Сар бүрийн 3-нд "Цусаа бэлэглэх өдөр" тохиодог билээ. Энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран тэмдэглэх санал санаачилга байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс тогтмол ирдэг тухай Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс онцлов. Өнөөдөр "Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв" ТББ-тай хамтран тэмдэглэсэн байна.

Тус байгууллагын зүгээс цусаа өгөхөөр ирсэн доноруудад гарын бэлэг гардуулж, баяр хүргэн, доноруудыг алдаршуулжээ. "Цусаа бэлэглэх өдөр"-ийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 70-аас дээш өгөлттэй донор Б.Хишигбат, П.Батболд, Б.Мэндбаяр нарт "Хүрэл донор" цол гардуулав.

Мөн "Бахархал 10" тэмдгээр донор Б.Отгонбаяр, "Бахархал 20" тэмдгээр донор Г.Пунсалдулам, "Бахархал 30" тэмдгээр Ө.Мягмардорж, "Бахархал 40" тэмдгээр "Хүндэт донор" Б.Алтанзул, "Бахархал 50" тэмдгээр "Хүндэт донор" М.Мөнхнасан нарыг шагнаж урамшуулсан байна.