Өчигдөр буюу долдугаар сарын 23-ны өдөр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц болон ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан зэрэг есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхэд болсон юм.

Гэвч өглөө 10 цагт эхэлсэн шүүх хуралдаанд гэрч Ц.Амгаланбаатарыг оролцуулах ёстой гэсэн үндэслэлээр 14:00 цаг хүртэл завсарлага авав.

Уг завсарлагааны үеэр Хошууч генерал Б.Хурц "Эрүүдэн шүүх тушаал та өгсөн үү" хэмээн асуухад  "Би тийм тушаал өгөөгүй. Шүүх хурал дуусаагүй байна" гэсэн хариултыг өгсөн. 

Харин Өмгөөлөгч Г.Батбаяр "Энэ бол маш нууцлалтай хэрэг. Би 9 хүний нэгийг өмгөөлж байгаа. Ерөнхийдөө хэрэгсэхгүй болгоно гэсэн байр суурьтай оролцож байна.Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх этгээд нь хоригдол Ц.Амгаланбаатар шүү дээ. Тиймээс үүнийг мэдсээр байж мөрдөн байцаагчид мэтээр иргэдэд ойлгуулж болохгүй. Гэтэл одоо онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн хуулийнхнийг буруутгаж болохгүй" гэв. 

Ийнхүү уг шүүх хуралд С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх Ц.Амгаланбаатар цагдаагийн хуягласан машинаар ирснээр  эхэлсэн. 

Харин гэрчийг ирсэн даруйд эхэлсэн шүүх хурал наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшиллоо. Шүүх хуралдааныг хойшлуулсан шалтгааныг тус аймгийн шүүхийн тамгын газраас ийнхүү тайлбарласан юм. 

 

"Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан.

2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус хэрэгт Урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарлаж шүүх хуралдааныг хаалттай явуулахаар тогтоосон. Шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна “ гэж, мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт шүүх хуралдааныг хаалттайгаар хянан шийдвэрлэхээр товлосон байна.

Шүүх хуралдааныг бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч бүхий 39 оролцогчтойгоор гэм буруугийн шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч нараас шүүх хуралдаанд “гэрч Ц.Амгаланбаатарыг оролцуулах” тухай хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хуралдааныг 14 цаг хүртэл хойшлуулж, товлосон цагтаа эхлүүлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “…энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа" гэж зааснаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан.

Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ”

гэж зааснаар хүлээн авах үндэслэлтэй, дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 9.00 цаг хүртэл хойшлуулсан болно" хэмээв.

Энэхүү шүүх хуралд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал, шүүгдэгчээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр, өмгөөлөгчөөр Г.Цолмонгэрэл, П.Туул нарын 17 хүн, хохирогчоор Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцсон юм.

Түүнчлэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн ганц амьд гэрч гэгддэг түүний хамтран амьдрагч  Б.Булган тус шүүх хуралдаанд хохирогчоор оролцлоо.  Тэрбээр хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлээгүй харин шүүхийн гадна ирсэн байсан хохирогчдын холбооны тэргүүн Оюунцэцэгт "Монголын ард түмэнд үнэнийг илчилнэ" гэжээ. 

2015 оны арваннэгдүгээр сард С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдуулан Б.Булганыг цагдан хорьсон. Энэ удаагийн шүүх хуралдаанд Б.Булган хохирогчоор оролцож байгаагийн учир нь түүнийг ч гэсэн эрүүдэн шүүсэн гэдэг. Хэрвээ эрүүдэн шүүсэн бол цагдан хорьсон нь ч хууль бус хэмээн түүний өмгөөлөгч байр сууриа илэрхийлсэн юм. 

Ардчилсан хувьсгалын алтан хараацай болсон С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цаадах эзэд хэрхэх бол гэдгийг харж суухаас өөр сонголт Ард түмэнд үлдсэнгүй.