Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хална.

2019 оны 05 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бороо орно, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутгаар 12-17 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 28-30 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 23-24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говь, талын нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.