Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал татарсан хэвээр, Оюу толгой тойрсон улстөржилт хүчтэй өрнөсөн, эдийн засгийн гол үзүүлэлтүүд ирэх сар, жилүүдэд эмзэг болно гэх таамаг шинжээчдийн дунд давамгайлсан ийм цагт гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудах том гарц бол эдийн засгийн чуулга уулзалтууд.

Саяхан “Блүүмбэрг Монголиа”-гаас зохион байгуулсан “Шинэ эдийн засгийн форум” чуулган шинэлэг хэлбэртэй, цаг үеэ мэдэрсэн сэдвүүдтэй, чанартай оролцогч, модераторуудтай дажгүй боллоо.

Ер нь хөрөнгө оруулагчдыг даллаж дуудахад чиглэсэн иймэрхүү арга хэмжээнүүдийн үр дүн төр, засгийн өндөр төвшний хүмүүсийн оролцоогоор хэмжигддэг бичигдээгүй хууль бий. “Шинэ эдийн засгийн форум”-ыг энэ өнцгөөс анзаарвал тун дажгүй, үр өгөөж өндөр болж өндөрлөлөө. Бүр тодруулж хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоо онцолж хэлэхээр хэмжээнд байв.

Монгол улсын Ерөнхийлөгч чуулган ид өрнөсөн үед болон хаалтынх нь үеэр ирж байр сууриа илэрхийлсэн юм. Төрийн тэргүүн чуулганы үеэр үг хэлэхдээ бизнесийн холбоодыг хүчирхэгжүүлье, Засгийн газарт лобби хийх чадал чансаатай болгоё, төрийн бизнест хутгалддаг явдлыг таслан зогсооё, бизнес эрхлэгчдээ дэмжье гэсэн утгатай үг унагаж, танхимд цугласан бизнес эрхлэгчдээс алга ташилт хүртэл сонсоод амжсан билээ.

Ингээд ч зогсоогүй чуулганы хаалтын үеэр цаг гаргаж үг хэлсэн нь хөрөнгө оруулагчдад таатай сэтгэгдэл төрүүлсэн нь тодорхой. Төрийн тэргүүн “Монгол Улсын төр өнгөрсөн 30 жилд маш олон тогтоол, шийдвэр гаргасан. Гэвч, хэрэгжиж байгаа зүйл алга. 2010 онд хамтарсан Засгийн газар ажиллаж байхдаа маш сайн тогтоолууд гаргасан хэдий ч 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох ганцхан тогтоол л хэрэгжсэн. Бусад нь эхлээгүй, ажил болоогүй. Ингээд сонгуулиар дараагийн УИХ, Засгийн газар бүрэлдэж өөр чиглэл рүү явчихдаг. Бодлого ийм тодорхой биш байхад бодлого дагаж хөгждөг бизнесүүд өндийхгүй” гэж хэлнэ лээ. Үнэн л дээ. Төрийн бодлого залгамж халаагүй, нэг Засгийн газар гарч ирээд нөгөөхийнхөө бодлогыг үгүйсгэдэг, дөрвөн жил тутамд яамдын нэр солигддог гэх мэт нь бизнес сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Монголын төр засаг солигдох болгонд баталсан хууль, барьсан бодлогоо өөрчилж, хийсэн гэрээгээ эргэж харна гэдэг. Энэ байдал ерээд оноос өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа. Ерөнхийлөгчийн хэлсэн шиг бодлого нь залгамж халаатай болчихвол гадаадын хөрөнгө оруулалт сэргэж, эдийн засаг өсөх нь тов тодорхой.

Гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхпэгчдээс “Монголд мөнгөө хийхэд хамгийн хэцүү саад юу вэ” гэж асуухад “Татвар өсөх бол асуудал биш. Хамгийн том саад бол улстөрийн тогтворгүй байдал” гэсэн хариу хэлдэг. Ерөнхийлөгч энэ эмзэг талыг олж хараад байр сууриа илэрхийлсэнд олзуурхаж байна.

Бизнест хутгалдаж албан тушаалаа мөнгө олох хялбар хэрэгсэл гээд харчихсан улстөрчдөд хандсан хатуу үгийг Ерөнхийлөгч форумын төгсгөлд хэлснийг онцолъё. Төрийн тэргүүн “Тавантолгой, Эрдэнэт, нүүрс гэсэн хэдхэн зүйлээр УИХ-ын гишүүд нь бизнес хийдэг байдал зогсохгүй байна. Улс төр рүү орж байж амьдардаг, бизнес нь бүтдэг тогтолцоог бид халах ёстой. Худалдаа аж үйлдвэрийн танхим ч одоо шинэчлэгдэж, мэргэжлийн холбоо болох ёстой. Мэргэжлийн холбоо улс төрийн, намын харьяалалгүй байж, үнэн бодит мэдээллийг өгч байх шаардлагатай. Тэдгээр нь Америкийн худалдааны танхим зэрэг танхим, холбоод шиг хүчтэй, УИХ, Засгийн газартаа лобби хийж, нөлөөлж чаддаг байх хэрэгтэй” гэж “Шинэ эдийн засгийн форум”-ын индрээс онцолсон юм.

Н.ДОРЖ