Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоол болон нөхөн сонгууль зарласан тов зэрэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг өчигдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Тодруулбал, “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” , “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэхээр хуралдав. Хуралдаанд иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр нар болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцсон юм. Улмаар ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар Д.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж ҮХЦ үзлээ.  Харин Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зарлахдаа Үндсэн хууль зөрсөн гэдэг дүгнэлт гаргасан юм. Ингэснээр УИХ-ын нөхөн сонгууль болох эсэх нь эргэлзээтэй байдалд орсон.

Өөрөөр хэлбэл ҮХЦ-ийн дунд суудлын энэхүү шийдвэрийг УИХ хүлээж авахгүй бол ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болно. Их суудлын хуралдаанаар дунд суудлын хуралдааны шийдвэрийг хэвээр нь батлах юм бол нөхөн сонгуулийн тов хүссэн ч эс хүссэн ч өөрчлөгдөх болно. Цаашлаад нөхөн сонгуулийн санхүүжилт зэрэг нь өөрөө асуудал дагуулах болно.  

Нөгөө талаас Үндсэн хуулийн Цэц нөхөн сонгуулийн зардлыг Улсын төсвөөс гаргах ёстой байтал УИХ Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахаар тогтсон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Иймээс УИХ энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гаргасан шийдвэрээ эргэн харж төсөвт тодотгол хийх замаар нөхөн сонгуулийн зардал болох 287 сая төгрөгийг Улсын төсвөөс захиран зарцуулахаар хуульчлах ёстой юм. УИХ-аас Үндсэн хуулиа зөрчсөн болохоор нөхөн сонгуулйн тов болон санхүүжилтийн эх үүсвэрийг хүссэн ч эс хүссэн ч өөрчлөх болж байна. Гэхдээ асар их маргаан, мэтгэлцээнтэйгээр өөрчлөгдөхөөр болж байх шиг байна.

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн хоёрдугаар сард сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг тогтоож, баталсан. Энэ дагуу нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр товлон баталсан. Мөн Засгийн газрын нөөц сангаас сонгуулийн зардал болох  287 сая төгрөгийг гаргахаар тогтсон. Энэ дагуу сонгуулийн бэлтгэл ажил явагдаж, нөхөн сонгуульд оролцох нам, бие даагчид СЕХ-нд бүртгүүлж, нэр дэвшигчид өнгөрсөн долоо хоногоос эхлэн тодорч эхэлсэн. Тэдний хувьд хүлээлтийн байдалд шилжиж байна.

Ямартай ч ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас дунд суудлын хуралдааны шийдвэрийг хэвээр үлдээвэл ирэх сарын 30-нд товлогдсон УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль цуцлагдах нь тодорхой боллоо... Харин товыг нь өөрчлөх гэсээр байтал 2020 оны сонгууль хаяанд ирэх нь байна.

Хууль тогтоох байгууллага болох УИХ нь өөрсдийнхөө баталсан хуулийг ийнхүү зөрчиж байгаа эмгэнэлт дүр төрх нэг ийм.