Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлчихлээ. Эдгээр өдрүүдэд нэмэлт, өөрчлөлтийн сэдэв бүрээр хууль санаачлагчид болон улс төрийн нам, иргэд, олон нийтийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан санал, төслүүдэд та ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдөр 14 нам, гурван иргэний хөдөлгөөн нийлээд бүхэлд нь энэ нэмэлт, өөрчлөлтийг хууль зөрчсөн явдал болгосон. Нэмэлт өөрчлөлтийг таслан зогсоож, шинэ Үндсэн хууль хий, Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж ажилла. Үндсэн хуулийг боловсруулах хэлэлцэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуул. Ард түмний оролцоотой өөрчлөлт хий гэдэг санал гаргалаа. Сүүлийн жилүүдэд нийгэмд одооны гаж тогтолцоог засъя, зөв зүйтэй тогтолцоотой болгоё гэсэн эрэл хайгуул хийгдэж байгаа. Эрдэмтэд, улс төрийн намууд ч өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Манай намын хувьд энэ гаж тогтолцоог засах арга нь шинэчилсэн найруулга буюу шинэ Үндсэн хуулийг боловсруулж, хэлэлцүүлэн, батлаад хэрэгжүүлбэл хамгийн зөв гарц болно гэсэн байр суурьтай байгаа. МАН-ынхан энэ асуудалд хандахдаа маш жижигхэн өөрчлөлт хийж хямралыг шийдье гэж байна. Гэтэл зарчмын хувьд жижигхэн өөрчлөлтөөр үүнийг шийдэх боломжгүй гэж үзэж байгаа юм. Асуудалд хандаж байгаа хандлага өөр байна л даа. Манай намын зүгээс томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй. Учир нь жижигхэн өөрчлөлтөөр юуг ч засах боломжгүй гэдгийг аль хэдийнэ ойлгочихсон шүү дээ. Хоёрдугаарт, онол, практикийн талаасаа Үндсэн хууль гэх эцэг хууль маань нийгмийн гэрээ гэж томьёологддог. Нийгмийн гэрээ гэдэг төр засаг ард түмний хооронд яаж амьдрах, ажил төрлөө хэрхэн зохицуулах зэрэг тохиролцоо гэсэн үг. Өнөөдрийн МАН нийгмийн гэрээ гэх зүйлийг зөрчиж ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. МАН-ын 64 гишүүн төрийг төлөөлж байна. Төрийг төлөөлж байгаа хүмүүс өөрсдөдөө зориулж нэмэлт өөрчлөлт санаачлаад хоорондоо гэрээ хийх гээд байгаа юм. Ард түмэнтэй гэрээ хийхийн оронд өөрсөдтэйгөө гэрээ хийх нь. Эсвэл МАН, УИХ-тай гэрээ хийх гээд байгаа юм уу. Онол, практикийн хувьд хамгийн хориотой зүйлийг хийх гэж л байна даа. Мөн улс төрийн нам, иргэний хөдөлгөөн, нийгмийн нэртэй төртэй зүтгэлтнүүдийг оролцуулаач гэх бидний үгийг хүлээж аваагүй. Хэлэлцүүлгийн үеэр анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай санамсаргүй тааралдлаа. Би “Та анхны Ерөнхийлөгчөөс гадна 1992 онд Үндсэн хуулийг батлахад ажлын хэсгийг ахалж байсан. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд таныг урьж байна уу” гэтэл “үгүй ээ, намайг уриагүй” гэсэн. Энэ чухал хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа үед хамгийн түрүүнд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг урих ёстой биз дээ. Нөгөө залгамж чанар, бие биенээ хүндэтгэх, ах зах ёс хаана байна. Нийгмийн гэрээ гэдэг ёс ч алга. Хуйвалдааны маягаар өөрчлөлт оруулах гэж зүтгэж байна. Хэлэлцүүлэг өрнөж байгаа заалны ширээн дээрх бүх микрофоныг салгасан байна лээ. Хүн үг хэлэх бололцоогүй. Зөвхөн хурал даргалагч зөвшөөрсний дагуу индэрт гарч хүн үг хэлэх эрхтэй. Цаг шахуу. МҮОНТВ-ээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоод бусад намын дарга оролцоод мэтгэлцье гэхээр хүлээж авахгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуульд ил тод явуулах ёстойгоос гадна хоёр төсөл зэрэг хэлэлцэж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл гишүүд нь нэг төсөл, Ерөнхийлөгч нь нэг төсөл өргөн барьчихсан. Хоёр төсөлтэй болсон бол энэ байдлыг таслан зогсоох ёстой. Зүй нь, Ерөнхийлөгч нэгдүгээр хэлэлцүүлгээс өмнө төслөө өгөх ёстой байсан. Энэ ажлыг УИХ зохион байгуулах ёстой. Нэгдүгээр хэлэлцүүлэг дууссаны дараа төсөл өргөн барьсан нь хууль зөрчсөн үйлдэл. Дээр нь анх УИХ-ын 62 гишүүний гарын үсэг зурсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эх бичгээс өөр төсөл хэлэлцэж байна. Бичиг үсэг, үг, өгүүлбэр зөрчихсөн төсөл яригдаж байна. Энэ бол зөвхөн журмын тухай хууль биш Үндсэн хуулийг зөрчсөн үйл ажиллагаа. Энгийн хуулийг ч ингэж хэлэлцэж болохгүй. Бүхэлдээ хууль зөрчсөн үйл ажиллагаа учраас үүнийгээ таслан зогсоож, хууль зөрчсөн байдлаар муйхарлаад хэрэггүй ээ гэж байгаа юм. Энэ бол нийгмийн гэрээ. Зөвхөн Их хурал, МАН-ын хоорондын байгуулж байгаа гэрээ биш ээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бус шинэчлэн найруулах шаардлага бий. Шинэ Үндсэн хуулийг хамтдаа ярилцаж хэлэлцье гэсэн байр суурьтай байна. Байгалийн баялаг гэх хэрүүлийн алим бий болж олон жил бид хэрэлдлээ. Өнөөдрийн гажуудлыг өмнөө барьж байгалийн баялгийг өөрт хэрэгцээтэйгээр ашиглаж баяжсан хүмүүс байна. Оффшор дансанд их мөнгө нуусан ч хүмүүс бий. Гэтэл нийт ард иргэдийн ихэнх нь ядуу. Энэ бол байгалийн баялгийн асуудал буруу зохицуулагдчихсанд байгаа юм. Үүнийг засаж ард түмэндээ өгөх хэрэгтэй. Байгалийн баялгаа өөрсдөө авсан хэвээрээ байх юм уу. Ядуурлаа яаж шийдэх гээд байгаа юм. Байгалийн баялгийг ард түмэнд өгөөгүй цагт Монголд ядуурал шийдэгдэхгүй.

-Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан саналд энэ заалтын тухай “нийтийн өмч” хэмээн оруулсан байсан?

-Нийтийн өмч гэхээсээ илүү ард түмний дундын өмч гэвэл илүү тодорхой ойлголт болно гэж бодож байна. Төрийн өмч гэдэг нэршлийн дор дарга нарын өмч болгосон зохицуулалт шүү дээ.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх Шүүх эрх мэдлийн хүрээнд орсон өөрчлөлтүүдийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно гэж заасан байна. Бүхэлдээ шүүхийн томилгоо Ерөнхийлөгчийн гарт байгаа бол энэ өөрчлөлтөөр намын даргын гарт очих гэж байна. Юу ч өөрчлөгдөхгүй. Бүр дордоно. Бидний зүгээс шүүгчийн томилгоог ард түмнээс сонгодог байх хэрэгтэй гэж үзсэн. Ард түмний хувь заяаг шийддэг хүн шүүгч л байдаг. Дарга нарыг хамгаалдаг шүүгчийг тэд нар нь томилоод тэр тусмаа олонх болсон намын дарга томилоод байвал өнөөгийн нийгмийн байдал цааш үргэлжилсээр байна.

- Шүүгчдийг ард түмнээс сонгодог тогтолцоо хамгийн сул талтай. Сонгогдохын тулд зүй бус амлалт өгч мөнгөний хамааралтай болох магадлалтайг хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан?

- Монтескийн онолоор бүх ард түмний мэдэлд Засгийн эрх байна. Ард түмэн засгаа сонгодог. Ард түмэн засгаа сонгоно гэдэг Засгийн газраа, шүүхээ, парламентаа сонгоно гэсэн үг. Энэ төр засаг гурван засаглалаас бүрддэг. Хууль батлах парламент. Гүйцэтгэх хууль хэрэгжүүлэх Засгийн газар. Алдаа дутагдал гарвал шүүх. Энэ гурван эрх мэдэл. Хоёр нь нэг хүний гарт эсвэл нэг хүний гарт зэрэг очиж болохгүй аюултай гэж Монтескийн онолд байдаг. Биеэ даасан тус тусдаа байх ёстой гэж үздэг. Шүүхийг ард түмэн сонгодог болбол биеэ даасан шүүх болно. Ерөнхийлөгч хоёр удаа сонгогддог хэвээрээ. Энэ хугацаанаас илүү ажиллахгүй. Ерөнхийлөгчийг зургаан жилд нэг удаа сонгодог болгох шаардлагагүй. Буруу ажиллавал Их хурал, Шүүх нь огцруулна. Шүүх ард түмнээс сонгогдоход Ерөнхийлөгчийг ч огцруулж чадна. Их хурлын гаргаж байгаа хуулийг ч буруу гэж хэлж чадна. Гэтэл өнөөдөр улстөрчид өөрсдөө шүүхээ сонгочихоод шүүх шударга бай гэдэг. Тэгээд араас нь утсаар ямар шийдвэр гаргахыг нь хэлдэг ийм л нөхцөл байдалтай.

-Гүйцэтгэх эрх мэдлийг сайжруулснаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдэл албан тушаалыг илүү тодорхой болгож өгч байгаа. Ерөнхий сайдын эрх мэдлийг өнгөрсөн хугацаанд булаацалдсаар ирсэн учраас Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа гэх тайлбар бий. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр эрх мэдлээ булаацалдсаар ирсэн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тийм. Тэгсээр ирсэн. Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа Ерөнхий сайд болгоё гээд хүний нэр өргөн барихаар буцаагаад байдаг тал байсан. Миний хувьд харьцангуй ойлголцож ажиллах зарчим барьдаг учраас аль болох ойлголцож ажиллаж байлаа. П.Жасрай, Н.Энхбаярын Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааг бүрэн дуусгасан Засгийн газар гэдэг. Тухайн үед ч би эрх мэдэл булаацалддаг зүйлийг ажиглаж л байсан. Ийм гаж тогтолцоог аль нэг талруу нь шийдэх хэрэгтэй. Гэхдээ онолынх нь дагуу шийдэх нь зүйтэй. Ингээд үзэхээр Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж тэргүүлээд явах нь зөв өө. Харин УИХ зөвхөн хууль тогтоох ажлаа хийх нь зөв гэж үзсэн. Онол, практикийн дагуу шийддэг хамгийн ойлгомжтой арга бол парламент бол хууль тогтоох байгууллага. Тийм учраас олонх, цөөнхөөрөө маргалдаад ч болов хуулиа л батал. Өөр ажилд битгий хутгалд. Засгийн газрыг ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч толгойлох ёстой. Ерөнхий сайдыг өнөөдөр ард түмэн сонгодоггүй биз дээ. Парламентад олонх болсон нам нь Ерөнхий сайдаа сонгож байгаа учраас ард түмний өмнөөс хариуцлага хүлээдэг хүн биш. Ингэж л давхардлыг арилгах ёстой. Одоо Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаад Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмлээ гэсэн ч энэ хоёр хоёулаа оршин байгаа үед асуудал шийдэгдэхгүй. Дараа нь дахиад л Ерөнхийлөгч болсон хүн эрх мэдэл дутуу байна гээд эрх мэдлийн тулаан үүснэ. Аль нэгийг нь л алга болгох хэрэгтэй. Ерөнхий сайдын ажлыг Ерөнхийлөгч хийг. Намууд олонх, цөөнхөөрөө хуваагдаад хуулиа гарга л гэж байгаа юм. Ерөнхий сайдтай нийлээд таван гишүүн давхар дээлтэй байх нь дутуу алсан могой шиг заалт орж ирж байна. Мөн хамгийн гол өөрчлөлт нь УИХ 50-иас доошгүй хоног чуулна гэж байсныг 75-иас доошгүй хоног чуулна гэж оруулж байна. Ямар ч ялгаагүй. Их хурлын үйл ажиллагааг сайжруулж, ядуурлыг бууруулна гэж байгаа юм. Би энэ бүхнийг дундуур нь туулж ирсэн хүн. Хэн худал, хэн зөв ярьж байгааг ёстой нэг томруулдаг шилээр харж байгаа юм шиг мэдэж байна. Энд хэн нэгэн хүнийг муулах гэсэнгүй. Үүний цаана жижигхэн заль явж байна. Нэг, хоёр намын заль эсвэл нэг, хоёр хүний хувийн амбиц явагдаж байна. Үндсэн хууль өөрчилсөн нэрээр ЖДҮ, 60 тэрбумын асуудлаа дарах, иргэдийг төөрөгдүүлэх зүйл явж байна. Үнэхээр нэмэлт өөрчлөлт хийе гэж байгаа бол дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгох хэрэгтэй. Тухайн үедээ парламент засаглалыг бэхжүүлсэн долоон өөрчлөлт болсон гэж үздэг ч УИХ, Засгийн газар хоорондоо хутгалдаж, холилдоод байгаа бол дордуулсан долоон өөрчлөлтөө хүчингүй болгочих л доо.

-Тэгэхээр манайх Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэж үзэж байгаа хэрэг үү. Манай улсад Ерөнхийлөгчийн засаглал хэр тохиромжтой вэ. Ард иргэд энэ засаглалыг дэмжих эсэх эргэлзээтэй байх. Ерөнхийлөгчийн засаглал нэг хүний эрх мэдэлд орох, хувь хүний хүсэл сонирхлоор улсын үйл ажиллагаа явагдах эрсдэл гарахыг үгүйсгэхгүй юм?

- Манайд Ерөнхийлөгчийн засаглал хамгийн тохиромжтой. Ард түмний 70 хувь нь дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Ард түмэнд хариуцлагатай төр хэрэгтэй. Өнөөдөр аливаа асуудлын буруу нь хэнийх нь мэдэгдэхгүй тогтолцоог бий болгочихсон. УИХ, Засгийн газар, гишүүдийн хэн нь буруутай юм. Энэ бүхний цаана хулгай хийсэн ч халдашгүй дархан эрхтэй хүмүүс л байдаг. Хууль, шүүхийн байгууллага шалгая гэхээр шалгуулдаггүй. Үүнийг л өөрчлөхийн тулд ард түмний хяналтад оруулах нь зүйтэй. Ерөнхийлөгчийг Засгийн газрын тэргүүн болоход айгаад байх зүйл юу байна. Ард түмнээс л сонгогддог биз дээ. Парламентын засаглал бол намын дарангуйлал байхгүй юу. Ерөнхийлөгч хууль тогтоох, шүүхийн ажилд оролцохгүй. Зөвхөн Засгийн газрын ажлаа мэднэ. Хэрвээ алдаа дутагдал гарвал УИХ, ард иргэд Ерөнхийлөгчөө огцруулж болно. Тэгэхээр парламент хоёр танхимтай байх, Ерөнхийлөгч Засгийн газрыг удирддаг байх, нэг нь байнгын ажиллагаатай парламент, нөгөөх нь жилд хоёр удаа хуралддаг ардын их хуралтай адил парламент, Шүүгчдийг ард түмнээсээ сонгогддог болгох, байгалийн баялгийг ард түмэндээ өгөх, дээд боловсролыг үнэгүй болгох, эмнэлгийн зардлыг үнэгүй болгох зэрэг ойлгомжтой заалтыг тусгаагүй. Ядаж энэ зүйлсийг эргэн харж хэлэлцэх хэрэгтэй байна.

-Парламентын хоёр танхим бол холбооны улсын систем. Энэ систем манайд 1990-1992 онд хэрэгжиж байгаад больсон. Нэг талаар аймгуудыг муж улс болгох тогтолцоо руу түлхэх, улс орныг задлах аюултай зэргээр зарим хуульчид дүгнэдэг?

-Япон манайхтай адил нэгдмэл улс. Итали, Япон улс хоёр шаттай парламенттай. Муж улс болоод цаашаа, наашаа болж, салж тусгаарлаад байгаа зүйл алга. Нэгдмэл улс хэрнээ хоёр танхимтай. Хоёр танхимтай байгаагийн давуу тал нь нэг нь байнгын ажиллагаатай байж хуулиа тогтоох ажлаа хийнэ. Нөгөө нь ардын их хуралтай адилхан байнгын бус ажиллагаатай танхим. Энэ танхимыг сум бүрээс нэг хүн төлөөлж ирээд Улаанбаатар хотод байнгын ажиллагаатай бага хуралдааны баталсан хуультай танилцаж хянаж шалган ажиллах юм. Одоогийн энэ өөрчлөлт нэг намд хэрэгтэй эсвэл хоёр намд хэрэгтэй л өөрчлөлт.

-Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108, таван жилийн хугацаатай болгох санал болгосон?

--Ерөөсөө өөрсөдтэйгөө холбоотой заалт хийгээд байгаа. Энэ хоёр төсөл, саналуудаас нэг заалтыг онцгойлж ярих боломжгүй байна. Учир нь бүхэлдээ энэ өөрчлөлт ард түмэнд ямар ч хамаагүй. Ард түмэн гэх нэг ч үг байхгүй. Би анхны хэлэлцүүлгийн өдөр одоогийн нэмэлт, өөрчлөлт дотор ард түмний эрх ашиг гэдэг хэдэн үг байгааг асуусан. Нэг ч үг байхгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дарга, цэрэг гэсэн үгс л их байна. Ард түмнээс сонгогддог парламенттай, ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй болох нь хамгийн зөв гарц. Гишүүдийн тоог харин 55 болгох хэрэгтэй.

-ҮАБ зөвлөл Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлж орж ирж байгаа талаар шүүмжлэлүүд байна.

-ҮАБЗ энд ямар ч хамаагүй. ҮАБЗ зөвхөн улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой. Онолынхоо эсрэг хийчихсэн учраас энэ нь зөв заалт, тэр нь буруу гээд байх юм алга. Онолын дагуу хийгээгүй болохоор нүх, цоорхой гарна. Хөрөөдөж тайраад гүйлгэх гэж оролдох байх. Урт настай биш. Авах заалт ганц ч байхгүй. Хэлэлцүүлгийн үед эргэж харах хэрэгтэй олон зүйл байна. Чи тэгж байсан, би ингэж байсан гэлгүйгээр хамтраад нийгэмд тулгамдсан ядуурлаас гарах, яаж шударга ёсыг сэргээх вэ, хариуцлагатай төр засгийг хэрхэн байгуулах вэ гэдэг дээр хамтрах хэрэгтэй. Гарц байгаа юу гэвэл бий. Гарцаа олж харж чадахгүй бол Үндсэн хуулийг битгий оролд. МАН-ынхан гарцаа олж харж чадахгүй байна. Ард түмэн хүлээн зөвшөөрөөгүй хууль богино настай байдаг.