Хэзээ л бид ийм юм сонсож байлаа, сүүлийн жилүүдэд нэг л хачин. Хүүхнүүд маань нэгнийгээ хороолоо, өрөөл бусдын аминд хүрлээ, хайртай хүнийхээ гарт эмгэнэлтэйгээр амиа алдаж байна.

Бүсгүйчүүдийн баяр дөхөж байхад бэлгэгүй үг ярьсан өвгөн ахыгаа өршөөгөөрэй. Гэхдээ яг энэ үед л хайран хүүхнүүдийн тухай эрчүүддээ зориулж бичихгүй бол болохгүй санагдлаа. Сүүлийн ганц хоёрхон жилийн дотор хүүхнүүдтэй холбоотойгоор нийгэмд дэгдсэн эмгэнэлтэй хэрэг хэтэрхий их болж байна.

Ц.Туяа ба хохирогч. Энэхүү аймшигт хэрэг хоёр монгол бүсгүйг алчихсан. Нэг нь цэл залуухан насандаа зэрлэгээр хөнөөгдсөн бол нөгөөх нь 57 нас хүртлээ нэг ёсондоо бүхий л хийж бүтээх, хөдөлмөрлөх амьдралын амт шимийг хүртэх бүх насаа торны цаана өнгөрүүлнэ. Энэ хэргийн буруутан нь эр хүн. Хоёр бүсгүйн дунд тэлээ хурга шиг гүйж эрийн жудгаа умартсаны харгайгаар манай нийгэмд гарч байгаагүй аймшигт хэргийн сэдлийг үүсгэсэн.

Ч.Баттуул. АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэгчийг Цонжин болдог хавьд нударсан гэх. Хэдийгээр манай улсад энэ хэрэг үйлдэгдсэн боловч үйлийн үр нь харийн оронд эхэлсэн гэх. Ч.Баттуул гадны улсад ажиллаж амьдрах явцдаа танилцсан харь эрийг нутагтаа дагуулж ирж хөнөөсөн гэх. Өнөөх нь зүгээр ч нэг нөхөр биш хар тамхи сэлтийг дамлан худалдаалдаг бүтэхгүй эр байсан болтой. Хар мөртэй харь элэгтэй нийлсэн монгол бүсгүй хорь илүү жилийг торны цаана өнгөрөөх боллоо. Ёстой л монгол эрчүүд маань хаагуур нь өнгөрсөн юм бэ гэмээр.

Б.Цэдэн-Иш. Алиа жаахан үртэй ч болж амжилгүй, цэл залуухан 21-хэн насандаа бусдын гарт амиа алдсан бүсгүй. Бүр хайртай дуртай гээд, хамт болзоонд явж цэцэг барьж гүйсэн (нь лавтай) залуугийнхаа гарт зэрлэгээр зодуулж амиа алдсан гэх. Хөөрхий хэзээ хийсэн үйлийн үр юм байгаан, ариун бие цогцсоо мөн ч их хөндүүлж үхсэн хойно нь хүртэл амраахгүй юм. Эзэн холбогдогч нь тодорхой хэргийг бушуухан нэг тийш нь шийдээд талийгаачийн болон ар гэрийнхнийх нь санааг амраагаасай хуулийн нөхдүүд.

Малайзaд амиа алдсан бүсгүй. Нэлээд хэдэн жилийн өмнө Малайзaд монгол бүсгүй амиа алдаж хөөрхий нэг эцэг хэргийнх нь араас мөн ч их хөөцөлдлөө. Яг үүнтэй төстэй хэрэг оны өмнөхөн дахин гарлаа. Бүсгүйг тэнд юу хийж яаж яваад алтан амиа гээв гэхээс урьтаж ер нь монгол охид маань харьд одож элдэв хэргийн золиос болж байгаа нь явж явж монгол эрчүүдтэй минь шууд, шууд бус холбоотой.

Гэх мэтээр урсгаад байвал овоо хэдэн хуудас болохоор шинжтэй. Ил мэдэгдэж байгаагаар нь хятадын шоронд ял эдэлж буй монгол хүүхнүүд гэх мэтээр олныг дурдаж болох ч далд буй өч төчнөөн охид бүсгүйчүүдийн нулимсан далай хаа ч цалгилж яваа юм билээ.

Даанч яавдаа эрчүүд минь, энэ олон сайхан охид, бүсгүйчүүдээ хамгаалж чадалгүй, элдэв хэргийн золиос болж, муу үйлийн мөрөөр орохоос нь татаж амжилгүй явуулчихдаг гэж хэлмээр болсон минь энэ. Хүүхнүүдийн баярын өмнө алдсан алуулсан тэднийхээ өмнөөс эрчүүдээ ганц буруутгачихая. Юунд буруу өгөөд байгааг минь дотроо нэг тунгаан бодоорой. Тэгээд дэргэдээ байгаа хүүхнүүдээ хайрлаж яваарай.

Б.Баяр