"Нийгмийн Ардчилал" Монголын оюутны холбооноос "CREATIVE STUDENT PROGRAM" сургалтыг залуусын хот Дархан хотоос гараагаа амжилттай эхэлж Нийслэл хотноо Отгонтэнгэр их сургуулийн 160 оюутанд үргэлжүүлжээ. Оюутны эрхийн өдрийг тохиолдуулан МАН-аас УИХ-д 26 суудалтай гишүүнтэй бүлгээрээ дамжуулж төрийн сангийн зээл, тусламж байхгүй болсон. Энэ хуулийг буцаан сөхөхийг уриалж байгаа юм байна.

Ингээд тус оюутны холбооны нарийн бичгийн дарга Д.Гантулгатай ярилцснаа уншигч та бүхэндээ хүргэе. Тэрбээр оюутны тэтгэлэг болох 70 мянга олгогдож эхэлснээс хойш төрийн сангийн зээлээр суралцах ямар ч боломжгүй болсноор олон чадварлаг, хичээлдээ сайн оюутнууд сургалтын төлбөрөө төлж чадахгүй байна хэмээн сэтгэл эмзэглэн ярьж байсан юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа эхлэхийн өмнө та өөрийгөө уншигчдадаа танилцуулна уу?

-Нийгмийн ардчилал монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Удирдлагын акадамид удирдахуйн чиглэлээр докторын ангийн хоёрдугаар дамжааны оюутан Д.Гантулга.

-Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо өнөөдрийн байдлаар оюутандаа чиглэсэн ямар үйл ажиллагааг явуулж байна?

-Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо МАН-ын дэргэд үүсгэн байгуулагдаад 10 гаруй жилийн хугацаанд улс төрд залуучуудын дуу хоолойг хүргэх буцаад улс төрчдөөс болон олон нийтээс гарч байгаа тэрхүү шийдэл санаануудыг буцаагаад нийгэмд хүргэж байгаа. Нэг үгээр хэлбэл, залуучууд төр хоёрын хооронд гүүр болох үүрэгтэй үүсгэн байгуулагдан ажилласан. Энэ ч утгаараа өнөөдөр МАН-ын улс төрийн залуу том лидерүүдээс авахуулаад  эгэл жирийн өөрийнхөө амьдралыг өөдөн татаж, нийгмийн амьдралд идэвхитэй яваа олон сайхан залуучууд энэ холбооноос бэлтгэгдсэн байдаг. Үүгээрээ  ч Монголын оюутны холбоонд ажиллаж байгаа залуучууд маань нийлээд монголын 170 мянга гаруй залуусын 1 хувьд нь  эерэг өөрчлөлтийг хамтдаа уриалья, хамтдаа илүү хүчтэй, боловсролтой, ур чадвараа ахиулж улс орнынхоо бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс "Creative student" гээд "бүтээлч-оюутан, бүтээлч- сурагч" гэсэн хөтөлбөрийг оюутнууд болог ахлах ангийн сурагчдад аа зориулж сургалтаа эхлэсэн.

Энэхүү ажлаа залуучуудын хот болох Дархан хотоос эхлүүлэн хамгийн анхны хөтөлбөрөө амжилттай дуусгасан байгаа. Дараа нь их, дээд сургуулиудаар хөтөлбөрөө эхлүүлье гээд "Отгонтэнгэр" их сургууль дээр зохион байгууллаад дууссан. Одоо тун удахгүй Дунд-Говь аймаг руу явах гэж байгаа энэ мэтчлэн бид нар оюутан, залуус олноороо төвлөрсөн 9 орон нутаг, мөн монгол улсын хэмжээнд байгаа их, дээд сургуулиудад энэ хөтөлбөрөө зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.

-Оюутнууд энэхүү сургалтанд хэр идэвхитэй оролцож байна. Мэдээж хэрэг оюутнууд өөрсдөө гар бие оролцож байж та бүхэн ажиллах эрч хүчийг олж авдаг байх?

-Ер нь бол оюутны талаарх нийгмийн ойлголт нь фэйсбүүк, твиттерээр хэссэн, нийтийн тээврээр үнэгүй зорчсон, пирошкины хэрүүл хийгээд байж байдаг хүмүүс гэж хараад байх шиг байгаа юм. Би залуучуудыг нийгэмд  мэдрэгээр хандаж соргог байж чаддаг гэж би боддог. Тийм ч учраас өөрийгөө хөгжүүлье, үеийнхэнтэйгээ хамдаа хөл нийлүүлэн алхая, ядаж л хичээлдээ онц авья гээд бүүр цаашлаад аятайхан ажил төрөл хийе, амьдралаа сайхан авч явья гээд залуучууд маань маш их эрч хүчтэй, тэмүүлэлтэй байна.

Тэр ч битгий хэл Улаанбаатарт  байгаа оюутан залуучуудаасаа илүү орон нутгийн залуус бүр их хүсэл тэмүүлэлтэй. Яагаад гэвэл хол байгаа учраас бид үеийнхээ залуусаас хоцорчих вий үеийнхэнээсээ нэг ч гэсэн алхам илүү явахыг хүсдэг болж. Орон нутагт байгаа гээд хөгжлөөс хоцрохгүйг хичээж өөрсдийгөө дайчлах хүч байгаа нь их харагдсан. Сая Дархан хотод үндсэндээ 6 лектор 4 хоногийн хугацаанд очиж ажилласан юм. Энэ хугацаанд бид нар 36 уулзалт, лекцийг зохион байгуулсан. 10 их, дээд сургууль болон 20 гаруй ерөнхий боловсролын сургуулийн сурагчтай 20-оод уулзалт хийхээр анх төлөвлөж очсон. Гэвч очсон өдрөөс авахуулаад манай ангийнхан, багш нар энэ сургалтад хамрагдаж чадсангүй ээ гээд анги, дотуур байр дээрээ уулзалтын өрөө танхимаа өөрсдөө санаачлага гаргаад бэлдээд ирээд лекцээ тавиад өгөөч гэсэн хүсэлтийг их ирүүлсэн. Энэ талаас нь харах юм бол залуучууд мэдье, сурья гэсэн хүсэл их байгаа нь харагдсан юм. Үүгээрээ ч бид нар  2236 залуучуудад, багш нар, нутгийн иргэдтэй уулзсан байгаа. Буцаагаад 690 залуу 4 ангид хуваагдаад 5 хоногийн турш бүх багш нараас нэг нэгээрээ хичээлээ аваад "Creative student program"-ийн хөтөлбөрт бүрэн хамрагдаж батламжаа гардаж авсан юм. Тэд энэ хөтөлбөрт хамрагдах хугацаандаа 550 хүүхэд нэг ч удаа хичээлээ таслаагүй бас хоцроогүй. Ингээд Дархан-Уул аймгийн "Гинжин холбоо" клуб  байгуулаад өөрсдөө бүтээлчээр Дархандаа юу хийж болох вэ гэдэг зүйл рүү орсон байгаа.

Энэ бүхнээс харахад  залуучуудын сурья, мэдье гэсэн хүсэл эрмэлзлэл дүүрэн байгаагийн нэгэн илрэл. Мөн нийслэлд Отгонтэнгэр их сургууль дээр 160 гаруй оюутныг хамруулахад мөн л адил таслалт, хоцролт амжилттай сургалтандаа хамрагдан батламжаа гардан авсан.

Өнөөдөр залуучууд нийгэмд хойрго, залхуу байгаа юм шиг харагдаад байна гэхээр сурах хөтөлбөрүүд байхгүй болохоор. Магадгүй спортын үйл ажиллагаа их байгаа учраас хүмүүс залуучууд спортод дуртай гэж боддог байх.

-Сүүлийн үед залуучуудыг нам дагаж гүйх болсон гэж их шүүмжлэх болсон. Цаашлаад улс төрд орох сууриа тавиад байна гэх хардлага ч бий. Энэ талаар таны бодол?

-Одоогоос 4 жилийн өмнө үүнтэй адилхан үзэл бодолтой байлаа. Үеийнхээ залуучуудыг улс төрийн нам сонгож орж байхад та нар залуу хүн байж намын харьяалалтай боллоо. Намын үзэл бодлоор талцаж нэгэнтэйгээ тэмцэж амьдарна гэдэг чинь утгагүй юм биш үү  гэж хэлдэг залуусын нэг нь байлаа. Тэр үед би "Сан" дээд сургуульд сурдаг оюутны холбоог нь удирддаг байсан. Одоо бол тэр бодол өөрчлөгдсөн ганцаараа явж байхад энэ нийгэмд чинь хэн ер нь хариуцлага хүлээх юм. Мөн оюутны дуу хоолойг нь хүн төрд хүргэх хуультай бол намыг удирдаж байгаа хүмүүст залуучуудын үгийн хэн хүргэж өгөх үү? Тэгэхээр бас бидний хэн нэг нь л хүргэж өгнө тэгэхээр тэд нарын нэг нь би бас яагаад байж болохгүй юм бэ? гэж бодсон. Харин нөгөө утгаар нь харах юм бол энэ улс төрийг бохир гэж яриад байгаа. Би бол бохир гэхээсээ илүүтэй иргэд, сонгогчид болсон залуучууд өөрсдөө идэвхгүй байгаагаас болж улс төр их бохир харагдаж байгаа. Яагаад гэвэл, ихэнхи хүмүүс энэ үүрэг, хариуцлагаас зугтаагаад байгаа болохоор хэн өнөөдөр улс орныг удирдаж байна гэхлээр тэр хэдийн оронд өөр хүсэл сонирхолтой байгаа хүн орж ирээд улс орныг чинь удирдаад байна. Магадгүй зарим хүмүүс нь авлига хээл хахуульд нь оролцоод явж байх жишээтэй. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр залуучууд өөрсдийгээ зөв гэж боддог, зөв амьдарч чаддаг юм бол тэр хүнээс нь ажиллах хэрэгтэй юм. Ингэж байж энэ улс орон чинь илүү хүчтэй хөгжинө. Ер нь бол залуучуудын хамгийн түрүүнд хийх ажлуудын нэг нь үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Өнөөдөр юу болж байна, юу болохгүй байгааг нь хэлэх хэрэгтэй. Ингэж хэлнэ гэдэг нь өөрөө улс төрийн асуудалд идэвхтэй орж байгаагийн нэг илрэл. Улс төрчид хөдөө орон нутгийн иргэдтэйгээ уулзаад юу хийх вэ гэж санал асуух уулзалтад хоёр төрлийн хүмүүс хамгийн түрүүнд ирж байна. Нэг нь төрийн албан хаагчид, нөгөө хэсэг нь ахмадууд юм. Тэгээд тэд ерөөсөө цалин, тэтгэвэр нэм гэдэг байр суурийг илэрхийлдэг. Уулзалтаас буцаж ирээд тэд цалин, тэтгэвэрээ нэмдэг л ажил хийж байна. Гэтэл үүнээс том ажлууд маш их бий.

-Тухайлбал, ямар ажил?

-Залуучуудын гэр орон яах ёстой вэ? Тэд юу хүсч мөрөөдөж байгаа юм. Орон нутагт ямар хөгжлийг авч ирж байгаа юм. Гэтэл өнөөдөр улс орны лидерүүд юу хийх вэ гээд яриад явж байхад очиж оролцохгүй байна вэ гэдэг нь нөгөө залуучууд үгээ хэлээд байдаг тэр нь улс төрийн шийдэл болохгүй байгаа учраас хэлээд ч нэмэргүй юм байна гэх мэдрэмжийг авсан юм болов уу гэж би боддог. Тэгэхээр залуучууд буцаад шантралгүй үгээ хэлээд, дуу хоолойгоо нэгтгээд байвал улс төрчид нь, залуучууд нь дэмжиж үйл ажиллагаанд орох нь ихэснэ. Энэ ч утгаараа бид орон нутгаараа яваад зөвхөн лекц уншаад яваагүй. Залуусын амьдрал, тэдний хүсэл мөрөөдөл юу байна гэдгийг асууж ярилцаж явсан. Өнөөдөр нийгэмд хүмүүс хамгийн түрүүнд оюутнуудыг даварчихсан байна гээд хэлээд байгаа юм. Гэтэл өнөөдөр л оюутан залуучуудадаа хөрөнгө оруулалт хийхгүй юм бол маргааш бүтээн байгуулалтдаа хөрөнгө оруулаад ч нэмэргүй. Яагаад гэвэл тэрийг чинь хийх хүн байхгүй. Мөн боловсрол мэдлэг байхгүй бол бид нар бүтээн байгуулалт, зам, талбай, улс орны том хөгжил мөрөөдлийг дэвшүүлэн давиад хэрэггүй. Тэрийг биелүүлэх нь боловсролтой, залуу халуун эрч хүчтэй үеийг л бэлтгэх нь чухал. Тэр үедээ хөрнгө оруулалт хийхдээ хөрөнгө байхгүй байсан ч босгоно. Тэд чадвартай бол бүтээн байгуулалтыг хийнэ. Тийм ч учраас хүссэн ч хүсээгүй ч залуу үедээ хөрөнгө оруулалт хийх нь улс орны удирдаж яваа лидерүүдийн эрхэм үүрэг.

Харамсалтай нь өнөөдөр улс төрчдийн маань гаргаж байгаа сүүлийн 2 жил дээд боловсрол оюутны тэтгэлгийн тухай хуулиас өөр томоохон өөрчлөлт шинэчлэлт хийгдсэнгүй ээ. Дээд боловсролд битгий хэл ахлах дунд боловсрол олгох сургуулиудад цаашлаад цэцэрлэгийн насныхан гээд энэ боловсролын байгууллага дээр баримталж байгаа бодлогууд нь тодорхойгүй байдалтай үлдэж байна. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд явж байсан бодлогууд тас тас цохигдоод одоо яах гээд байна мэдэгдэхгүй, ойлгомжгүй хэлбэрт шилжсэн. Жишээлбэл, Оюутны хотхон барина гэдгээс үүдэн бүх сургуулиуд хөрөнгө оруулалтаа татаж байна. Яагаад гэвэл том хотхон бариад хөдөө гарах гэж байгаа юм чинь хотод байшин бариад, дотуур байр бариад яах юм бэ? Тийм болохоор хотхон барина, барих хүртлээ ийм ажил хийгдэнэ барьсаныхаа дараа ингэнэ гэдэг зүйлээ ярих хэрэгтэй. Гэтэл үүнийг барих гээд байгаа нь мэдэгдэхгүй, эргэлзээтэй шийдгүй байгаад байхаар нөгөө боловсролын байгууллагууд яах аа мэдэхгүй байдалд орчихоод байна.

Дарханд нэг үйлчилгээний газар зөөгч хийж байгаа оюутан ах аа "би ХААИС-д сурдаг оюутан 1 сая 400 мянган төгрөгтэй сургуульд орсон. Энэ жил манай сургууль 1 сая 800 мянга болж төлбөр нэмэгдлээ. Гэтэл өнөөдөр оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэг авлаа гээд би тэр төлбөрийг яагаад ч төлж дийлэхгүй. Ингээд би сургуулиа хаяад зөөгч хийж байна. Гэхдээ би ирээдүйгээ зөөгчөөр дуусна гэж бодохгүй байгаа учраас яаж ийгээд сургуулиа төгсчихмөөр байдаг. Таны үед олон сурах боломж байсан юм байна лээ. Би судалж үзэхэд төрийн сангийн зээлээр буцалттай болон буцалтгүй тусламжаар суралцдаг байж. Мөн дээр нь төрийн албан хаагчийн хүүхдийг сургуульд сурахад төрөөс даадаг хэлбэр байсан юм байна. Хичээл номондоо сайн амжилттай явж байгаа олон залуучуудадаа төр яагаад шууд буцалтгүй нь байж болно буцалттайгаар нь төрийн сангийн зээлээ олгооч ээ. Тэгээд би төрдөө би өр тавиад сурья буцаад сургуулиа төгсөөд ажлаа хийгээд төлье. Үүнийг би луйвардахгүй ээ энэ бол миний ирээдүйн баталгаа учраас би сурмаар байна" гэдэг саналыг хэлсэн.

Үүнээс харахад оюутны тэтгэлгийн төслийг оруулж ирснээрээ буцаагаад энэ боловсролын салбарт хийгдэж байсан эерэг механизмуудаа устгаж байхгүй болгосон. Ингээд нөгөө төрийн сангийн зээл, тусламж байхгүй болсон юм. Тийм учраас монголын оюутны эрхийн өдөр болж буйг тохиолдуулан Нийгмийн ардчилал МОХ-ны залуучуудаас санаачлага гаргаад МАН-аас УИХ-д 26 суудалтай гишүүнтэй бүлгээрээ дамжуулж энэ оюутан, залуучуудын өмнө тулгамдаад байгаа бодитой асуудал энэ хуулийг буцааж сэргээе. Сэргээхдээ өөр өөр ямар үндэслэлүүдийг бий үүнийг  хайя аа. Зөвхөн ядуу айлын болон өнчин гэх үндэслэл баймааргүй байна.

Тухайн оюутны 10 жилдээ сурч байсан амжилтаас хамаардаг, сургуульдаа сурах эрхээ авчихсан, тэнцсэн байгаа залуучуудадаа төр шаардлагатай бол зээл, тусламжыг олгож нээж өгөх ёстой гэж үзэж байгаа. Магадгүй зарим хүмүүс эд нар ямар даварч байна гэж хэлэх байх. Бид давараагүй ээ энэ бол өнөөдөр залуучуудадаа хөрөнгө оруулалт хийхгүй юм бол маргааш хэн нэгнийгээ чадваргүй болсон хойно нь хэчнээн үнэтэй бүтээн байгуулалт хийгээд, хөрөнгө оруулалт босгоод ч нэмэргүй  тэр бол улс орны ирээдүй хойч болж чадахгүй ээ. Ийм учраас өнөөдөр сурч байгаа оюутан залуусынхаа бүтээгдэхүүнийг илүү чанаржуулахыг боддог  Монголын төр ухаалаг төр болох л гэж байгаа юм бол хүссэн ч эс хүссэн ч энэ хуулийг төрийн эрх баригчид дэмжих боловуу гэж бодож байгаа юм. Зөвхөн нэг хууль биш үүнтэйгээ холбоотой олон асуудлууд байгаа гэж бодож байна. Энэ оюутантай холбоотой, дээд боловсролтой холбоотой хэлэлцүүлэг зохион байгуулж оюутны холбоод, жирийн оюутнууд, эцэг эхчүүд, эдийн засагчид саналаа хэлээ ч ээ. Өөр ямар дэвшилттэй аргаар энэ дээд боловсролоо босгодог юм бэ? энэ чадварлаг боловсон хүчнээ бэлтгэдэг юм бэ?. Бид нарт бол судалсан зүйлүүд бол бий. Гэхдээ шинэ санаа шийдэл бол хэзээд үнэтэй байдаг учраас та бүхнийгээ санаа оноогоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан энэхүү ярилцлагын талаар холбогдоосой гэж хүсч байгаагаа албан ёсоор залуучуудадаа хандаж хэлье.

-Цаашдаа хийх ажлын ойрын төлөвлөгөө?

-Бид нар оюутнуудаасаа гадна нийгэмд болж, бүтэхгүй байгаа олон асуудлыг сөхөн дуугарч байх болно. Олон залуусыг улс төрд идэвхтэй үүрэг рольтой оролцоотой байхад нь бид гүүр болж ажиллана. Яагаад гэвэл олон залуучууд орж ирэн улс төрийн энэ үзэл бодлыг мэдсэнээрээ буцаад сонгуульд идэвхтэй оролцдог болно. Бүүр цаашлаад энэ улс төрчдийн өмнө гарч үзэл бодлоо илэрхийлж чаддаг байх юм. Нэг бодолт тэр хүний үнэтэй санаа орж ирснээр нэг сайн шийдэлд хүрч, сайн шийдвэр гаргах боломжтой. Энэ олон зүйлийг харвал хүмүүс өнөөдөр улс төрчиж байна гэж ойлгоно. Улс төрчид гэдэг зүйлийг бие биенээ зэмэлсэн тэр увайгүй  муухай талаас нь харвал муухай зүйл. Харин улс төр улс орныгоо зөв шийдэлд хүргэхийг зорьж буй эрүүл мэтгэлцээн. Эрүүл маргаан цаашлаад үүнийг эрүүл үйл ажиллагаа гэж харах юм бол энэ нь хамгийн ухаалаг алхам. Тийм учраас бусдынхаа өмнөөс үүрэг хариуцлага хүлээж нийгэмд нэр төртэй амьдарч, өөрийнхөө болон бусад залуучуудынхаа өмнө байгаа асуудлыг алхам алхамаар шийдэж явахыг хүсдэг залуучуудтайгаа гар гараасаа атгаж бид нар энэ бүтээлч-оюутан хөтөлбөрөөрөө цаашлаад олон залуучуудыг уриалсан олон сайхан хөтөлбөр,уулзалт, хэлэлцүүлэгээрээ орон нутагт байгаа залуучуудаас авахуулаад сургууль , дотуур байранд дээр нь очиж уулзаж ярилцах болно. Үүнийгээ бид нар оюунтан.инфо сайтаараа болон олон онлайнаар хүлээж авахад нээлттэй байгаа. Залуучуудадаа хандаж уриалахад өнөөдөр Монголын оюутны эрхийн өдөр болж байна. Бид хангалттай сайхан оронд, сайн суралцаад, хамтдаа сайхан зүйлийг хийж бүтээх итгэл найдвараар дүүрэн байгаад бид нар чадаж байна гэж хэлэх хүртлээ тэр болохгүй байгаа зүйлээ баярынхаа өдрөөр хэлье. Ингэж нэг ч гэсэн асуудлыг шийдэж алхая гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

                                                                                                                             Ярилцсан: Х.Даваанаа