Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур" 1008 айлын орон сууц төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт өнгөрсөн баасан гарагт Монгол, Хятадын тал гарын үсэг зурсан байна.

БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг ийнхүү үзэглэснээр төсөл хэрэгжих эрх зүйн нөхцөл бүрэн бүрдлээ гэж Барилга, хот байгуулалтын яам мэдээлж байна.

Хэлэлцээрийг байгуулснаар Монголын тал өөрийн хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээж байгаа аж. Ирэх оны дөрөвдүгээр сард төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.