ОТ төслийн хувьд 34 хувь нь Засгийн газрынх, 66 хувь нь Рио Тинто, Айванхоу болон өөр бусад компани, хувь хүмүүсийнх.

Ногдол ашиг чухал уу? Төслийн үр ашиг чухал уу?

Энэ асуудлыг зөв ойлгох явдал чухал болж байна. Учир нь НОГДОЛ АШИГ гэсэн асуудал манай улс төрчдийн дуртай ПОПУЛИСТ сэдэв болох хандлагатай байна. Хэд хэдэн асуудлыг эхлээд онцлох нь зүйтэй юм.

Ногдол ашгийг ОТ төсөлд хөрөнгө оруулсан хэн нэг нь түрүүлж хүртэхгүй.

Цаг хугацааны хувьд ногдол ашиг хойшлогдсон бол энэ нь Засгийн газар болон бүх хөрөнгө оруулагчдад мөн адил хамаарна.

Ногдол ашиг  хэзээ хүртэх, ямар хэмжээтэй байх гэдэг тооцоо нь зах зээлийн тухайн үеийн үнэ ханшнаас ихэд шалтгаална. Зэс тонн нь 10 мянган ам. доллар байх үеийн ногдол ашгийн цаасан дээрх тооцоо ойрын ирээдүйтэй харагдсан байж таараа. Суперцикл төгсөж үнэ унах үеийн ногдол ашгийн тооцоо хугацааны хувьд алсарч гарах нь гарцаагүй.

 

Ногдол ашиг хөрөнгө оруулагч талуудын тэргүүн зэргийн зорилт биш юм.Гол нь компаний ашигт ажиллагаа онцгой чухал байдаг. Үүнийг дор Санхүүгийн хүрхэрээгээр тайлбарласан байгаа.

Ногдол ашиг тэргүүн зэргийн нэн яаралтай зорилт биш ч гэлээ хүртээд эхэлбэл түүнээс илүү таашаалтай зүйл хаанаас олдох билээ. Түүнийг бодиттойгоор хурдан хүртье гэвэл компанийн үйл ажиллагаа ямар нэгэн сааталгүй,  ашигт ажиллагаа нь  өндөр байх явдал чухал юм.

Хэрэв компани өндөр ашигтай байгаа бол санхүүгийн чадвартай байж, өр зээлээ дарна, өөрсдөө дараа нь ногдол ашиг хүртэх бололцоотой байх болно.

Хэрэв компанийн үйл ажиллагаа популист улс төр, эдийн засаг, техник, технологийн шалтгаанаас гацвал ногдол ашиг хүртэх хугацаа хойшилно.

Үр ашиг нь Ногдол ашгаас илүү чухал үзүүлэлт

Үүнийг ойлгохын тулд Санхүүгийн хүрхэрээ гэсэн ойлголтыг мэдэх явдал чухал байх шиг. Энэ асуудал бол ганц ОТ-д хамаарах бус бусад бүх бизнесийн байгууллагад нэгэн ижил хамаарах тогтсон стандарт гэж хэлж болох ойлголт юм.

Аливаа компани олсон орлогоо ямар ээлж дараалалтайгаар зарцуулдаг вэ гэдгийг сонирхьё.

Аливаа компани юуны өмнө олсон орлогоосоо Opex буюу үйл ажиллагааны (цалин хөлс, шатахуун, материал, түүхий эд, цахилгаан, ус  болон бусад) зардлын төлбөрийг хийнэ.

Дараа нь Debt Service буюу авсан зээлийнхээ хүүг төлнө. Хугацаа болсон зээлээ төлнө.

Дараа нь Taxes буюу тухайн улс оронд өгөх татвар, хураамжаа төлнө.

Гэх мэтчилэн олсон орлогоо зарцуулсаар Хамгийн сүүлд Equity Return буюу Ногдол ашиг өгөх бөгөөд ингэхдээ эрсдэл үүрээгүй хувьцаа эзэмшигчдэд хамгийн сүүлд төлбөр хийнэ.

Үүнийг САНХҮҮГИЙН ХҮРХЭРЭЭ гэдэг байна.

Санхүүгийн хүрхэрээний хамгийн сүүлчийн дамжлага дээр байгаа ногдол ашгаа хоосон улс төржүүлж ТӨСЛӨӨ БУРУУШААЖ ЭХЭЛБЭЛ ХӨЛӨӨРӨӨ ТОЛГОЙ ХИЙСЭНТЭЙ АГААР НЭГЭН БОЛНО.

ПОПУЛИЗМ хийж болно. ЭДИЙН ЗАСАГТ ДАЙСАГНАДАГГҮЙ байх явдал өнөөгийн Монголын том асуудал болж байна.

Анхааран уншсан явдалд талархаж байна.