Цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар Нийслэлийн боловсролын газрын Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Уянгаас тодрууллаа.


-Ирэх долоо хоногт цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлнэ. Эцэг эхчүүд хүүхдээ яаж бүртгүүлэх вэ?

-2017 онд төрсөн хоёр настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товч дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна. Гар утсанд нь бүртгэлийн зургаан оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ. Бүртгэлийн зургаан оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хадгалах шаардлагатай.

-Цахим бүртгэлд хүүхдээ бүртгүүлж буй эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийн дараа цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд дурдсан хугацаанд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээ байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр хамрагдах болон зорилтот бүлэгт хамаарах иргэдийн хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахгүй. Эцэг эх, асран хамгаалагчид нь дурдсан хугацаанд цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой. Цэцэрлэгийн үйл ажиллагааны дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх шаардлага бас бий. Бүртгэлийн явцад байгууллага, бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах нь зүйтэй.

-Цахим бүртгэл хэзээ дуусах вэ?

-Шинээр элсэх хоёр болон бусад насны хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2019 оны долдугаар сарын 22-ны 09:00 цагаас наймдугаар сарын 22-ны өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд явагдана. Шинээр элсэх хоёр болон бусад насны хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт цэцэрлэг тус бүр дээр нэгэн зэрэг эхэлнэ. Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэл шалгах хугацаа 2019 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 22-ны өдрүүдэд болно.

Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд явагдана. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулагдана.

-Бүртгэл дуусахаар хүүхдээ орсон эсэхийг хэрхэн шалгах вэ?

-“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.

-Жил бүр цэцэрлэгийн хүрэлцээний асуудал яригддаг. Энэ жил шинээр ашиглалтад орсон цэцэрлэг бий юү?

-2018-2019 оны хичээлийн жилд улс, нийслэл, дүүрэг, гадаад, дотоодын тусламжийн хөрөнгөөр шинээр зургаан цэцэрлэг, зургаан цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж, нийт хүчин чадлыг 2140–өөр нэмэгдүүлсэн, байгууллагын стандартын шаардлага хангасан есөн цэцэрлэгийн 19 бүлэгт 690 хүүхдийг, төрийн бус өмчийн 47 цэцэрлэг шинээр барьж 3183 хүүхдийг, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Нэмэлт элсэлт”-ийг зохион байгуулан 1.425.0 сая төгрөгийг шийдвэрлүүлснээр 3087 хүүхдийг, зургаан цэцэрлэгт есөн гэр бүлгийг шинээр нээж 251 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулснаар хамран сургалт 80.1 хувьд хүрсэн дүнтэй байгаа.