Миннесота муж улсын Мэйо эмнэлэгт (Mayo Clinic) авсан эхний видео дүрс бичлэгт эмнэлгийн орон дээр суугаа, толгой нь боолттой өвчтөн харагдаж байна. 

“Халим”, “нүх”, “амьтны хүрээлэн” гэх мэт 12 үг цээжлэх гэж оролдож буй өвчтөн ердөө гурвыг нь л нэрлэж дөнгөлөө. Хэчнээн чармайгаад өвчтөн бусдыг нь санаж чадалгүй бууж өгөв.

Хоёр дахь видео бичлэгт нөгөө өвчтөн маань 12 үгийг торох юмгүй давтаж байх юм. “Та бүгдийг нь санаж чадаад байна!” хэмээн судлаачид магтацгаалаа. Энэ удаад өвчтөний тархинд мэс заслын аргаар суулгасан хиймэл санах ой тус болжээ.

АНУ-ын Батлан Хамгаалах Яамны харьяа тусгай судалгааны DARPA (Defense Advanced Research Projects Agency) агентлаг уураг тархи нь гэмтсэн хүмүүсийн ой санамжийг сэргээх төхөөрөмж хөгжүүлэхэд 77 сая ам.долларын хөрөнгө оруулаад байна. Тус агентлаг хүмүүн өвчтөнүүдэд явуулсан хоёр ч хэсэг судалгааны тайлангаа өнгөрсөн онд нийтэлсэн.

Зүүн тархины бор гадаргатай холбогддог уг төхөөрөмж нь тархины цахилгаан идэвхийг хэмжин санахуй үүсэх явцыг тодорхойлж өгдөг.

Мэйо эмнэлэгт ашигласан төхөөрөмжийг Пенсильванийн их сургуулийн сэтгэл судлалын ухааны профессор Майкл Каана анагаах ухааны технологийн Medtronic Plc компанитай хамтран бүтээсэн юм. Зүүн тархины бор гадаргатай холбогддог уг төхөөрөмж нь тархины цахилгаан идэвхийг хэмжин санахуй үүсэх явцыг тодорхойлж өгдөг. “Цаг уур судлаачид гадаа хэмжих багаж байрлуулж агаарын чийгшил, салхины хурд, температурыг тооцоолдогтой л адилхан. Тархинд сенсор төхөөрөмж байрлуулж цахилгаан дохиог нь барьж авч буй хэрэг” хэмээн Каана тайлбарлав. Тархины ажиллагаа зохих хэмжээнээс дутуу байх аваас уг төхөөрөмж өвчтөнд өөрт нь үл анзаарагдах маш өчүүхэн цахилгаан лугшаа дамжуулах аргаар мэдрэлийн дохиог “өсгөж” ой санахуй бүрдэхэд нь тус болдог. Хоёр тусдаа явуулсан урьдчилсан туршилтын дүнгээс үзвэл уг төхөөрөмж ой санамжийг 15-аас 18 хувь сайжруулж чадаж байна.

Хоёр дахь бүлэг туршилтыг Умард Каролина муж улсын Уэйк Форест баптист анагаахын төвийн баг Өмнөд Каролина муж улсын их сургуулийн эрдэмтдийн туслалцаатайгаар илүү нарийн түвшинд явуулсан юм. Жилийн өмнө явуулсан судалгааны тайлангаас үзвэл, уг судалгаанд хамрагдсан өвчтнүүдийн ой санамж 37 хувиар дээрджээ. “Түлхүүр хаана байгаа билээ?”, “Машинаа хаана орхилоо?”, “Эмээ уусан билүү?” гэх мэт амьдралын өдөр тутмын асуултад хариулах чадвараар нь үнэлж шалгаснаа 2018 оны судалгааг удирдсан Роберт Хэмпсон тайлбарласан юм.

Ой санамж үүсгэхийн тулд уураг тархины хэд хэдэн төрлийн нейрон код гэж нэрлэж болох мэдээллийг тун өвөрмөц маягаар дамжуулдаг. “Энэхүү код нь ой санамж болгонд, хувь хүн бүрд өвөрмөц” хэмээн доктор Хэмпсон өгүүлэв. Эрдэмтэд хүний уураг тархинд ой санамж үүсэхэд гол үүрэгтэй хиппокамп буюу “далайн морь” гэгддэг хэсгийн нейроны ажиллагааг судалж зөв, буруу санахуйн мэдээлэл үүсгэдэг механизмыг өвчтөн тус бүрд тодорхойлсон байна. Уг судалгаандаа тулгуурлан тархи алдаа гаргах тохиолдолд кодыг нь засаж өгөх механизм үүсгэжээ.

Судалгааны цаашдын шатанд төхөөрөмжийн овор хэмжээг багасгаж, зах зээлд гаргахын тулд АНУ-ын Хүнс, Эмийн Бүтээгдэхүүний Захиргаанаас (US FDA) зөвшөөрөл авах юм. Nia Therapeutics Inc хэмээх старт-ап доктор Кааны төхөөрөмжийг арилжааны хэрэглээнд нэвтрүүлэхээр ажлаа хэдийн эхлээд байна.

"Засгийн газрын мэдээ" сонин