Увсын Засаг дарга угалз агнах зөвшөөрлөөр ашиг олдог уу

Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэд болон “Гулзат” ТББ-аас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ.

Тэд аймгийн Засаг дарга Д.Батсайханы хийсэн ажлыг эсэргүүцэж хууль бус үйлдлийг илчлэхээр 1300 км замыг туулж ирэхдээ 10 гаруй угалзын толгой ачиж ирсэн нь олны анхаарлыг татсан юм.

Тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Хүрэлбаатарын хэлснээр сүүлийн 14 жилийн хугацаанд 260 байсан аргалын тоог 2000 болгон өсгөсөн байна.

Гэвч  жуулчдад олгох ан агнуурын тусгай зөвшөөрлийн квотыг аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон Сагил сумын Засаг дарга нар нэмэгдүүлсэн төдийгүй, түүнээс олсон орлогын 50 хувийг байгальд зарцуулаагүйгээс болж өвөл тоо толгой нь хорогдсон гэв.

Хэвлэлийн хурал хийсэн иргэд “Манай аймагт хууль хэрэгжихгүй байгаа учраас Улаанбаатарт байгаа сайд дарга нарт, нийт монголчуудад биетээр үзүүлэх гэж угалзын толгойнуудыг авчирлаа. Тодруулбал, биотехникийн арга хэмжээ авахгүй байгаагаас энэ өвөл урд жилүүдээс хэд дахин олон аргаль угалз үхлээ. Барагцаалбал, 50-60 угалз. Бид тэдний 10 толгойг нь авчирлаа. Аймгийн ИТХ-аар баталсан менежментийн төлөвлөгөөнд нэг жилд 6 хүртэлх аргалыг агнуулж болно гэж заасан байдаг.

Өмнөх жилүүдэд 2-4 аргаль агнаж байсан. 2017 онд БОАЖЯ-нд 6 аргаль агнуулах захиалгыг Засаг дарга 10 болгон батлуулсан. Нэг угалз агнах зөвшөөрөл 19.000 ам.доллар. Энэ мөнгөний 50 хувь нь орон нутгийн төсөвт орж, 50  хувь нь байгальд зарцуулагдах ёстой. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн сүрэгт хужир, өвс тавих зэрэг ажилд зарцуулагдах ёстой. Гэтэл өнгөрсөн онд энэ мөнгийг бүрэн олгоогүйгээс өвс, хужраа тавьж чадаагүй. Тиймээс хорогдол их гарсан. Үхсэн аргаль угалзын ходоодыг задалж үзэхэд өвс, баас байхгүйг малын эмч нь тогтоосон” гэв.

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь 2016 оноос эхлэн угалз хамгаалах чиглэлээр байгуулагдсан “Гулзат” ТББ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож эхэлсэн байна.


О.Гэрэл
Оллоо.mn