсан юм. Гэтэл өнөөдрөөс Барилга, хот байгуулалтын яам болоод Хөрөнгө оруулалтын нэгэн сангийн хэсэг бүлэг нөхөдтэй холбоотой шуум тарж эхэллээ. Бүр Цэвэрлэх байгууламж руу ч жим татан, хөтөлж мэднэ гэдгийг хэлж байна.

Уг нь эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр “…Чи сайдууддаа концессын гэрээ хуваарилж, авлигын Засгийн газар бүрдүүлсэн. Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна” гээд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газраас гарч байв.

Ерөнхий сайд болсныхоо дараа ч “…Авлига авсан хэнийг ч өршөөхгүй” хэмээн хатуу мэдэгдээд “Миний бие Монгол төрийг ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, ард нийт нь миний төр, бидний засаг хэмээн хүрээлсэн сайн засаг байлгахыг үнэн сэтгэлээсээ зорино. Эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаална. Эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлахгүй. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна” хэмээн хэлж байсан. Харамсалтай нь, түүний сайдууд ард түмэнд хүрэх ёстой ЖДҮДС-гийн мөнгийг эн тэнцүү хуваан хүртэж, олны бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн тул Я.Содбаатарыгаа ганц нэг агентлагын даргын хамт золиослон асуудлыг түр намжаасан. Гэтэл түүний танхимын нэг гишүүн ийнхүү урьд хожид дуулдаагүй өндөр дүнгээр авлига авсан байж болзошгүй мэдээлэл хоёр улсын ард иргэдийн дунд амнаас ам дамжин цацагдаж эхэллээ. Тэр дундаа тэр, энэ сайдыг нэрлэн уйлуулж байсан хардлага өнөөдрөөс Барилга, хот байгуулалтын яамыг чиглэн хүрээгээ хумиж байна.

niigmiintoli.mn