Стандарт хэмжил зүйн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар илэрсэн зөрчлүүдийн улмаас “Хязгаарлалттай санал дүгнэлт” гарсан байна. Үүний зэрэгцээ тухайн байгууллагын зарим ажилтныг шалгуулахаар хууль хяналтын байгууллгагад шилжүүлжээ.

Стандарт, хэмжил зүйн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, жилийн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 6,872.1 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 90.3 хувь буюу 6,202.7 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 0.3  хувь  буюу 21.3  сая төгрөгийн  зөрчилд төлбөрийн акт  тогтоож,  7.5 хувь буюу 513.4 сая төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага өгч, 1.7 хувь буюу 114.2 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх зөвлөмжийг хүргүүлж, 0.3 хувь буюу 20.6 сая төгрөгийн 3 асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Үүнээс гадна хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал,

  • Ажилтануудад цалинтай давхардуулан 1.6 сая төгрөгийн орчуулгын хөлс тооцож олгосон нь нь үнэн, зөв байдал толилуулга ба тодруулга батламж мэдэгдэлүүд болон Сангийн сайдын 2006 оны 388 тушаалаар батлагдсан “Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн аргачлал, заавар”-ыг тус тус зөрчсөн байна.
  • Төсвийг зохистой удирдаагүйгээс тайлант онд 2.9 сая төгрөгийн авлага, 8.4 сая төгрөгийн өр, төлбөр үүсгэсэн нь Төсвийн тухай хууль 6 дугаар зүйлийн 6.4.8. дахь ”төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” заалтыг зөрчсөн
  • Эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн зардлаас 12.2 сая төгрөгийг зориулалтыг зөрчин төвлөрсөн арга хэмжээнд зарцуулсан нь Төсвийн тухай хууль 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;” заалтыг зөрчсөн;.
  • Төвлөрсөн арга хэмжээнд 0.4 сая төгрөгийн анхан шатны баримтгүй ажил гүйлгээг төсвийн зориулалт зөрчин гаргасан нь Төсвийн тухай хууль 16 дугаар зүйл 16.5.5 дахь “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;”заалтыг зөрчсөн;.
  • Бусдаар гүйцэтгүүлсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрөөс 1.4 сая төгрөгийн ХХОАТ суутган тооцож төсөвт төвлөрүүлээгүй нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2. дахь ”хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого”, 23 дугаар зүйлийн 23.2.4.”энэ хуулийн 18, 19 дүгээр зүйл, ... заасан орлогын дүнд 23.2.4-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;” заалтыг зөрчиж байна.
  • Анхан шатны бүрдэл дутуу 21.6 сая төгрөгийн баримтаар гүйлгээ хийсэн нь оршин байх батламж мэдэгдэлтэй нийцээгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” заалтыг зөрчсөн;
  • Кассын тайланд жижиг мөнгөн сангийн 29.8 сая төгрөгийн гүйлгээг дутуу тайлагнасан нь үнэн зөв байдал, толилуулга ба тодруулга батламж мэдэгдэлүүд болон Сангийн сайдын 2006 оны 388 тушаалаар батлагдсан “Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн аргачлал, заавар”-ыг тус тус зөрчсөн байна.
  • Ойн арга хэмжээнд зориулж 7,500.0 мянган төгрөгөөр баримтат кино хийлгэж төсвийг үрэлгэн зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-дэх “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 41 дүгээр зүйлийн 41.2.3 дахь “төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах;”, 41.2.7. дахь “хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах.”, заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.
  • Харьяа байгууллагуудад эд хөрөнгийн тооллого хийгээгүй, үндсэн хөрөнгийн тооллогыг чанаргүй гүйцэтгэсэн, тооцоо бодоогүй, хөрөнгө дутагдсан, анхан шатны баримтгүй, бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийж бүртгэлд тусгасан, төсвийг зориулалт бус, үрэлгэн зарцуулдаг зэрэг зөрчил, дутагдал гарч байна. Орон нутаг дахь салбар байгууллагуудын санхүүгийн тайланд хийсэн аудитаар Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн тайланд “Сөрөг”, Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн тайланд “Хязгаарлалттай” санал дүгнэлт өгсөн байна.

Тус байгууллагаас илэрэн алдаа, зөрчлүүдийг хүснэгтээр хүргэж байна.

Өөрөөр хэлбэл тус газраас илэрсэн зөрчлүүд нь дарга асан Г.Гантөмөртэй шууд хамааралтай болох нь аудитын шалгалтаар илэрсэн байна. Өдгөө Г.Гантөмөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.