УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав.

Энэ хэрэгт олон хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тэдгээрээс алуурчидтай орцонд таарсан Б.Барсбаатарын мэдүүлгүүдээс хүргэж байна.

Гэрч Б.Барсбаатарын мөрдөн байцаалтын шатанд 1998 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:“...Өчигдөр орой болон 1998.10.02-ны орой 22 цагийн үед өөрийн найз Даваахүүгийн гэрт ороод түүнтэй хамт зурагтаар гарч байсан монгол кино үзээд дуусангуут гал тогооных нь өрөөнд орж ус уучихаад подъезонд гараад 4 давхар руу гардаг шатны завсар юм яриад зогсоод 2 минут болсон байх. Тэгтэл гэнэт  4 давхрын 42 тоотын хаалга дуугараад дотроос нь үл таних эмэгтэй, эрэгтэй 2 хүн зүгээр гарч ирээд хаалгаа гаднаас нь түлхэж хаачихаад доошоо буугаад бид хоёрын дэргэдүүр гараад явахаар нь бид хоёр гайхаад энэ хүмүүс яагаад хаалга, үүдээ түгжээд гардаггүй хүмүүс вэ гэж бодсон. Мөн Зориг ахын гэрээс гарсан тэр 2 хүний эрэгтэй нь бараан өнгийн муухай хувцастай байхаар нь бид 2 эднийд яагаад ийм тааруухан хувцастай хүмүүс ирсэн юм бол гэж бодоод хулгайч орсон юм биш байгаа гэж сэжиглээд манай найз Даваахүү дээшээ 42 тоотын хаалгыг нь тогшоод хүн байна уу гэтэл юу ч дуугараагүй. Тэгээд Даваахүү тэдний үүд нь цоожгүй онгорхой байна гээд буцаад буугаад ирсэн. Бид 2 орцны цонхоор тэр хүмүүсийг харахад гадаа харагдаагүй. ...42 тоотоос гарсан эмэгтэй хүн нь 25-26 орчим настай, халимаг үстэй, өндөр нь 170см орчим, саарал өнгийн богино драпан папьтотой, бараан өнгийн өмдтэй байсан. Гутлыг нь ажиглаагүй. Мөн тэр эмэгтэйн царайг сайн ажиглаж хараагүй. Харин эрэгтэй нь намхан нуруутай, 160 гаруй см өндөр, дунд зэргийн биетэй, жижиг халимагтай, хар өнгийн курткатай, хар өнгийн өмдтэй, гартаа цагаан өнгийн тортой зүйл барьсан байсан. Царай зүсийг нь сайн хараагүй. Эмэгтэйг дахиж харвал танихгүй байх. Харин эрэгтэйг харвал таньж магадгүй.Тэр хоёр Зориг ахын гэрээс гарч ирэхдээ эмэгтэй нь эхэлж гарч ирээд хаалгаа хаалгүй эргэж хараад зогссон. Тэгтэл араас нь эрэгтэй нь гарч ирэхэд юм түчигнээд дуу гарсан. Гарч ирээд хаалгыг түлхэж хаачихаад маш тайван бидний дэргэдүүр бууж явахдаа хоорондоо юу ч яриагүй. Харин доошоо буугаад л 2 давхарт очоод маш түргэн гүйгээд буух шиг болохоор бид сэжиглэсэн юмаа.Надтай юу ч тааралдаагүй. Намайг гадагшаа гарч хүн харж байгаад буцаад ирэхэд Даваахүү дотогшоо орчихоод гараад ирчихсэн доошоо шатаар бууж байсан. Харин үүдэн дээр нь 45 тоотын Рагчаа эгч зогсож байсан. Тэгээд надад ярихдаа Даваахүү сая орчихоод гараад ирсэн. Булганыг ванных нь өрөөнд хүлчихсэн байсан. Зоригийг хутгалсан байна гэж хэлсэн гэсэн. Би тэгээд дотогшоо ороход талийгаач коридортоо доошоо хараад хэвтэж  байсан. Цаад талд нь Булган эгч газар сөхөрчихсөн уйлж байсан. Ингээд би Булган эгчийг хоёулаа Зоригоо ахыг дээш нь харуулаад үзье гээд бид 2 талийгаачийг дээш нь харуулж би судсыг нь барьж үзэхэд зүрх нь зогсчихсон байсан. Надыг нь гэрт нь ороход жорлонгийн үүдэнд 2 ш гутлын хар үдээс байсан ба өөр юм ажиглагдаагүй. Харин тэр орж ирсэн эмэгтэй, эрэгтэй 2 хүн сүхтэй орж ирсэн байсныг нь Булган эгч орон доогуур түлхэж нуусан гэсэн. Тухайн үед орцонд гэрэлгүй харанхуй байсан болохоор сайн ажиглаж  чадаагүй. Цонхны гэрэлд хувцсыг нь л харсан. Би Даваахүүгийн хамт кино үзэж дуусаад 22 цаг 35 минутын үед гарч явсан байх" гэх мэдүүлэг,

1998 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...тэр 2 хүн яг бид хоёрын хажуугаар өнгөрөхдөө доошоогоо нүүрээ буруулсхийгээд гарсан учраас царай зүсийг нь сайн хараагүй юмаа. Эрэгтэй нь бараан өнгийн хувцастай байсан. Хоёр гараа кармандаа хийчихдэг тиймэрхүү куртка өмссөн байсан юмаа. Өмд нь бас бараан өнгийн байсан. Доторх цамц нь харагдаагүй. Ямар ч байсан цагаан цайвар өнгийн цамц харагдаагүй юмаа. Миний хажуугаар эхлээд эмэгтэй нь зөрж буусан. Араас нь нөгөө залуу нь цуварч буусан юмаа. Ингэж буухад тэр хоёроос ямар нэгэн буруу үнэр үнэртсэн юм байхгүй. Ингээд тэр 2 буугаад доод давхарт очоод гүйгээд явах нь сонсогдсон юмаа. Эрэгтэй нь нэг гялгар цагаан тортой юм барьж буусан. Тортой юмныхаа амыг нь хумиад барьчихсан байсан юмаа. Торонд бол том юм байхгүй байсан гэж би бодож байна. Жижигхэн тортой юм бариад буусан учраас хулгай хийсэн гэж бодоогүй юм. Хэрвээ том юм бариад буусан бол шууд хулгай хийчихлээ гэж бодох байсан юмаа. Торон дотор байгаа юм нь дуугарч ямар нэгэн чимээ гаргасан юм байхгүй. Ингээд тэр хоёрыг доошоо аажуухан бууж явснаа доошоо очоод хурдлаад бараг гүйгээд явчхаар нь эднийх яагаад хаалгаа цоожлохгүй байгаа юм бол гэж бодсон. Тэгээд би арай хулгай орчихсон юм биш байгаа даа, чи очоод тогшоод үз дээ гэж Даваахүүд хэлсэн. ...Ингээд Даваахүүтэй уулзаад яасан бэ гэхэд Булган эгчийг хүлчихсэн байна гэсэн. Ингээд бид хоёр гүйгээд үүдэн дээр нь очтол хаалга нь онгорхой байсан. Тэгээд хартал коридорын нь гэрэл асаалттай, коридорт нь талийгаач доошоо харчихсан, хөл нь хаалга руу харчихсан хэвтэж байсан. Булган эгч талийгаачийн толгой хавьцаа нь суучихсан чарлаад сууж байсан. Ингээд би ороод талийгаачийг дээш нь харуулъя гээд Булган эгч бид 2 дээш нь харуулсан. Талийгаач бол доошоо харчихсан, нүүр нь хажуу тийшээгээ харчихсан хэвтэж байсан юм. Түүнийг нь Булган эгч бид 2 дээш нь харуулсан юмаа. Талийгаачийн толгойн дээхнэ талд нь шар өнгийн цүнх байсан. Мөн хар өнгийн эмэгтэй хүний цүнхийг хаячихсан байсан. Эмэгтэй хүний цүнхэн дотор юм байгаагүй. Шар өнгийн цүнхний хажуугаар баахан нэрийн хуудас, баахан маягтууд хаягдсан байх нь харагдаж байсан. Гар утас нь талийгаачийн баруун талдаа зүүлттэй байсан. Талийгаачийн зангиаг Булган эгч огтолсон юм. Наад хүн чинь амьд байгаа гээд огтолсон юм. Намайг анх ороход Булган эгч л уйлаад сууж байсан, өөр хүн хажууд нь байгаагүй юм. Талийгаачийг дээш нь харуулахад зангиа нь бүр шахагдсан байсан учраас Булган эгч зангиаг нь огтолсон юм. Хажууд нь ямар ч байсан 2 нүдний шил хэвтэж байсан. Нэг нь талийгаачийн зүүдэг шил байсан. Энэ шилний нэг нүднийх нь доторх шил хагарчихсан, дээрээс нь гишгэчихсэн байсан юм. Бас нэг талын үзүүр нь хугарчихсан байсан. Ингээд би талийгаачийн гарыг барьж үзээд судсыг нь үзэхэд цохилохгүй байсан. Тэр үед жорлонгийн хаалганы тэнд 2 хэсэг газар хар өнгийн 2 хэсэг үдээс байсан. Мөн нэг жижиг хайч тэр үдээстэй хамт байсан юм. Ингээд л бид нарыг байж байхад баахан хүмүүс ирсэн юм. Тухайн үед ээж, Рагчаа эгч, Доржсүрэн ах, Булган эгч, түргэний эмч, бид нар л байсан юм. ...Намайг ороход Булган 2 багтай хүн дайраад ороод ирсэн. Надыг барьж аваад хүлчихсэн. Сүхтэй, 3 хутгатай хүн орж ирсэн. Хэн нь хутга бариад, хэн нь сүх орж ирснийг яг яриагүй. Ямар ч байсан сүхтэй, хутгатай хүн ороод ирсэн. Хадгалсан мөнгө чинь хаана байна вэ гэж асуусан, тэгэхэд Булган эгч бид хоёр мөнгө төгрөг хадгалаад байдаг улс биш гэж хэлсэн юм шиг байгаа юм. Байгаа нь миний цүнхэнд байгаа. Сүх нь орон доогуур байгаа. Сүхийг нь түлхсэн гэж ярьж байсан. Зоригоо орж ирээд Булгаа гэж надыг дуудсан, Зоригоог нэг удаа цохисон байхаа одоо Бат-Үүлийнх рүү явлаа. Бат-Үүлийг одоо очиж ална гээд явсан. Нэг нэгийгээ Дашаа, Оюунаа гэж дуудаж байсан, ер нь таануусыг бүгдээрэнг чинь алнаа гэж ярьж байсан. Мөн тэд нар согтуу байсан гэж Булган эгч ярьж байсан юмаа. Мөн Булган эгч бид хоёрт хадгалсан мөнгө "төгрөг байхгүй гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг,

1998    оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Би болсон асуудлын талаар харсан үзсэнээ үнэнээр нь хэлсэн. Миний урд өгсөн 2 мэдүүлэг хоёулаа үнэн. Надад буруу зөрүү ярьсан зүйл байхгүй.Би тэр өдрийн орой Даваахүүгийн гэрийн зурагтаар 25 дугаар сувгаар Зөгий гэж нэртэй Америкийн кино үзсэн.Тэр хохирогч Зоригийн гэрээс гарч явсан 2 хүний эмэгтэй нь яг шар өнгийн драпан пальтотой байсан ба би сайн харсан. Үүнд би эргэлзэхгүй байна. Урт хүрэн өнгийн цувтай байсан бол сайн л харагдана шүү дээ. Тэр эмэгтэй цувгүй байсан.Тэр үед манай урд талын 32 дугаар байрны гэрэл асаалттай байсан...” гэх мэдүүлэг,

1999    оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Булган гуай Зоригийг эхлээд харьлаа гэж утасдсан гэж хэлсэн. Тэгээд хаалга тайлаад өгсөн танихгүй хоёр хүн байсан гэж ярьсан. Хоёр хүн дайраад л орж ирсэн гэж ярьж байсан" гэх мэдүүлэг,

2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...1998.10.02-ны өдөр бол Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 39 тоотод амьдран суудаг байсан. Өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй, тухайн үед бүгдийг нь ярьж мэдүүлсэн байгаа. ...Одоо сайн санахгүй байна. Талийгаачийн зангиаг би тайлсан байх, яаж тайлснаа санахгүй байна. Талийгаачийн бугуйнд цаг байсан талаар санахгүй байна. Талийгаачийн харин гар утас нь байсныг санаж байна. Фото зурагаар одоо хараад санаанд бууж байгаа зүйл байхгүй байна...” гэх тус тус мэдүүлсэн байна.

Бид дараагийн дугаарт бусад гэрчүүдийн мэдүүлгийг хүргэх болно.

Үргэлжлэл бий...

Өмнөх нийтлэлүүд

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №1 Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар Ц.Амгаланбаатарт дэглүүлсэн тухай

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №2: Б.Булган хадмууддаа хаалгаа тайлж өгдөггүй хэрнээ алуурчдад...

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №3: Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №4: С.Дэмбэрэл, Ш.Батбаяр нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №5: Ц.Амгаланбаатар: Захиалагч Э.Бат-Үүл, нуун далдлагч Б.Булган, зуучлагч Ганхуяг

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №6: Хэргийн газарт хийсэн үзлэг тэмдэглэл

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №7: Шинжээчийн дүгнэлтүүд /үзлэгийн зургууд хавсаргав/

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №8: Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын зургийг хараад алуурчид биш гэж Булган хэлж байв

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №9: ОУПХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэр

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №10: Э.Бат-Үүл хэргийг захиалж, Б.Булганыг хүчиндсэн тухай Ц.Амгаланбаатарын мэдүүлэг

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №11 Нууц гэх материалууд нууцын зэрэглэлээс гарсан тухай

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №12 Б.Булганы тухай хавтаст хэрэгт авагдсан анхаарал татсан баримтуудаас