ТВ8 телевиз нь ард түмний дуу хоолой, шударга ёсны индэр болж олон түмний итгэлийг хүлээсэн хэвлэл мэдээллийн байгууллагын нэг билээ. Бид үйл явдлыг халуун мөрөөр нь сурвалжилж, хувийн дүгнэлт, хөндлөнгийн нөлөө, дарамтаас ангид байдлаар үнэн бодит мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай, чанартай хүртээмжтэйгээр бэлтгэн хүргэхийг үйл ажиллагааныхаа эрхэм зорилго болгож ирсэн.

Харамсалтай нь MNBC олон сувгийн кабелийн үйлчилгээ үзүүлдэг “Эн Би Си” ХХК нь 2019 оны 04 сарын 26-ны өдрөөс эхлэн өөрийн сувгаараа ТВ8 телевизийн эфирийг хааж, телевизийн үйл ажиллагааг гэнэт зогсоогоод байна. Манай эфирийг хаасан даруйд “Эн Би Си” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Золбаттай холбогдож асуудлыг тодруулахад, иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу бэлтгэн, олон нийтэд 2019 оны 04 сарын 25-ны өдрийн оройн мэдээгээр хүрсэн “Туул голын бургас төрийн түшээдээс амь нэхэн уйлж байна” гэсэн мэдээ нь эфир хаах үндэслэл болсон талаар Ерөнхий редакторт тайлбарласан байдаг.

MNBC олон сувгийн кабелийн үйлчилгээ үзүүлдэг “Эн Би Си” ХХК, Туул голын бургасыг устган хууль зөрчиж, газар дээр нь барилга барьж байсан компани болох “Зүүнбаян Рефайнери” ХХК болон “Оюуны Ундраа” групп нь хоорондоо хамаарал бүхий, эдгээрийг үүсгэн байгуулагч, төлөөлөх эрх бүхий этгээдүүд нь хоорондоо ах дүү төрөл садангийн холбоотой. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нь улс төрийн албан тушаалд томилогдохоосоо өмнө “Оюуны Ундраа” группийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, түүний төрсөн ах С.Уламбаяр нь “Зүүнбаян Рефайнери” ХХК болон “Эн Би Си” ХХК-ийн эзэн гэх мэт цааш үргэлжилнэ.

“Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн хамаарал бүхий компани байгаль орчин сүйтгэсэн асуудлыг “Ард түмний утас” 1900-1952 тусгай дугаарт өгсөн иргэдийн мэдээллийн дагуу сурвалжилж, мэдээлэх үндсэн үүргээ гүйцэтгэсний төлөө “Эн Би Си” ХХК-ийн эрх мэдэл бүхий этгээдүүд өөрсдийн давуу байдлаа ашиглан хэвлэл мэдээллийн байгууллагын эрхэд халдаж байгаа энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд ноцтойгоор халдаж, хууль бусаар хязгаарласан үйлдэл болоод байна.

“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан тогтоолын хавсралтын 11 дүгээр зүйлд “Олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь тухайн орон нутагт Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй радио телевиз болон орон даяар нэвтрүүлгээ дамжуулах эрх бүхий үйлчилгээ эрхлэгчдийг сүлжээндээ холбох үүрэгтэй бөгөөд үл ялгаварлах, ил тод байх, тэгш үйлчлэх зарчмыг баримтална” гэж заасан.

Гэтэл “Эн Би Си” ХХК-ийн зүгээс ард түмний дуу хоолой болсон ТВ8 телевизийн эфирийг үндэслэлгүй, хууль бусаар хааж, үүнийгээ “Техникийн шалтгаанаар” гэж тайлбарлахаар оролдож байгаа нь үнэмшилгүй бөгөөд бодит байдалтай нийцэхгүй байна.

Тэдний хууль зөрчсөн үйл ажиллагаа үүгээр зогссонгүй, дээрх мэдээг бэлтгэсэн манай телевизийн сурвалжлагчийг дарамталж, уучлалт гуйлган, залруулга хийлгэхийг шаардаж, эрх бүхий байгууллагад гаргасан өргөдлөө татан авч, зөрчлийн хэргийг даруй хаалган, MNBC болон түүний хамаарал бүхий компаниудын талаар сөрөг мэдээлэл цацахгүй байх зэрэг талаар тусгасан өөрсдийнх нь хүсэл зорилгод нийцсэн нөхцөл бүхий гэрээг байгуулсан тохиолдолд манай телевизийн эфирийг дамжуулах талаар хууль бус шаардлагыг бидэнд тавьсан. Энэ шаардлагыг хүлээн авах боломжгүйгээ илэрхийлсний хариуд өөрийн харьяанд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бие даасан хэвлэл мэдээллийн байгууллага болох ТВ8 телевизийн нэр төрд халдсан мэдээлэл явуулж байгаа дээрх хууль бус үйлдлүүдээ зогсоохыг шаардаж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Дээрх бүхнээс үнэлж дүгнэхэд, хувийн эрх ашигт нь харшилсан мэдээлэл түгээсний төлөө “Эн Би Си” ХХК-ийн удирдлагууд өөрсдийн давуу байдлаа ашиглан ТВ8 телевизийг хясан боогдуулж, иргэдийн мэдэх эрхэд ноцтой халдаж байна гэж хардахад өөрийн эрхгүй хүргэж байна. Тиймээс “Эн Би Си” ХХК-ийн энэхүү үйлдлийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүртэл тэмцэл, шаардлагаа үргэлжлүүлэх болно.

ТВ8 ТЕЛЕВИЗ
 

2019 оны 05 сарын 24-ний өдөр Улаанбаатар хот