Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга,  ХХ зууны манлай бөх Х.Баянмөнхийг “Нэгдүгээр хүн” буландаа урьж, ярилцлаа. Түүний ярилцлагаас онцлон хүргэж байна. 

  • Бөхийн бэлтгэл гэдэг бурхнаас өгч буй даалгавар юм шүү дээ.  Ард түмнийхээ өмнө дэвнэ, бие хаагаа гайхуулна, зодог шуудаг, дээл хувцас гээд бүх зүйлээрээ монгол эр хүний дүр төрхийг харуулж байдаг.  Эргээд тэндээс ард түмэн эрч хүчийг авч, сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Энэ бол Монгол бөхийн нэг үүрэг юм.

  • Улсын наадмын үзүүр түрүүнд хүрнэ гэдэг энэ спортод ухамсарт амьдралаа зориулсны нэг шан юм.  Зүгээр нэг ажил, бизнес хийж байгаад ирээд наадамд түрүүлчихнэ гэж байхгүй.  Зөвхөн наадмын хоёр дахь өдөр гэхэд  долоон бөхтэй ноцолдож, тэднийг ялан дийлнэ.  Тэгж олон цаг  ноцолдохоор гарнаас гадна  хоёр хөл ч гишгэж чадахаа больдог.  Мэдрэхээ больдог.  Тэгэхээр бөх хүн гэдэг хатуужилтай, бурхнаас заяасан чадалтай, ястай, махтай ийм л хүн байдаг.

  • Хүний хүмүүжил нэгдүгээр асуудал.  Дараагийнх нь эрдэм мэдлэг. Хүнтэй сайхан мэндэлдэг, биеэ зөв авч явдаг хүн цаанаа л сайхан харагддаг.  Тэр хүнийг олон залуу бөх харж байна.  Яг энэ бөх шиг болох юмсан гэсэн сэдэл тэндээс төрдөг.  Тэгж бид хөгжихийн зэрэгцээ, түүхэн уламжлал дархлаагаа хадгалж явна.  Би шавь нараасаа ийм энгийн зүйл шаарддаг.

  • Бөхийн холбооны хагарал 17 жил үргэлжилж байна. Манай холбоонд ямар дутагдал байна гэхээр хуулийг хүндэтгэдэггүй. Шүүхийн шийдвэр гарахаар тэр хамаагүй гээд хогийн саванд хийчихэж байна.  Энэ мэтээр олон жил хоорондоо үзэлцлээ.   Энэ нь  маш муухай үзэгдэл л дээ.

  • Үндэсний спорт бол ард түмнийхээ сайн сайханы толь нь болж хөгжих ёстой юм. Японы сүмо гэхэд гаднаас бөх  оруулж байна. Сүмогийн ямар л ёс байна түүнийг ширхэг нэг бүрээр мөрдүүлдэг.  Тухайн бөхийн нэрийг хүртэл өөрчилдөг.  Манай бөх түрүүллээ гэхэд Монголын бөх гэж ярихгүй байгаа биз дээ. Японы туг намирч, сүлд дуу нь дуугарч байна.  Тэгэхээр мэргэжлийн болох, шинэчлэгдэх гэдэг дээр бид ажиллах л цаг үе ирсэн байна.

  • Допингийг хориглох нь зөв л дөө. Гэхдээ бүх зүйл нь хуулийн дагуу явагдах ёстой. Түүнээс биш допинг гэдэг үгээр хууль зөрчиж, хүний эрхэнд халдаж болохгүй.  Энэ талаарх хуулиа батлаад, энэ асуудалтай хатуу тэмц л дээ. Допинг гэдэг чинь маш хортой юм шүү дээ.

  • Цэвэр монгол бөхийн тухай шинжлэх ухааны ажил хийсэн хүн бараг байхгүй дээ. Монгол бөхийн түүхэн уламжлал, ёс суртахуун, ёс зүйг би судалсан.  Түүнээс гадна Монгол бөхийн амин чанар болсон 725 мэхийг гаргаж ирлээ.  Үүгээрээ Х.Баянмөнх гэдэг хүн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.  Харин бүтээл минь Монголын ард түмний өмч болж үлдэж байгаа юм.

  • Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан,  Ч.Бээжин гээд сайхан аваргууд байсан.  Биднийг гарч ирж байх үед тэд маань 40 гаруйхан настай ид барилдаж   байлаа.  Б.Түвдэндорж гуай бол маш их бярдаж мэхээ хийнэ. Ш.Батсуурь, Ч.Бээжин нар  барьцтай, барьцгүй мэх хийдэг.   Мундаг мундаг мэхтэй хүмүүс байлаа. Ч.Бээжин аварга маань гараараа биш хөлөөрөө суйлчихдаг байлаа. Би  58 жил бөхийн талбар дунд явахдаа тэдний гараар орж, тэдэнтэй ноцолцож явсан минь надад зол байсан юм.

  • Ж.Мөнхбат аваргатайгаа бид насаараа л хоорондоо ноцолдлоо. Чөлөөтэй үед ч хоорондоо үг хаялцаад л явна.  Тэгээд л байж  байх нь надад их сайхан байжээ.  Энэ жил үнэхээр Мөөеөгөө үгүйллээ. Ялангуяа дархан аваргын шагналын үеэр маш их зүйл бодож зогслоо шүү дээ.

  • Намайг бүтээсэн, төрүүлсэн, сүнсийг маань өгсөн газарт очиж, залбирч мөргөдөг.   Хамгийн хүндтэй газар миний унасан газар.   Ер нь хүн гэдэг байгалийн бүтээгдэхүүн юм.  Энэ утгаараа төрсөн нутгийн уулс, ус, ургамал, тэнд амьдарч байгаа хүн зоны амьдрал цаагуураа бүгд холбоотой.   Ялангуяа бөх хүний хамгийн том шүтээн нь төрсөн газар нь байдаг юм даа.

Эх сурвалж:www.polit.mn