Франц орон баячуудаас авах татварын хэмжээг 75 хувьд хүргэх бодлоготой байгаагаа Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ. Татвар өндөрсгөсөнтэй зэрэгцээд эх орноосоо дүрвэх явдал гарсныг уншигчид мэдэж байгаа.

Олланд тэднийг эх оронч бус хэмээн шүүмжилсэн. Баячуудаас их татвар авах, ядуучуудаас бага татвар авах нь зүйд нийцнэ.

 Монголын баячуудаас ч өндөр татвар авах хууль санаачилж УИХ-аар хууль батлуулах саналтай байна. Яагаад гэвэл Монголын баячууд гэж нэрлэгдэж байгаа хүмүүс нийт хадгаламжийн 90 хувийг эзэмшиж байгаа нь манай нийгэм эрүүл бус байгааг илтгэнэ. Цөөн хэдэн гэр бүл болон тэднийг тойрон хүрээлэгчид Монголын баялгийг бүрэн эзэмшиж байна. Эд баялгийг эзэмшээд зогсохгүй төрийн бүрэн эрх мэдлийг барьж байна. Үүнийг товчхондоо олигархийн засаглал гэж нэрлэдэг. Өнөөдөр үүнийг устган нурааж эрүүл тогтолцоог үүсгэх нь юу юунаас илүү чухал байна.
 
Гэхдээ энэ өөрөө нурахгүй. Юуны түрүүнд тэднээс өндөр татвар авах хэрэгтэй. Тиймээс хаврын чуулганаар “Баячуудаас 75 хувийн татвар авах” хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлэх хэрэгтэй. Энэ бол шударга хууль байх болно. Жирийн Монгол иргэний насаараа хөдөлмөрлөөд олохгүй мөнгийг эхнэр хүүхэд нь гадаадад очиж дэлгүүр хэсээд л дуусгаж байна. Ийм байхад адилхан татвар авна гэдэг бол байж болохгүй үзэгдэл. Мэдээж үүнийг гаргаад тавихаар олон хүн эсэргүүцэж, зарим нь бүүр эх орноосоо зугтаж ч мэднэ шүү. Үүнд гайхах хэрэггүй л дээ. Яагаад гэвэл энэ тэдний мөн чанар. Тэд эх оронч биш зөвхөн мөнгөнд хайртай. Тэдний зарим үйлдлүүд нь арай ч дээ гэмээр, монголд амьдарч байгаагүй юм уу гэмээр үйлдлүүд гаргадаг.
 
Өнөөдөр Таван Толгойд МCS, Шунхлай, МАК болон бусад компаниуд Монголын ард түмний өмч болох нүүрсийг зүгээр л ухаад л гаргаж байна. Үүнийхээ төлөө тэд улсад татвар төлж байгаа гэж хуцацгаана. Гэвч тэр газрын баялаг бол ард түмний өмч. Тухайн хэдэн компаний өмч биш. Ямарч баялаг бүтээхгүй зүгээр л шороотой нь ачиж байгаа учраас үүнээс 75 хувийн татвар авахад буруудах зүйл байхгүй. Татвар өгөхгүй гэвэл ухахаа болино л биз. Арван хүнийг цалинжуулаад 2.7 сая хүний эрх ашгийг хохироож болохгүй.
 
Тэдгээр компаниудын жилийн орлого нь хэдэн тэрбумаар тоологдож байна. Тиймээс Монголын баячуудаас 75 хувийн татвар авах хуулийн төсөл санаачилъ. Үүнийг ард түмнийхээ талд байдаг УИХ-ын гишүүд бүрэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.