Энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гүйцэтгэх ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулж, цагдан хорьсон. Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгасан ба Д.Эрдэнэбилэг нарыг ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад гуравдугаар сарын 7-ны өдөр үндэслэлгүйгээр хорьсон хэмээн батлан даалтад гаргасан байдаг.

Улмаар өнгөрсөн хугацаанд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үеэр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг дахин цагдан хорьж, шалгах үндэслэлтэй хэмээн үзэж, прокуророос цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлээд байсан.

Ингээд тавдугаар сарын 21-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хурал эхэлсэн ч тэдний өмгөөлөгч Н.Нямдорж, шүүгч Х.Идэрээс татгалзсан учир хурлыг хойшлуулсан. Улмаар Д.Эрдэнэбилэг нарыг хорих эсэх асуудлыг өчигдөр буюу тавдугаар сарын 22-ны өдөр дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцэж, шийдвэрлэх чигтэй байсан ч хурлын товыг тогтоогүй юм.  Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар Д.Эрдэнэбилэг нь мөрдөн байцаагч нарыг дарамталж байсан гэх ба шүүгч нар мөн дарамтад орсны улмаас хэргийг шийдвэрлэхээс татгалзсан бололтой.

Ийнхүү хууль, шүүхийн байгууллагынхныг илтэд үл тоон, дарамталж буй Д.Эрдэнэбилэгийн ард Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа гэдэг таамаглал бий. Учир нь, Ц.Элбэгдорж нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй ойрын харилцаатай гэх ба Худалдаа хөгжлийн банкны хувьцааг халхавчтайгаар эзэмшдэг гэгддэг. Мөн тэрбээр Ерөнхийлөгч байх хугацаандаа Д.Эрдэнэбилэг нарт ашигтай шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Түүний цаана маш их хэмжээний санхүүгийн асуудал байгаагаас гадна улсын хууль зөрчсөн хэд хэдэн ноцтой асуудал сөхөгдсөөр ирсэн.

Хамгийн сүүлд гэхэд, Д.Эрдэнэбилэг нарыг батлан даалтад гаргах асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нөлөөлсөн гэдэг мэдээлэл бий. 

Түүнчлэн энэ удаад ч мөн тэднийг хорих эсэх асуудалд нөлөөлж байгаа гэдгийг хэлэх хүмүүс хуулийн хүрээнийхэн дунд байна. Тиймдээ ч Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татаж, дахин цагдан хорих тухай асуудал яригдаж эхэлмэгц Ц.Элбэгдорж Монгол Улсыг орхин гарсан байна. Ингэхдээ тэрбээр Худалдаа хөгжлийн банк болон Д.Эрдэнэбилэг нарын асуудал ирэх долдугаар сар гэхэд шийдэгдэнэ хэмээгээд түр хугацаанд асуудлаас хол байх талаар ойр дотныхондоо ярьсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна. 

Эх сурвалж: www.Zindaa.mn