Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн боловч санхүүжилт нь зогссон, барилга угсралтын ажил дуусаагүй, ашиглалтад ороогүй, 3 ба түүнээс дээш жил үргэлжилж байгаа нийт 254,473.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 12 Төсвийн ерөнхийлөн захирагчийн 56 барилга, байгууламжид 2008-2017 онд нийт 171,550.2 сая төгрөгийн санхүүжилт буюу төсөвт өртгийн 67.2 хувийг олгосон байна.

Дээрх барилга, байгууламжийг захиалагч буюу Төсвийн ерөнхийлөн захирагчдаар ангилж үзвэл нийт төсөл, арга хэмжээний 80.3 хувийг БХБС, БСШУСС, ЭХС-ын төсөл, арга хэмжээ эзэлж байна. Эдгээрээс  Эрчим хүчний сайдын багцын дуусаагүй, орхигдсон барилгуудыг хүргэж байна. 

Эрчим хүчний сайдын багцад 2014-2015 онд хэрэгжиж эхэлсэн нийт 63,850.6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 55,505.9 сая төгрөгийн санхүүжилт олгосон ч дуусаагүй, орхигдсон 6 төсөл, арга хэмжээ байна.

Дээрх төслүүдийн орхигдсон шалтгааныг тодруулахад захиалагч ЭХЯ-ны үйл ажиллагаатай холбоотой 5, гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой 2 шалтгаан илэрлээ.

Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.412 дэх заалтыг зөрчиж, захиалагч буюу ЭХЯ нь ТЭЗҮ болон зураг, төсөл нь боловсруулагдаагүй, магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажаагүй 5 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр Төсвийн тухай хуульд батлуулсан бөгөөд төсөл, арга хэмжээг анх төлөвлөхдөө газрын асуудлыг шийдвэрлээгүйгээс барилгын ажлын гүйцэтгэл удааширсан байна. Үүнд:

  •  Дулааны цахилгаан станц 4-өөс У-18 хүртэлх /Москва хорооллын урд тал хүртэлх 4.2 км, ф800-ийн голчтой дулааны шугамын барилга угсралтын ажил /УБ, БГД/ нь 2014 онд гэрээ хийгдэхдээ зураг, төсөв нь боловсруулагдаагүй байсан.
  • Хаалттай хуваарилах байгууламж 7-ийн өргөтгөл, 2 дугаар үе шатны ажил /УБ/ төсөл Улаанбаатар банк эзэмшиж буй газартаа барилгаа бариагүйгээс зогссон байна. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/987 дугаар захирамжаар Улаанбаатар хотын банканд 5 жилийн хугацаатай конторын зориулалтаар газар, түүний хамгаалалтын зурвасыг оролцуулан эзэмшүүлсэн боловч тус банк барилгаа бариагүй ба барилга баригдсан нөхцөлд дээрх төсөл үргэлжлэхээр байна.
  • 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км, 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг, барилга угсралтын ажил- БОАЖЯ-аас ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд газар чөлөөлөлт хийгдээгүй 3 жил хүлээгдсэнээс 1.2 км 110 кВ-ын ЦДАШ-ын угсралтын ажил бүрэн зогссон, мөн ХУДийн 5 дугаар хороо Хүүшийн зоорь орчимд “Эсдоплмент” ХХК-ийн ашиглаж буй газраар 110 кВ-ын ЦДАШ зайлшгүй дайран гарч байгаа бөгөөд тус компани шүүхэд хандан барилга угсралтын ажлыг зогсоосон байна.
  • Сонгино 220/110/35 кВ-ын 2*125 МВа дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугам /УБ/ - 220 кВ-ын трасст орсон газрын асуудлыг шийдвэрлээгүйгээс ажил зогссон бөгөөд газрын асуудлыг 2018 оны 9 сард шийдвэрлэсэн боловч гүйцэтгэгч тал ханшийн зөрүү нэхэмжилж шүүхэд хандсанаар барилга угсралтын ажил зогссон байна. Төсөвт өртөгт магадлал хийлгэж баталгаажуулалгүйгээр 18,197.9 сая төгрөгийн гэрээг “ЭХБУТ” ХХК /захирал С.Сүхтөмөр/-тай байгуулж, ажлыг 2012 онд эхлүүлсэн боловч өнөөг хүртэл төсөвт магадлал хийлгэж баталгаажуулаагүй. Хяналтыг НХОГ-аас тавьсан бөгөөд даргаар Л.Нарантуяа ажиллаж байсан.
  • 12а магистралийн ТК-1211 цэгээс урагш гарсан 2 ф 400 мм голчтой шугамыг 2 ф 500 мм болгон өргөтгөх, 3*500*70 хүчин чадалтай шинээр даралт өргөх насос станц барих, зургийн хамт /УБ/ - ажлын хүрээнд хийгдэх "Дүнжингарав", "Шилмэл шилтгээн" хотхоны орон сууцны дундуур хийгдэх 150 м Ф500 мм-ын дулааны шугамын угсралтын ажил оршин суугчдын эсэргүүцлээс шалтгаалан зогссон тул үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.

Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ЭХС-ын багцын 2 төсөл, арга хэмжээ дуусаагүй, орхигдсон байна.Үүнд:

  • Ирээдүй цогцолбор хорооллын дулааны 4100 метр гол шугам, 6 ширхэг дулаан дамжуулах төвийн зураг төсөл, барилга угсралтын ажил – гүйцэтгэгч "Меговатт" ХХК барилга угсралтын ажлыг хугацаанд нь хийгээгүй, санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүйгээс барилга угсралтын ажил 77.0 хувьд хүрээд зогссон бөгөөд тус компанид 92.1 хувийн санхүүжилт олгосон байна.
  • Дулааны цахилгаан станц 4-өөс У-18 хүртэлх /Москва хорооллын урд тал хүртэл/ 4.2 км, ф800-ийн голчтой дулааны шугамын барилга угсралтын ажил /УБ, БГД/- гүйцэтгэгч “БСД-ОД” ХХК 2017 оны 10 дугаар сарын 09-нд Ф800 мм 960м дулааны шугам, 26 ширхэг сильфон компенсатор УБ хотын гааль дээр буусан боловч мөнгөө төлж авч чадахгүй хугацаа алдсан байна. ЭХЯ-аас ажлын хэсэг гарган 2017 оны 9 дүгээр сард ажлын гүйцэтгэлийг шалгаад тухайн ондоо багтааж гүйцээх үүрэг өгсөн боловч хэрэгжүүлээгүй тул 2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтэд 2018 онд хийсэн гүйцэтгэлийн аудитаар тус компанийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах албан шаардлагыг ЭХС-д өгсөн боловч одоогоор хэрэгжилтийг хангаагүй байна. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 78.0 хувьтай байхад 89.3 хувийн санхүүжилт олгосон байна.

Дээрх 2 төсөл нь Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлаар П.Ганбат, Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар Г.Одонтуул ажиллаж байсан байна.

 

Өмнөх холбоотой нийтлэл 

Танилц: Төсвөө санхүүжилт авсан ч дуусаагүй орхигдсон барилга, байгууламжууд

Танилц: Төсвөөс санхүүжилт авсан ч БСШУС-ын сайдын багцын дуусаагүй, орхигдсон барилгууд

Танилц: Төсвөөс санхүүжилт авсан Барилга, хот байгуулалтын сайдын багцын дуусаагүй барилгууд