АСА циркд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж албан шаардлага биелүүлэхгүй бол циркийг улс эргүүлэн авах тухай асуудлыг ШӨХТГ-ын хурлын зааланд хэлэлцэхээр болсон байна.

Таван жилийн өмнө буюу 2007 оны нэгдүгээр сарын 8-нд “АСА” ХХК-ийнхан Улсын циркийг хувьчилж авах менежментийн гэрээ байгуулж байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр гадна талбайд нь зай завсаргүй машин зогсоож машины худалдаа хийнэ. Хойд талын төв хаалгаар ороход худалдааны төв угтдаг болсон.

“IT World” хамгийн том компьютерийн худалдааны төв

“IT Mobile” гар утасны худалдааны төв

Үндэсний хөрөнгө оруулалтын банк

“Тист” бэкери Түргэн хоолны газар

Даатгалын нэг цэгийн үйлчилгээ

“ТВ маркет” дэлгүүр

“Май март” дэлгүүр

“Голомт” банк

“Хангай” цайны газар... гээд олон байгууллага энэ урлагийн төвд бууриа засаад удаж байна. Үүнийхээ төлөө АСА циркийнхэн тэр дундаа их аварга Д.Дагвадорж багагүй шүүмжлэлд өртөж байгаа. Энэ шүүмлжлэлийн эцэст циркийн хувьчлал хэр үр дүнтэй болсон, зориулалтын дагуу ашигласан эсэх асуудлаар ШӨХТГ-аас шалгалт хийж нэлээд таагүй дүгнэлтийг гаргасан байна. Хэрэв шалгалтын дүнг хэлэлцээд циркийн менежментийн асуудлыг эргэн харах шаардлагатай гэж үзвэл нэлээд том асуудал босох нь тодорхой. Улс өмчөө мэдэж эргүүлэн авна гэвэл энд байрласан олон аж ахуйн нэгж, циркийн удирдлагын багийнхны ширүүхэн эсэргүүцэлтэй тулгах нь тодорхой. Хувьчлагдсанаасаа хойш сайн үг сонсоогүй циркийн хувь заяа удахгүй шийдэгдэх гэж байна.