Сонгуулийн дуу ойртохоор элдэв "амлалт"-ын тухай улс төрчдийн амнаас үнэхээр өнөө маргаашгүй хийх гэж байгаа юм шиг л сайхан урсаад гарчихдаг. Тэгвэл өмнө сонгуулийн "амлалт"-ын нэг нь цалинтай ээж хөтөлбөр.

Хүүхдээ төрүүлээд гэртээ асран суугаа эхчүүдэд сарын бүрийн 50 мянган төгрөг олгох талаар яригдаж хоёр жилийн дараа хэрэгжсэн. Өнгөрөгч оны нэгдүгээр сарын сүүлээр олгогдож эхэлсэн. Жирэмсэн эхчүүд төрөх хүртлээ 40 мянган төгрөгийн тэтгэмжийг авах боломжтой бөгөөд, хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж 50 мянган төгрөг авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргаж байсан билээ. 

Тэгвэл өдгөө энэ зарчмаасаа ухарсан шийдвэр гаргасан юм.  Эх амаржсаны дараа Нийгмийн даатгалын сангаас декретний мөнгө буюу амаржсаны хоёр сарын тэтгэмжийг олгодог. Уг тэтгэмжийг авсан ээжид Нийгмийн халамжийн сангаас олгодог "Цалинтай ээж" хөтөлбөр буюу "Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж"-ийн хоёр сарын мөнгийг давхардуулан олгохгүй байхаар болжээ. Угтаа бол нийгмийн даатгалын тэтгэмжийг өөрийн авсан цалингийнхаа хувиас төлсөн. Үүнийгээ эх амаржсаны дараа тэтгэмж болгон авч байхад төр үүнийг өгсөн болж таараад байна. Өөрөөр хэлбэл, би өөрийнхөө төлсөн татвараа тодорхой хувийг нь ажилгүй суухдаа авч байгаа гэсэн үг. Гэтэл төрөөс өгсөн тэтгэмж болж хувирчихав гэж олон ээжүүд гайхаж байна.

Харин цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд өгч буй 50 мянган төгрөг нь жинхэнэ төрөөс өгсөн халамж болж байгаа.  Төрөөс өгч буй халамж гэж дээ МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан сонгуулийн амлалт. Олонхи болсон нам мөрийн хөтөлбөрийнхөө нэгийг хэрэгжүүлэх гэж нэгийг нь танасаар байгаа нь харамсалтай. Хүүхэд бүхэнд 20 мянган төгрөгийг олгож эхлээд удалгүй төсвийн тандалт нэрээр нэг хэсэгт нь өгөхөө зогсоож ялгаварлан гадуурхал үүсгэсэн. Үүнийгээ нэг мөсөн зогсоож, цэцэрлэг, сургууль барь хэмээн олон нийт шүүмжилсэн ч өдгөө сонгуулийн дуу ойртохтой зэрэгцэн хүсэлт гаргасан бүх хүүхдүүдэд олгохоор болсон тухай шийдвэр гаргах нь тэр.  

"Цалинтай ээж" хөтөлбөр нь цагтаа ээжүүдийн данс руу орох гэж бас багагүй бухимдал үүсгээд авдаг. Сар бүрийн 20-нд буудаг энэ тэтгэмж нь өмнө сардаа олгогдоогүй байж  дараа сард мөн л санхүү дууссан гээд олгогдохгүй байх нь олонтаа.