УИХ-ын гишүүд бөөнөөрөө ЖДҮ-ийн сангаас олон арван тэрбумыг авсан нь баригдаж нүдний булай болцгоож байгаа. Хэрэг явдал дуусаагүй, дууслаа ч улс төрийн карьертайгаа хамт дуусах биз. Гэтэл саяхнаас залгаас нь хийгдэж байх шиг байна. Засгийн Газрын гишүүд ЖДҮҮР-сэн байж болох муу мэдээлэл нийгэмд цацагдлаа.

“10 сая долларын авлига авсан сайд”-ын асуудал айхавтар хурцаар босч ирлээ. Энэ бол намжиж дарагдахааргүй том дуулиан юм. Анх “Зууны мэдээ” сонин дээр хоёр ойрхон давталттайгаар “10 сая доллар авлигад авсан сайд хэн бэ” гэсэн мэдээлэл гарч, тэр нь тал бүр тийш тарсан, тараасан ч байх, цаанаас нь. Эзэн биегүй энэхүү 10 сая долларын эсрэг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гарч ирж мэдэгдэл хийсэн. Хэрэг дээрээ “Арван саяын эзэн бол аварга Сумъяабазар” гэж хэн ч хэлээгүй байсан л даа. Сошиалд ганц нэг тэнэмэл мэдээ байсан байх. Гэхдээ Д.Сумьяабазар мэдээлэл хийсэн нь болсон юм. Түүний мэдээлэл далд санаа ихтэй, “Ерөнхийлөгчийн айлчлалаар би яваагүй. Цаг хугацааны эрхээр энэ хэрэг ил болох байх” гэж. “Ерөнхийлөгчийн айлчлалд би яваагүй” гэдэг нь нэр холбогдсон сайд л тэр айлчлалд явсан гэдгийг хэлж өгсөн юм. “Энэ хэрэг ил болох байх” гэсэн нь холбогдсон сайд нь удахгүй ил болно гэдгийг шууд хэлсэн санаа. Иргэд олон нийт ингэж ойлгоод байж байтал маргааш нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн бас мэдээлэл хийсэн. “Би урд хөршид “Нэг зам нэг бүс” уулзалтад оролцсон. 10 сая доллар гэдэг санаанд багтахгүй их тоо” гэж. Санаанд багтах их тоо гэж бас байх нь. Францаас ирсэн гэх авлигын 1.2 сая евро бол санаанд багтах тоонд орох байх. Хэрэг дээрээ хэн ч “Ц.Даваасүрэн сайд 10 сая доллар хусчихсан” гэж бас яриагүй. Миний хувьд лав энэ хоёр сайдын мэдээллээс л анх “Аа золиг гэж энэ хоёр сайд 10 сая ам.доллар авсан хэрэгт холбогдоод байгаа юм байна” гэж мэдэж авсан юм. Олон түмний дийлэнх нь ч надтай адилхан ингэж мэдсэн байх. Яахав, сайд нар болохоор нийгмийн сүлжээг худлаа гэж ойлгоод тоохгүй байсан биз. Өдөр тутмын сонин дээр гараад эхлэхээр “Одоо яана аа...” гээд сандарч ярьцгаасан болов уу.

Энэ өдрүүдэд Засгийн Газрын гал тогоог барьж буй чухал хүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бас зүгээр суугаагүй. Хэвлэлийн бага хурал хийж “Хэвлэлээр ийм мэдээлэл гарсан байна. Нэр зарлагдсан зүйл байхгүй байна. Гэвч миний зүгээс хууль хяналтын байгууллагын удирдлагуудаас асуусан, одоохондоо иймэрхүү асуудал алга гэсэн” хэмээн мэдээлсэн юм. Л.Оюун-Эрдэнэ сайд тас цохисон мэдэгдэл хийж болно. Тэгээгүй л дээ, тийм нэг үлдэцтэй, одоохондоо гэж ирээд хэн нэгэнд анхааруулсан, цааш нь шалгавал шалгана, шалгахгүй байсан ч болно гэсэн өнгө аястай ярьсан юм. Тэрнээс ЗГХЭГ-ын даргад урьдын адил “Наадхи чинь ор үндэсгүй мэдээлэл. Манай Засгийн Газрыг муутгах гэсэн хар пиар байна” гэсэн хариулт мөн ч бэлэн цэцэн байгаа даа.

Болж буй үйл явц, эдний хэлж ярьж байгаа байр байдал, далд санаа, нийгэмд хаяж буй мессэжүүдийг харахад “10 сая долларын авлига авсан сайд” бол зүгээр ч нэг хар пиар огт биш юм. Ардаа дандаа үлдэцтэй. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Энэ Засгийн Газрын зарим сайдуудад, хувь хувьсгалд нь нийлүүлэн 10 сая доллар өгсөн байж магадгүй” гэсэн нь ортой ч юм шиг. Хэрэвзээ энэ үнэн бол маш нууц түвшинд хийгдсэн энэ ажиллагаа яагаад битүү хатуу утгаар нийгэмд гэрэл цохиж эхлэв. Гэрэл цохиулж байна вэ ч гэх юм уу. Хэн ийм заналхийллийг битүү хатуунаар нийгэм рүү шидчихээд, хэн нэгнийг цочоогоод, ажиглаад суугаад байна. Арван сая долларын авлигын асуудлыг Засгийн Газрын сайд нар тэр чигээрээ мэдэж, гадарлаж байгаа гэх эх сурвалж ч байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ сайд зодолдсон, зодуулсан гэх мэдээлэл ордны зүгээс чих дэлсэх болсоор хэдэн хонолоо. Мань эр үүнийгээ цайруулахдаа “Хоолны хордлого маань хөл рүүгээ ороод...” гэсэн урьд хожид сонсоогүй сонин оношийг хэлж Солонгост очиж эмчлүүлснээ ярьсан. Тэдний ихэд ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар бол Л.Оюун-Эрдэнэ “том”-тойгоо гар зөрүүлсэн юм уу, газар унаталаа цохиулсан юм уу... ийм нэг мэдээллийг хэлж байгаа. Зөрөлдсөн шалтгаан нь гэвэл гал тогоог нь барьж буй, газар хошуу нэгтэй дүү нь Монголын бүр томд ихэд ойр байх болж, элдвийг ярих болсон, ярихаас ч өөр аргагүй тийм халуун дотно дэд бүтэц тэдний дунд байдгийг хэн хүнгүй мэдэх болсон зэрэгтэй холбоотой гэх. Газарт унаталаа тавиулсан хонзондоо өөрийн дэд бүтцээ ашиглан нийгэмд “Арван сая долларын авлига авсан сайд хэн бэ” гэсэн аймаар таавар таалгаж, “Цааш нь ярих уу, яах уу” гэсэн алдарт үгийг өөрийн томдоо хэлсэн ч гэх шиг. Өнөө том нь яаж хүлээж авсан нь удахгүй нийгмийн сүлжээ хийгээд тэдний мэдлийн хэвлэл мэдээллээс харагдах байх гэсэн яриа байна. Ийм л зүйлсийг Төрийн ордонд жиг жуг хийх болжээ. Эх сурвалжуудын мэдээгээр энэ бүхэн үнэн бол яах аргагүй Засгийн газрын ЖДҮ задрах нь. УИХ-ын ЖДҮ-гийн халдвар Засгийн Газарт нь халджээ гэсэн үг. У.Хүрэлсүхийн Засгийн Газрын кабинет УИХ-тайгаа яг адилхан боллоо гэсэн үг. Шулуухан хэлэхэд “Арван сая ам.долларын авлигал авсан сайд” гэсэн эзэн биегүй мэдээлэл Ерөнхий сайдад зориулсан заналхийлэл юм байна. Тэдний кабинетийн сайдуудад зориулсан юм байна. УИХ-ын гишүүд нь “ЖДҮ” гэсэн үг сонсоод үнхэлцэг нь хагарах шахдаг болсон шиг. Засгийн Газрын гишүүд нь “Арван сая” гэсэн үг сонсоод хувхай цайдаг болсон байх нь. Хэрэвзээ үнэхээр 10 сая долларын эзэн холбогдогчид ил болбол Их хурлын ЖДҮҮР-сэн гишүүдийг авч үлддэг шигээ сайдуудаа авч гарна гэвэл тэгээд сөнөх биз. Ирэх сонгуулийн тухай яриад ч хэрэггүй болох байх.

Энэ бүгдийг мэргэн уншигч та өөрийнхөөрөө тунгаа. Ямар ч л байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн Газар “Арван сая ам.доллар” гэсэн эзэн биегүй нэг том хадны мангаатай боллоо. Тэр нь хэзээ, хаанаас гарч ирж сүйд хийхийг мэдэхгүй. Дэд бүтэц сайтай, дээгүүр жаалж суугаа хэдэн хүний л мэдэх ажил байх. Монгол өнөөдөр тийм л болчихоод байгаа юм чинь...