Эрүүл мэндийн сайдын тушаалаар Л.Энхтүвшин эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.

Тэрбээр "1980 он Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээн авахын сувилагчаар ажиллаж байлаа. Ингэж ажиллаж байхад намайг их шударга байна гэж бодсон юм уу даа. Намайг дотор, мэдрэлийн тасагт сувилагчаар ажиллуулсан. Тухайн үед сувилагчаар ажилладаг эрэгтэй хүн цөөн байсан. Эмэгтэйчүүд тариа хийх гээд очихоор эрэгтэй юм уу гээд их айдаг. Харин тариагаа хийлгэсний дараа "зөөлөн тариадаг юм байна" гээд их сайшаадаг байсан. АЖ, уртын дуучин Н.Норовбанзад гуай миний ээлжин дээр хоолойн өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Би төрийн шагналт хүний хөлийг содатай усанд дүрээд эмчилж байсан сонин түүхтэй хүн. Манай ээж сайхан хүнийг миний хүү эмчилж байгаа юм уу гээд их билэгшээсэн. Тэгээд удалгүй жилийн дараа Н.Норовбанзад гуай дуу бүжгийн чуулга дээр уртын дууны уралдаан зарласан юм. Тэр уралдаан дээр очиж дахин уулзах хувь тохиож байлаа. Тэгээд шавь нь болж байсан түүхтэй. Мөн уртын дуучин Д.Түвшинжаргал гуай миний багш. 

 

 

Эрүүл мэндийн байгууллагад сувилагч, бага эмчээр улсад 20 гаруй жил ажилласан. Сүүлдээ анагаах ухаантай холбоотой дууны үг, аяыг зохиосон. Тухайлбал,  “Сувилагч таныгаа дурсан ирлээ” дууны шүлэг бичиж, ая данг нь тааруулж байв. “Сэлбийн голын жавар” "Багш нарын вальс", “Мөнхтэнгэр” зэрэг арваад дуу байдаг юм. Уран сайхны кинонд эмчийн дүрд тоглож байсан гээд олон хийж бүтээсэн бүтээл бий. Үүнийг минь өндрөөр үнэлж, шагнаж урамшуулсанд их баярлаж байна. Намайг дэмжиж ярилцлага авч байгаа телевиз, сонин, сайтын сэтгүүлч нартаа талархаж байна" гэлээ.