Хөдөө орон нутгаас ирсэн бололтой нүүрэнд нь түмэн үрчлээ суусан, ядруухан хувцастай нэгэн эмээ 5-7 насны хоёр жаахан хүү дагуулан гартаа бага сага юм барин шалган нэвтрүүлэхийн  үүдэнд зогсоно. Мөн 18 хүрч байгаа болов уу гэмээр хөрслөг бор залуу настайвтар эрэгтэйн хамт зогсоно. Хүү хромон гутлаа толийтол нь тосолжээ. Тэр хоёрын хажууд 4-9 насны гурван хөөрхөн охин ирсэн газраа сониучирхан ажиглана. Шилэн хоргонд хоригдож буй эмэгтэйчүүдийн урласан бүтээл болох гар урлалын бүтээлүүдийг тавьжээ.

Та нар хононо гэл үү, хуудсаа бөглөөрэй гэх Шүүхийн шийдвэрийн эмэгтэйн намдуухан ярианаас ашгүй дээ, хүүхдүүд ганц ч гэсэн хоног ижийтэйгээ уулзаж, санаж бэтгэрсэн сэтгэл, бяцхан зүрхээ дэвтээх нь дээ гэж бодогдсон юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 407-р анги хүмүүжиж буй ээжүүдийг жил бүр хүүхдүүдтэй нь  ийнхүү уулзуулдаг аж. Хэдийгээр хоригдож буй эмэгтэйчүүдтэй хүүхдүүд, хань ижил, гэр бүл нь түр болон 24-72 цагаар хамт байж уулзах боломжтой боловч орон нутагт, хол амьдардаг  хүмүүс тэр бүр ирж чаддаггүй. Тиймдээ ч өчигдөр /2019.05.29/ болсон уулзалт жилдээ ганц удаа түүнээс дээш жилээр уулзаагүй ээжүүдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулснаараа тун онцлогтой болсон юм.

“Эх, үрсийн нандин хайр” нэртэй тус өдөрлөгийг “Улстөрч” хэвлэл мэдээллийн байгууллага таван жилийн ойн нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан ШШГЕГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.

ДӨРВӨН ЖИЛ СУРАГ НЬ ТАСАРСАН ОХИНЫГ ЭЭЖТЭЙ НЬ УУЛЗУУЛЛАА

Өндөр торон хашаан дотор улбар өнгийн өмсгөлтэй гурван эмэгтэй дасгал хийж байгаа харагдав. Наад талд нь дүрэмт хувцастай харгалзагч зогсоно. Хашаан дотор Оёдлын үйлдвэр, Халуун ус зэрэг хаяг хадаатай байв. Хажуугаар нэгэн эмэгтэй яаруухан хоригдлуудын байр луу орж харагдлаа. Харин би хоригдох байр луу орох гэж төдийлөн яараагүй учир аажуухан алхсаар хорих байрны үүдээр оров. Эмэгтэйчүүд бүгд цааш харан суужээ. Хоёр эгнээ болон суусан 50 орчим эмэгтэйчүүд дунд 20 дөнгөж гарч яваа охид, үс нь дөнгөж бууралтаж эхэлсэн 60 гарч яваа эмэгтэйчүүд ч харагдав. Тэд үсээ гоёмсог сүлжсэн нь энэ өдөрт зориулсан нь лавтай. Хоёр давхарт харагдах өнгөт торны цаана нэг, хоёр, гурав... хэмээн дугаарласан өрөөнүүдийн хаалгаар жимбийтэл хураасан давхар орнууд харагдав.

Нээлттэй, хаалттай хорих 407 дугаар ангид өдгөө 300 гаруй эмэгтэй ял эдэлж байна. Эдгээр эмэгтэйчүүдээс есөн ээж өчигдөр хүүхдүүдтэйгээ уулзлаа. Дээр дурдсан гялалзсан хромтой залуу хүүг ээж нь энгэртээ удаан гэгч нь тэвэрч, мэгшив. Хүү ээжээсээ ч өндөр том залуу болжээ. Харин гурван бяцхан охиноо ээлжлэн үнсэх залуухан ээж үрсээ хамгийн сүүлд харснаас нь хойш хэчнээн том болсныг ажих мэт нүднийхээ нулимсыг шударна. Эрх чөлөөгөө хасуулсан тэдэнд цаг хугацаа мөлхөж буй мэт санагдах ч хүүхдүүд нь хором хормоор өсөж томорсон мэт санагдаж буй биз ээ.

“Нарлаг хорвоод жаргаах биеийг

Наддаа ээж минь заяасан билээ

Ухаарч гүйцээгүй гэнэн сэтгэлийг

Уужим болгон тэлсэн билээ”... гэх Ж.Уранчимэг гавьяатын дуунд уяран, нүдний нулимсаа арчин суух тэд энд хамгийн багадаа гурван жил түүнээс дээш жилийг өнгөрүүлнэ. Ял эдэлж буй эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл заалт буюу бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэг үйлджээ.

20 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хэрэг үйлдсэн бол 26 хувь нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл анги буюу залилангийн хэрэг үйлдсэн байна. Бусдын биед гэмтэл учруулсан, хар тамхины хэрэгт холбогдсон ялтнууд ч энд бий. Ер аль нь байлаа ч тэд одоо хийсэн гэмээ ухаарч, хайртай гэр бүл, үр хүүхэд, ижий аавдаа очихыг хүсч байгаа. Тус хориход долоо дахь жилдээ хоригдож буй нэгэн эмэгтэйн сүүлийн дөрвөн жил сураг нь тасраад байсан охиныг хорих анги болон ТББ-ын хамт олон олж өгч уулзуулсан баярт үйл явдал боллоо. Тэрбээр охиноо ой зургаан сартайд таслагдан орж ирээд эхний гурван жил охинтойгоо уулзсан ч сүүлийн дөрвөн жил сураг нь тасраад байжээ. Охин аавтайгаа хамт байсан бөгөөд “Охиныг минь харж хандаж байсанд баярлалаа, надтай уулзуулахыг зөвшөөрсөнд ч гэсэн талархаж байна” хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм.

ЭРХ ЧӨЛӨӨ ТАСЛАГДСАН ӨНДӨР БЛОКОН ХАШАА

Өргөст тор төсөөлж ирсэн намайг өндөр блокон хашаа угтав. Хананы наана эрх чөлөөтэй хүмүүс харин хананы цаана эрх чөлөөгөө хасуулсан, зовлон зүдгүүр туулсан,  жаргал даалгүй халтирсан, жигшүүрт хэрэг үйлдсэн, хэлмэгдсэн ч байж болох 300 гаруй эмэгтэй ял эдэлж байна. Ээж нь шоронд, эцэг нь шороонд хэвтэх хүүхдүүд ч бий. Тоо томшгүй гомдол, цөхрөл ч бий. Олон жилийн хүчирхийлэл, дарамт, доромжлолыг тэвчилгүй эцэст нь тэсэрсэн эмэгтэйчүүд ч бий. Эцсийн мөчид хүүхэд л хохирч үлддэг харамсалтай. Хорих ангийн үүдээр гарч явахдаа дөрөв орчим насны хүүгээ хөтөлсөн амнаас нь архины эхүүн үнэр үнэртэх нэгэн эртэй таарав. Араас нь бага насны охин 10 гаруй насны хүү дагажээ. Тэрээр уулзах хуудсаа бөглөөд “Авч орох зүйлгүй” гэв. Гурван жаахан үртэйгээ уулзах эхийн сэтгэл цэлмэх нь лавтай. Харин архи дарсны үнэр ханхлуулсан эр нөхрөө хараад тэр эмэгтэй яах бол, сэтгэл нь хэчнээн зовох бол гэхээс сэтгэл үймэрнэ.  Ял эдэлж буй эмэгтэйчүүд дотор анх удаа гэмт хэрэгт холбогдсон болоод хоёр, гурав, дөрөв болон түүнээс дээш удаагийн давтан хэрэгтнүүд ч бий. Гэлээ ч хуулиар оноогдсон ялаа эдэлж буй тэднийг буруутгах хүсэл төрсөнгүй. Алдаа онооны дэнсэн дээр амьдрал үргэлжилсээр л байх болно.

Зиндаа:мн