Цахим орчинд худалдаа наймаа эрхлэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Үүнийг дагаад бусдын итгэлийг олж мөнгийг нь залилан мэхлэх хэрэг даамжирч байгаа юм. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулга авлаа.


-Цахим орчинд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрүүд урьдчилгаа авна гэх нэрийдлээр залилах гэмт хэрэг үйлдэж байна гэх гомдол иргэдээс ирж байна. Ийм төрлийн гэмт хэргээс иргэд хэрхэн сэргийлэх вэ?

-Энэ төрлийн гэмт хэргүүд цагдаагийн байгууллагад хэд хэд бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл бусдын итгэлийг эвдэх замаар хохирол учруулж байгаа тохиолдол л доо. Тухайн иргэд эхлээд бага хэмжээний мөнгө өгчихөөд цагдаагийн байгууллагад хандахгүй байх тохиолдол байдаг. Цахим ертөнц, фэйсбүүк орчинд энэ хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй. Домейн нэр авсан сайт байх юм бол илрүүлэхэд хялбар. Гэтэл цахим сүлжээнд фэйж хуудас нээгээд л гадаадын брэндүүдийг Монголд оруулж ирж захиалга авна, урьдчилгаа 10 хувийг төлсний дараа таны захиалга баталгаажиж тодорхой хугацааны дараа бараа бүтээгдэхүүнийг өгнө гэх мэтээр залилах тохиолдол байдаг. Энэ мэтээр хохирсон иргэд байвал цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.

-Тодорхой дансаар гүйлгээ хийдэг шүү дээ. Илрүүлэхэд хялбар биш үү?

-Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд бусдын дансыг ашиглах тохиолдол их байна. Мэдээлэлгүй, таньж мэдэхгүй хүний дансаар мөнгө оруулж гаргадаг. Ингээд тухайн дансыг нь шалгахад онлайн худалдаа эрхэлсэн иргэдтэй ямар ч холбоогүй байх тохиолдол элбэг. Цахим сүлжээнд сайн зүйл олон байгаа ч, гэмт хэрэг хийх санаа сэдэлтэй хүмүүс их байна. Аливаа бараа бүтээгдэхүүн авч гүйлгээ хийх гэж байгаа тохиолдолд тухайн байгууллагын байршил, тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх, холбогдох утасны дугаар зэргийг нягталдаг байх хэрэгтэй. Хүмүүс царай зүсийг нь хараагүй мөртлөө л мөнгө шилжүүлчихээд байна шүү дээ. Энд хэрэглэгчийн өөрийнх нь хариуцлагын асуудал яригдана.

-Сүүлийн үед “хандивын аян” нэрийн дор бусдыг залилах тохиолдол гараад байх шиг. Иргэд сайн үйлсийн аянд нэгдэхдээ юуг анхаарах вэ?

-Манайхан зовж зүдэрсэн элэг нэгтнүүддээ хандивын аян өрнүүлж хагалгааны зардлыг нь бүрдүүлэх, орон гэртэй болгодог зэрэг сайхан жишээ олон бий. Сайны хажуугаар саар гэгчээр ашиг хонжоо олох гэсэн хүмүүс ч байна. Тусламж дэмжлэг шаардлагатай хүн байдаг. Түүн дээр нь дөрөөлөөд туслах хандивын аян өрнүүлээд цугларсан хөрөнгө нь зорилтот хүндээ хүрэхгүй байх, эсвэл хуурамч зураг ашиглаж хандивын аян өрнүүлэх тохиолдол байна. Иргэд үүн дээр нягталж болгоомжтой хандах хэрэгтэй. Хандивын аян өрнүүлэхэд утасны дугаар байдаг. Холбогдож асууж байх хэрэгтэй. Шаардлагатай бол цагдаагийн байгууллагад хандаж тодруулж ч болно. Манайхан тодруулахгүй байна л даа. Тодорхой хэмжээний мөнгө шилжүүлчихээд хүнд тусалчихлаа гээд л бодоод явж байдаг. Таны тусламж зорилтот бүлэгтээ хүрч байна уу гэдэгт анхаарах хэрэгтэй.

-Энэ төрлийн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан уу?

-Шалгагдсан тохиолдол байгаа. Хандивын аян сошиалаар өрнүүлээд цугларсан хөрөнгийг зорилтот бүлэгт нь зарцуулаагүй, тодорхой хэмжээг нь өгөөд л хувьдаа завшсан тохиолдол шалгагдаж байсан. Энэ асуудал дээр иргэд анхаарах хэрэгтэй. Гэхдээ сайхан сэтгэлтэй хүмүүсийн тус дэмээр хандивын аян үр дүнтэй явагдаж байгааг бид харж байгаа. Үүнийг хаанаас, хэн зохион байгуулж байна гэдгийг нягтлах хэрэгтэй.

-Хүүгүй мөнгө зээлнэ, мөнгийг тань үржүүлж дансанд тань оруулна гэх өгөгдлүүд цахимд олонтаа харагддаг. Үүнд хууртагдаж эд хөрөнгөөрөө хохирох иргэд олон байдаг шүү дээ?

-Олон нийтийн сүлжээгээр ийм төрлийн луйвар их байдаг. Энэ бүхнийг цагдаагийн байгууллага шалгаж мухарлаж явдаг. Иргэдэд анхааруулахад богино хугацаанд танаас ямар нэгэн үйлдэл шаардахгүйгээр “Оруулсан мөнгө тань хэд дахин үржинэ” гэх мэт өгөгдлийн цаана залилан мэхлэх гэмт хэрэг байх эрсдэл өндөр. Хүүгүй мөнгө зээлүүлэх нь хэнд ашигтай вэ. Хөрөнгийг хүн хөдөлмөрлөж биеийн хүчээ дайчилж олдог. Зүгээр байгаад л мөнгө олно гэх зарын цаана луйвардуулах эрсдэл байна гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Олон нийтийн сүлжээн дэх таны харилцагчийн цаана хэн ч байж болно.

Сүүлийн үед гадаад улсаас Монгол Улсын иргэдтэй онлайнаар холбогдоод “Их хэмжээний мөнгө өвлүүлэх гэж байна” гэж залилж удаан хугацаанд харилцаа үүсгэж байгаад мөнгийг нь залилж авдаг ноцтой хэрэг олон бүртгэгдэж байна. Саяхан нэгэн эмэгтэй манай байгууллагад “Би сайн найздаа залилуулчихлаа” гээд хандсан юм. Найзынх талаар тодруулахад “Миний фэйсбүүкийн найз. Би уулзаж үзээгүй. Зургийг нь л харсан” гэж байгаа юм. Цахим орчинд энэ мэтээр хохирох эрсдэл өндөр байгаа.

О.ДАШ