Өнгөрсөн долоо хоногт баяр наадмын өдрүүд тохиосон. Энэ үеэр хүмүүс хөдөө гадаа явж, голын эргээр амардаг. Долдугаар сарын 11-нд Мойлтын тохойд амарч байсан есөн настай хүү усанд живж байхыг харсан нэгэн хүү шууд л үсрэн орж аварсан байдаг.

Уг үйл явдал цахим орчинд хүчээ авч, баатарлаг гавьяа байгуулсан хүүг алдаршуулаад байгаа билээ. Тус аврагч хүүтэй ярилцлаа.


-Сайн байна уу? Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Жаргалан овогтой Тэмүүжин гэдэг. Би арвантаван настай, “Тэмүүжин өрлөг” сургуулийн наймдугаар ангийг сая төгссөн. Намар 9а ангид орно. Ангийн маань багшийг Батцэцэг гэдэг. Математикийн багш. Манай анги таван охин, 33 хөвгүүнтэй.

-“Тэмүүжин өрлөг” цэргийн сургалттай шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулиудаас юугаараа онцлог вэ?

-Хичээлийн хөтөлбөр бол ерөнхий боловсролын сургалттай адилхан. Түүнээс гадна давхар цэргийн мэдлэг олгодог. Орой 18:00 цагт хоолноосоо өмнө жагсаалын бэлтгэл хийдэг. Анх долдугаар ангид байхад нэг удаа карентинд гарч байсан. Түүнээс хойш гараагүй. Курсдээ орохоор 14-18 хоногоор карентинд гарна.

-Анх таван наснаасаа эхэлж сэлж сурсан гэсэн. Өмнө нь ингэж хүүхэд живж байгаа тохиолдолтой таарч байсан уу?

-Өмнө нь таарч байгаагүй.

-Долдугаар сарын 11-ний өдөр яг юу болсон юм бэ?

-Өдрийн 11:30 цагийн үед нэлээд халуун байсан. Би ахтайгаа, хоёр дүүтэйгээ цуг сэлчихээд уснаас гарахад 12:30 цаг болсон байлаа. Тэгээд эрэг дээр жараахай барьж байсан юм. 12:50 цагийн үед дээрээс хүмүүс голын хоёр эргээр “Авраарай, авраарай” гээд гүйлдээд байсан л даа. Би юуг нь ч мэдээгүй гол руу хартал нэг хүүхэд ус залгичихсан орилж ч чадахгүй, уснаас нэг ил гараад нэг далд ороод байсан. Тэр үед би юу ч бодолгүй шууд гол руу орсон. Тэр хүүхдийг авч гарч ирээд наад талын эрэг дээр амьсгааг нь авахуулж, тайвшруулж гайгүй болгоод цаад талын эрэгт нь гаргаж өгсөн. Ээж, аав нь хүүхдээ тэврээд баярлалаа гээд уйлаад байсан.

-Ээж, аав нь чамтай эргэж холбоо барьсан уу?

-Эргэж холбоо бариагүй.

-Тэр үед голын эргээр хэр их хүн байсан бэ?

-Баяр наадам болж байсан болохоор голын эргээр нэлээн олон хүн байсан. Гэвч гол руу орох зоригтой хүн байгаагүй.

-Тэр хүүхэд чамаас хэр зайтай байсан юм. Чи хэр зайнд сэлж хүүг аварсан бэ?

-Надаас 3-4 метрийн зайтай байсан. Би үсрээд орсон болохоор нэг их хол сэлээгүй.

-Хэр гүн байв. Чи голын тэр хэсэгт урьд нь сэлж байсан юм уу?

-Урьд нь ах нартайгаа цуг сэлдэг байлаа. Тэр хэсэгт үсэрч ордог байсан юм. Ах нарыг байхгүй үед бол ганцаараа айгаад ордоггүй байсан л даа. Яг тэр хэсэгт 2,5 метрээс дээш гүнтэй гэж сонссон.

-Хүүхэд живж байхыг хараад юу бодогдсон бэ?

-Тухайн үед би өөрөө ч сандарчихсан байсан. Аварчих юмсан л гэж бодсон. Тэгээд л шууд үсрээд орсон байх.

-Цэргийн сургуульд сурдаг, хүүхэд аварсан туршлагатай болчихлоо. Мэдээж өөрөө сэлэх дуртай юм чинь усчин аврагч болох талаар бодож байв уу?

-Тэр талаар бодож үзээгүй. Өөрийгөө золиослоод хүн аварна гэдэг хэцүү шүү дээ. Би цэргийн сургуульд сурдаг болохоор цэргийн хүн болно л гэж боддог.

-Гэр бүлээ танилцуулаач. Танайд чамаас өөр сэлдэг хүн бий юү?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Аавыг маань Жаргалан гэдэг. Аав минь сэлдэг л дээ. Ээжийг маань Уранчимэг гэдэг. Дүүг Билгүүтэй гэдэг. Аав, ээж хоёр хувиараа ажил эрхэлдэг.

-Танай гэр Мойлтын тохойд байдаг юм уу эсвэл зусландаа түр амарч байв уу?

-Манайх 2000 оноос хойш тэнд байгаа. Гэхдээ одоо хотод амьдардаг л даа, сүүлийн үед зундаа л очдог болсон.

-Тэр хавиа хэр сайн мэдэх вэ?

-Таван наснаасаа тэнд тоглож сэлж өссөн болохоор тэр хавиа гарын арван хуруу шигээ сайн мэднэ. Газрыг нь ч андахгүй. Энэ хавьд хүүхэд орж болохгүй цүнхээлтэй, тэнд сэлж болно гээд баримжаа сайтай. Ах нар маань бүгд сэлдэг болохоор ах нартайгаа явж байгаа үедээ л тэр хэсэг рүүгээ орж сэлдэг. Гол руу явахдаа том хүнгүй явдаггүй. Заавал гэрийнхнээсээ зөвшөөрөл авч том хүнтэй цуг явдаг л даа.

-Хүүхэд аварсан гэхэд нь аав, ээж нь юу гэж байв. Зэмлүүлэв үү, магтуулав уу?

-Загнаагүй ээ. Болж байна, тэгж байгаад өөрөө живчихвий гэж л хэлсэн.

-Ер нь тэр хавиар зундаа голын эргээр хүмүүс их амардаг уу?

-Тийм ээ. Хүмүүс зөндөө ирж амардаг. Амрах гэхээсээ илүү архи л уудаг. Хүүхдээ анхаарч харж байгаа хүн бараг харагддаггүй. Ихэнх нь машиныхаа ард суугаад архи ууж байдаг.

-Тэдгээр хүмүүст хандаж хэлэх үг бий юү?

-Архи ууж болно оо. Гэхдээ өөрсдөдөө тааруулж хэрэглээд, хүүхдэдээ анхааралтай байгаарай л гэж хэлье дээ.