Казахстаны Нур-Султан хотод пара пауэрлифтингийн ДАШТ энэ сарын 11-21-нд болж байна. Тэмцээнд 77 орны нийт 2700 тамирчин оролцож байгаа юм. Монгол улсаас  107 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний хошой алт, мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, МУГТ Э.Содномпилжээ оролцож, улсынхаа төрийн дуулалыг эгшиглүүллээ.

Тэрбээр хэвтээ шахалтаас 247 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэв. Түүний энэ амжилт дэлхийн аварга болоод зогсохгүй өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг (өмнө нь 244 кг-ыг шахаж байв) шинэчилсэн юм. Түүнийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга дасгалжуулсан байна.