Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолыг шимтэн уншигчид түүнийг сайн танина. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ажил эрхэлдэг ээжүүдэд тулгамддаг асуудлын талаар хөндөн бичжээ. 
"Ажилладаг ээж, эсвэл гэр бүлтэй бөгөөд ажил эрхэлдэг эмэгтэй гэдэг бол нийгмийн нэгэн чухал асуудал юм!
Харин манайд бол, "Монголын үрс маш олон болтугай!" гэсэн сайхан агаад хоосон лозунгийн цаана, ажил эрхэлдэг атал хүүхэдтэй эмэгтэйн асуудлыг хэн ч, хэзээ ч чухалчлан ярьж, анхаарч байсангүй!
Эхний зураг дээрх Сьюзи Мартин хэмээх цаг уурын мэдээ уншдаг бүсгүй хүүхдээ үүрэн ажлаа хийж байгаа нь ажилладаг ээжийн асуудалд анхаарал хандуулахыг уриалж буй мессеж ажээ!
Хоёр дахь зураг дээрх эмэгтэй Австралийн парламентын гишүүн. Мөн л хүүхдээ хөхүүлэнгээ үг хэлж байгаа нь эх хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд төр засгийн анхаарал татах гэсэн нэг алхам нь. Мөн, амьдралынх нь нэг хэмнэл энэ гэдгээ ч үзүүлж буй нь аж.
Нэг хоёр жилийн өмнө Сангийн дэд сайд Булгамаа Төрийн ордны хойд цэцэрлэгт хүүхдээ хөхүүлж суугаа зураг тарснаар анх, ажлын байранд хүүхэд хөхүүлэх, живх солих өрөө байлгах тухай сэдэв Монголд хөндөгдөж билээ. Тэр ч бүү хэл, Төрийн ордонд хүүхэд хөхүүлэх өрөө байж болох эсэх тухай ч маргаан дэгдсэн! Гэхдээ, тэнд эх хүүхдийн өрөөтэй болсон эсэх нь тодорхойгүй үлдсэн! Ой санамжгүй олонхи одоо ч тэр асуудлыг мартсан биз дээ. 
Эх болох, үр хүүхэд төрүүлэх нь сайхан. Гэвч эмэгтэй хүн эх болохдоо бие махбод, гормоны өөрчлөлтөөс үүдсэн сэтгэлийн хямрал, сэтгэл гутрал, цаг заваа бүхэлд нь хүүхдэд зориулснаар өөрийнхөө ажлын амжилтыг зогсоох, санхүүгийн хараат байдалд орох гэхчлэн хичнээн ч олон асуудал үүсдэг билээ!
Гэтэл өнөөдрийн Монголын нийгэмд төрүүлж буй хүүхдийнх нь тоогоор үнэлж, жилд ганц удаа одонгоор шагнах, олон нийт ч эмэгтэй хүнийг заавал хэр олон хүүхэд төрүүлснээр нь зэрэг дэв тогтоох хандлага тогтоод байна.
Олон улсын байгууллагын судалгаагаар Монголд эх хүүхдийн байдал 2 жилийн өмнөхтэйгээ харьцуулахад 20 гаруй байраар ухарчээ! Хүүхдийн эмч, эмнэлэг хүрэлцээгүй. Агаарын асар их бохирдолтой. Эм тариа тэнгэрийн үнэтэй! Хүүхэд салхилуулах, тэрэгтэй нь түрж явах орчин огтоос байхгүй! Гадуур гарахад живх солих өрөө хомс. Цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй атал, Монголын төр энэ бүх асуудлыг сох хаячихаад, гагцхүү 4,6 хүүхэд төрүүлсэн эхчүүдийг нийгмийн баталгаагүй одонгоор шагнаж л аргацааж байна!
Олон хүүхэдтэй эхчүүдийг хараад "Гоё юм!"." Сайхан юм!" гэж шагшсан хүмүүс л их харагдах юм! 
Миний хувьд тэр олон жаахан хүүхэдтэй эмэгтэйд туслах хүн байгаа болов уу, гэрийнхэн нь, нөхөр нь ойлгож хайрлаж байгаа болов уу л гэсэн эмзэг бодол хамгийн түрүүнд төрдөг. 
Оох, одонтой мисс ээж! Олон хүүхэд төрүүлсэн атал, төрөөгүй юм шиг арчаатай, гоолиг, залуухан бүсгүй!
Бодоод, хараад байхнаа, Монгол эмэгтэй аль болох олон хүүхэд төрүүлэх, тэгсэн мөрт, аль болох хүүхэдгүй юм шиг харагдах ёстой юм байна! Бүхэл бүтэн хүн тээж, ургуулж төрүүлсэн хэвлий сунадаг юм шдээ! Хүнийг хөхүүлж бойжуулахдаа бие нь таргалдаг юмшдээ! Аль юм болгон хүний хэтэвч өнгийж суухав дээ, ажилдаа зүтгэхийн хажуугаар эх хүн ангаахай үрээ өсгөдөг юмшдээ! Ажилтай ээж байх амаргүй! Нэг хүүхэд төрүүлэх ч асар их хөдөлмөр, золиос, зориг шүү, хүмүүс ээ!" хэмээв.