Б.ДАМДИН-ОЧИР

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ /2009/, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ /2015/, тэдгээрийн хэрэгжилтийн талаар УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцлээ.

Мэдээж хэрэг, хариулт нь нэгэнт тодорхой болсон “…Оюутолгой төсөл Монголд ашиггүй болсон” гэдэг байр суурийг гишүүд бараг тэр чигээрээ илэрхийлэв.

Үүнтэй зэрэгцээд хаанаас ч юм, “…Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хөөвөл Монгол Улс дэлхийн шившиг болно”, “…Оюутолгойг “Рио Тинто”-гоос салгаад хятадуудад өгөх гэж байна” гэсэн мэдээллүүд цацагдаж байна. Гэвч Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний баялгийн үр өгөөжийг хүртэх хуулиар олгогдсон эрх хөндөгдсөнийг ийм “тархи угаалт” давахгүй нь ойлгомжтой.

УИХ-ын ажлын хэсэг, Аудитын байгууллага, АТГ-аас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ, тэдгээрийн хэрэгжилтийг шалгаад олон хуудас дүгнэлт гаргажээ.

Эдгээр томоохон ажлын хэсгийн дүгнэлтүүдэд дурдсан, заримыг нь олон нийтэд товчлон хүргэсэн төслийн хэрэгжилтийн явц дахь орлого, санхүүгийн талаарх маш ноцтой байж мэдэх хэд хэдэн факт байна.  Эдгээрээс хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь “Оюутолгой” ХХК Зэсийн баяжмал борлуулах гэрээг Монголын талаас нууцалсан тухай УИХ-ын ажлын хэсгээс мэдээлсэн.

Ажлын хэсгийнхэнд зэсийн баяжмал борлуулах гэрээг гаргаж өгөхөөс эрс татгалзсан явдал юм. Тэд үүнийгээ “… Борлуулалтын гэрээ нь улс төрийн үйл ажиллагаанд огт хамааралгүй юм. Энэ нь арилжааны гэрээ ба бизнесийн нууцлалтай. Зах зээлд нөлөөлөхүйц байдаг” хэмээн тайлбарласан байна.

Мөн “…“Оюутолгой” ХХК нь Монголын, хувийн компани бөгөөд төрийн өмчийн этгээд биш юм. “Оюутолгой” ХХК нь УИХ-ын ажлын хэсгийн дэд ажлын хэсгүүдтэй бүх талаар хамтран ажилласан. Шаардсан ихэнх мэдээллийг хүлээлгэж өгсөн. ҮАГ, АТГ-тай ч мөн ингэж хамтран ажилласан. Хуулиар хүлээсэн үүргээсээ ч илүүг мэдээлсэн байж болох юм. УИХ-ын ажлын хэсэгт борлуулалтын гэрээ ямар хамааралтайг ойлгоход хүндрэлтэй бөгөөд хангалттай шалтгаан гаргаж өгөөгүй болно. Мэдээллийн нууцлалыг хэрхэн хангагдахыг мэдэхгүйгээр зах зээлийн ач холбогдолтой, шударга өрсөлдөөний тухай хуультай холбоотой эрсдэл үүсэх боломжтой мэдээллийг өгөхдөө болгоомжтой хандах бүрэн эрхтэй” гэсэн байна.

Үүнээс гадна “…Тогтсон журмаар ТУЗ борлуулалтын гэрээг хянадаг. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар, гаалийн байгууллагуудад мэдээлдэг болно. Тэр дундаа Гашуунсухайт боомтын Гаалийн газар ба татварын байцаагч нар татварын шалгалтын үеэр бүх борлуулалтын гэрээнүүдтэй танилцсан” гэжээ. Оюутолгой ХХК-ийн тайлбараас харвал тус компанийн ТУЗ-д байдаг манай улсын иргэн Нацагийн Багабанди, Галсангийн Батсүх, Цэвэгмидийн Түмэнцогт нар борлуулалтын гэрээтэй байнга танилцдаг ажээ.

Гэсэн хэдий ч “Оюутолгой” ХХК нь байгуулагдсанаасаа хойш хэчнээн хэмжээний, ямар төрлийн бүтээгдэхүүнийг экспортолсон бэ. Экспортолсон бүтээгдэхүүнд нь Монгол Улсын хуулиар татвар ногдуулж чадсан уу. Экспорт, борлуулалтын үйл ажиллагаанд Монголын тал ямар хяналтыг хэрхэн тавьдаг вэ. “Оюутолгой” ХХК нь экспорт, борлуулалтын үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн үү. Тэгсэн бол хэдий хэрийн хохирол учруулсан бэ гэсэн олон асуулт урган гарч ирж байгаа юм

Тэгвэл УИХ-ын ажлын хэсгээс “Оюутолгой” ХХК-ийнхан зэсийн баяжмал борлуулах гэрээг нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзэх үндэслэл болно гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, төрөөс тавьдаг хяналт сулаас болж борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлж чадалгүй өнөөг хүрсэн байна. Цаашид баяжмал борлуулах нэгжийг Улаанбаатарт байрлуулах, борлуулалтын зардлыг бууруулах арга хэмжээг төрөөс авах шаардлага бий болсон байна.

Нөгөөтэйгүүр “Оюутолгой” ХХК нь манай улсын Геологийн төв лаборатори, Гаалийн лабораторийн шинжилгээний дүнг ашигладаггүй аж.

“Оюутолгой” ХХК 2013 онд 81.940.01 тн, 2014 онд 811.512.02 тн, 2015 онд 876.993.15 тн, 2016 онд 904.637.31 тн, 2017 онд 795.410.50 тн зэсийн баяжмал борлуулсан гэх мэдээллийг манай төр засаг, хууль хяналтын байгууллагынханд ирүүлжээ. Оюутолгойн зэсийн баяжмалыг худалдаж авдаг гадаадын 14 компани байдаг байна.

Тэгвэл монголчууд бидний “үзвэл үнс, харвал хальс” болчих гээд байгаа Зэсийн баяжмал борлуулах гэрээг нууцлах шалтгаан “Оюутолгой” ХХК-ийнханд байгаа юм байна.

Байх байхдаа яг энэ цагт бол бүр ч ил гаргаж болохгүй гэж үзсэн бололтой юм.

Учир нь Зэсийн баяжмал борлуулах гэрээ нь өнөөдөр Монгол Улсын төр, хууль хяналтын байгууллагад буруутгагдаж, ард иргэд нийтээрээ эсэргүүцэж байгаа Дубайн гэрээтэй холбоотой болж таарлаа.

2015 оны тавдугаар сарын 18-нд Дубайд байгуулсан Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Туркойз Хилл Ресурсес Лимитед”, “Оюутолгой Нидерланд БиВи”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед”, “Оюутолгой” ХХК-ийн хооронд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулсан. Одоо энэ гэрээний улмаас тэр үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг, гэрээнд гарын үсэг зурсан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханы хамтаар АТГ-т шалгуулж байна.

УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд ч “Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь Засгийн газрын тухай хуулиар тогтоосон журмыг зөрчин Засгийн газрын бүтцийн байгууллагуудаар хэлэлцүүлэлгүй шууд төрийн өмчийн компанийн хоёр захиралд гарын үсэг зурах эрхийг олгосон байдаг. Эрх олгосны дагуу хоёр захирал Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-нд гарын үсэг зурсан” гэсэн байна.

Харин “Оюутолгой” ХХК-иас УИХ-д ирүүлсэн тайлбарт “Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж бат­луулах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Аль ч тохиолдолд Засгийн газрын хуралдааны 27 дугаар тэмдэглэлд дурдсанаар эдгээр асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан гэж ойлгож байгаа болно. Санхүүжилт нь бие даасан, хувийн компани бо­лох “Оюутолгой” ХХК-иар хийгд­­сэн гэдгийг цохон тэмдэглэж байна. Төрийн өмчит компани нь “Оюутолгой” ХХК-ийн хувь ний­лүү­лэгч юм. Засгийн газар нь хамтран зээлдэгч биш тул төслийн сан­хүү­жилтийн хувьд ямар нэг үүрэг, хариуцлага хүлээхгүй болно” хэмээжээ.

Гэтэл энэхүү Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашгийг дэндүү огоорсоныг хууль хяналтын байгуллагууд ч анзаарсан байгаа юм.

Тухайлбал,

-Ашигт малтмалын тухай хуульд заасан “…Хөрөнгө оруулалтын хэмжээ 100 сая ам.доллараас дээш бол УИХ хэлэлцэнэ” гэсэн байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-аар хэлэлцүүлэлгүй шууд батлуулсан.

-Дубайн гэрээний татвартай холбоотой заалтууд нь Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний татварын зөрчилтэй заалтууд, хэрэгжүүлэлтийн явцад гарсан алдаатай үйл ажиллагааг дэмжин тохиролцсон. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын 1.412.0 сая ам.долларын буюу 30.1 хувийн хэтрэлт болон бусад зөрчлүүдийг Засгийн газар хүлээн зөвшөөрч ирээдүйд төлөх энэ хэмжээний  татварт нөлөө үзүүлсэн.

-“Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-д тусгаагүй зүйл заалтуудыг нэмсэн. Мөн татвар ногдуулах харилцааг зохицуулсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой гурван үндсэн ойлголтыг өөрчилжээ.

Үүнд Ашигт малтмалын бүтээгдэхүүн, Олон улсын жишиг үнэ, Лабораторийн дүгнэлт багтаж буй аж.

Ашигт малтмалын бүтээг­дэхүүнийг Ашигт малтмалын хууль, Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхойлсноор “Оюутолгой” ХХК-ийн дагалдах бүх металлуудыг Бүтээгдэхүүн гэж тооцохоор байжээ. Гэтэл Дубайн гэрээгээр маш явцуу байдлаар, хуурай тн-оор хэмжигдсэн баяжмал, түүнд агуулагдах зөвхөн зэс, алт, мөнгийг оруулан тодорхойлжээ.

Гэтэл Гаалийн лабораторийн дүгнэлтээр “Оюутолгой” ХХК-ийн экспортолж байгаа баяжмалд зэс 25.54 хувь, алт 19.43 гр/тн, мөнгө 52.95 гар/тн, хөнгөнцагаан 1.06 хувь, төмөр 29.08 хувь, хар тугалга 1195мг/кг, молибден 1319.7 мг/кг, цагаан тугалга 1.04 сг/кг, гянтболд 1.72 мг/кг, цайр 2195.67 мг/кг байна” гэжээ.

Эдгээр нэр томъёоны зөрүүтэй тодорхойлолт татварын хийдэл гарахын эхлэл нь болсон байгаа юм.

Засгийн газрын тогтоолоор баталсан Олон улсын жишиг үнийн хувьд экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болдог. Үүнийг Дубайн гэрээгээр өөрчилчихжээ.

Засгийн газрын 2007 оны  Биржийн нэр зарлах тухай 88 дугаар тогтоолд Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэр: Зэс /Лондонгийн металлын бирж/, Алт /Тухайн өдрийн Монголбанкнаас зарласан үнэд үндэслэнэ/, Мөнгө / Тухайн өдрийн Монголбанкнаас зарласан үнэд үндэслэнэ/ гэснийг Дубайн гэрээгээр “Борлуулах үнэлгээг тогтоохдоо олон улсын зах зээлийн үнийг баримтална. Үүнд /а/ Зэс-Тухайн тээвэрлэлт хийгдсэн сарын “Металс Дэйли”-гээс зарласан Лондонгийн металлын биржийн А зэрэглэлийн зэсийн  үнийн саналын сарын дунджийг, /б/ Алт- Тухайн тээвэрлэлт хийгдсэн өдрийн “Металс Дэйли”-д нийтлэгдсэн, Лондонгийн Алтны захын холбоо /LBMA/ -ноос зарласан знийг, /в/ Мөнгө- Тухайн тээвэрлэлт хийгдсэн өдрийн “Металс Дэйли”-д нийтлэгдсэн, Лондонгийн Алтны захын холбооноос зарласан спот үнийг тус тус баримтална” гэж өөрчилсөн байна.

Лабораторийн дүгнэлтийг Гаалийн төв лаборатори хийж байхыг “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-д тусгасан.

“Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-д “…Тухайн экспортын бүтээгдэхүүний агуулгын хувийг тогтоохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ. Гаалийн байгууллага нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх дүгнэлт гаргах эрх бүхий бусад итгэмжлэгдсэн лабораториар тухайн бүтээгдэхүүний чанар, агуулга, найрлагын талаарх дүгнэлтийг гаргуулж болно” гэжээ. Гэтэл Дубайн гэрээнд “…Худалдан авагчид худалдсан баяжмалын багц бүрээс гурван дээж авч, нэгийг нь борлуулалтын гэрээний зориулалтаар “Оюутолгой” ХХК-ийн гэрээт лабораторид шинжлүүлж, хоёр дахийг нь Геологийн төв лабораторид өгнө”, “…гэрээт лабораторийн хийсэн шинжилгээний дүнг гаргасан даруйд нь Геологийн төв лабораторид шууд шилжүүлнэ”, “…“Оюутолгой” ХХК-ийн гэрээт лабораторийн дүгнэлтэд үндэслэн борлуулах багц бүтээгдэхүүний металлын агуулгыг тодорхойлно. Уг лабораторийн дүгнэлтийг Геологийн төв лаборатори эргэлзээтэй гэж үзвэл Геологийн төв лаборатори нь гурав дахь дээжийг Геологийн төв лаборатори болон “Оюутолгой” ХХК-ийн хамтран томилох олон улсын нэр хүнд бүхий хөндлөнгийн лабораторид өгч шинжлүүлэхийг “Оюутолгой” ХХК-иас шаардаж болох бөгөөд энэ тохиолдолд уг хөндлөнгийн лабораторийн дүгнэлтийг дагаж мөр­дөнө” хэмээн өөрчилсөн байгаа юм.

Энэ мэтээр Дубайн гэрээгээр Оюутолгойн зэсийн баяжмал борлуулах гэрээг илтэд дэмжиж, үүнийг үзүүлж болохооргүй “косметик хагалгаа” хийж орхижээ. Өөрөө хэлбэл, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Рио Тинто”-д сюрприз барьж Оюутолгойн зэсийн баяжмал борлуулах  гэрээг Дубайн гэрээгээр дархалж өгсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.4  МЯГМАР  №113  (6080)