Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн судалгааны багийн хийсэн шинжилгээгээр манай улсад тарьж, импортолж байгаа нийт хүнсний ногоо, жимс жимсгэний 40 хувь хортой буюу пестицидийн үлдэцтэй болохыг тогтоосон гэсэн мэдээллийг өнгөрсөн даваа гарагт хийсэн. Үүний дагуу Засгийн газрын 11-11 МХЕГ-ын 1900-1286 утсаар ард иргэдээс дээрх мэдээллийн үнэн бодит эсэхэд хяналтын байгууллага хариу өгөх хүсэлтийг олноор ирүүлсэн ажээ.  Тиймээс  МХЕГ төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хадгалдаг, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг нийт  200 гаруй ААН-ээс өмнөх шалгалтуудаар эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 27 ААН-д шалгалт хийх явцад 20 орчим нэр төрлийн хүнсний ногооноос 60 орчим дээж авч, хорио цээр, хими, хүнд металллын шинжилгээнд хамруулахад хүнсний чанар, аюулгүй байдлын шинжилгээгээр стандартаас давсан үзүүлэлт гараагүй гэдгийг албаныхан хэллээ.

МХЕГ-ын Үндэсний лавлагаа лбораторийн хувьд жилд дунджаар 50-60 мянган дээжинд 200-аад мянган үзүүлэлтээр, НМХГ-ын Төв лаборатори нь 25 орчим мянган  дээжид 100 гаруй мянган үзүүлэлтээр хяналтын шинжилгээ хийж гүйцэтгэдэг. Үүнээс төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон үр тарианд гадаад, дотоод хорио цээр, ургамлын өвчин, химийн бодисын үлдэгдэл буюу пестицид, хөгц мөөгөнцөр түүний хор гэсэн үндсэн 4 чиглэлийн үзүүлэлтээр бүрэн шинжилгээ хийгддэг байна.  МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид 2013 оны байдлааар химийн бодисын үлдэгдэл буюу пестицидийн шинжилгээнд жимс, жимсгэний 615, төмс, хүнсний ногооны 655 дээжид 2573 үзүүлэлтээр хамрагдсанаас эрүүл ахуйн шаардлага хангаагүй буюу пестицидийн үлдэгдэл илрээгүй ажээ.  

Хэдийгээр МХЕГ Хүнсний ногооноос пестицидийн үлдэгдэл илрээгүй гэж мэдээлж байгаа ч  Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн судалгааны багийнхан энэхүү мэдээллийг үгүйсгэсэн байна.  

А.Баярмаа