Өнгөрсөн ээлжит бус чуулганаар батлагдаж, өнгөрсөн долоо хоногт ёсчлон батлагдсан Татварын багц хуулийг УИХ-аас Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байсан. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн мягмар гарагт Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байгаагаа мэдэгдэж албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм.

Гэтэл энэ албан бичиг буюу Ерөнхийлөгчийн тавьсан хориг алдаатай байгааг Сангийн сайд мэдэгдлээ. Тэрбээр " "Татварын хуульд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон хууль хориг тавьчихжээ" хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд санаатай ч юм уу санамсаргүй ч юм уу алдаа гаргаж, Төрийн тэргүүний нүүрийг улалзуулав. Тэд алдаа гаргаснаа ч хүлээн зөвшөөрсөн юм. Тодруулбал, өчигдөр Ерөнхийлөгч Татварын хуульд хориг тавих тухай албан бичгийн зарим хэсэгт залруулга хийж, УИХ-ын даргад хүргүүлэв.

Ингэхдээ " Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсан байх тул хоригийн төгсгөл хэсэгт байгаа “Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэж, “Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэж тус тус залруулж байгааг Улсын Их Хурлын гишүүдэд уламжилж өгөхийг хүсье.

Хуулийн нэрийг андуурч бичсэн техникийн алдаа нь хоригийн утга агуулгыг алдагдуулахгүй боловч ажил үүрэгтээ хайнга хандсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны хариуцлагагүй үйлдэл мөн тул Төрийн албаны тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэсэн болно" гэжээ.

Гэхдээ энэ бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэг ажилтан хариуцлага хүлээгээд өнгөрөх зүйл биш. Тамгын газрын ажилтнуудынхаа гаргасан алдааг хянаагүй, Төрийн эрх барих дээд байгууллагад алдаатай баримт бичиг хүргүүлсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч бас хариуцлага хүлээх ёстой. Бүх л бүтэн улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ийнхүү олны доог дохуу болмоор үйлдэл гаргаж байгаад З.Энхболд дарга буруутай. Иймээс З.Энхболд дарга аа, та хариуцлагаа хүлээж, ажлаа хүлээлгэж өгнө үү!

П.АНИР
Оллоо.мн