Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчинг устгахаар “Улаан тариа II” аянг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэмбүү өвчин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул ийнхүү арга хэмжээ авахаар болсон талаараа дуулгав.Тэрбээр эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү эзэлж байна. Мөн жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна” гэлээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд тэмбүү өвчний 1922 тохиолдол бүртгэгджээ. Үүний дийлэнх нь буюу 992 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Уг аян хоёр жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд мөн хоёр үе шаттай юм байна.

Нэгдүгээрт, төрөлхийн тэмбүүг устгах. Энэ хүрээнд жирэмсэн  болон жирэмслэх насны эмэгтэйчүүдийн дундах үзлэг шинжилгээг эрчимжүүлэх юм байна. Он гарснаас хойш дөрөвхөн сарын хугацаанд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төржээ. 

Хоёрдугаарт, нийт хүн амын дунд тэмбүүг устгах аж. Ингэхийн тулд хүн амын дунд урьдчилсан үзлэг хийж, эмчлэх бөгөөд уул уурхай болон олон хүн  ажилладаг томоохон аж ахуйн нэгжтэй хамтарч, иргэдийг үзлэгт оруулахаар болсон байна. 

Мөн энэ үеэр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны өрхийн эмнэлгээс төлөөлөл ирж, мэдээлэл өглөө. Тус хороонд өнгөрсөн 2018 онд нийт 43 тэмбүү өвчнөөр өвдсөн жирэмсэн эх хандсан бол энэ оны байдлаар 13 тохиолдол бүртгэгдээд байгаа гэсэн мэдээллийг өрхийн эмнэлгийн дарга өгч байлаа. Мөн анхан шатны өрхийн эмнэлгүүдэд энэ өвчнийг эмчлэхэд багагүй хүндрэл учирч, хавьтагч нь эмчилгээнд хамрагдахгүй байх тохиолдол ч гардаг гэдгийг хэлсэн юм.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү “”Монгол Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин Социализмын үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн. Нийгмийн хүчин зүйл болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалт, ядуурал зэрэг сөрөг үзэгдлээс үүдэлтэй” гэдгийг хэлж байв. Мөн “Бид ийм том зорилт тавьж ажиллахаас аргагүй байдалд хүрээд байна. Өмнө нь Социализмын үед маш сайн хяналт тавьж, эмчилгээ оношилгоо, илрүүлэх үзлэгийг далайцтай хийж, илрүүлснээ эмчилж, хавьтагчийн цаана байгаа өвчтөнийг олж, үндсээр нь эмчилж байсан юм. Гэтэл өнөөгийн нийгэмд хүний эрх, албан байгууллагууд ажилтнуудаа шинжилгээнд хамруулахгүй байгаа зэрэг олон хүчин зүйлээс болж, тэмбүү өвчин газар аваад байна. Энэ бол зөвхөн Эрүүл мэндийн салбарын асуудал бус хувь хүний эрүүл мэндийн асуудал. Тиймээс иргэд тэмбүү өвчний шинжилгээнд идэвхтэй хамрагдаарай. Үзлэг шинжилгээнд хамрагдсанаар гурван удаагийн хүчжүүлсэн пенцлин тариаг зургаан цагийн зайтайгаар долоо хоног тарьдаг. Ингэснээр тэмбүү өвчин бүрэн эдгэрч, эмчийн хяналтад жилийн хугацаанд байх болно. Хамгийн гол нь өвдсөн хүмүүс дахин халдвар авахгүй нь тулд хавьтагчаа нуулгүй хэлэх ёстой. Оношилгоонд онцгой анхаарч, маш их хүн хүч, хөрөнгө мөнгө зарсан аянд иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь жирэмсэн эхчүүд эмчийн хяналтад оролгүй төрөлхийн тэмбүүтэй нярай төрүүлж байна. Жирэмсэн эмэгтэй тэмбүү өвчнөөр өвдсөнд ч эмчлэгдэх бүрэн боломжтой. Ураг ч эрүүл төрнө” хэмээв.