Автомашины түгжрэлийг бууруулахын тулд холбогдох газрууд өнгөрсөн хугацаанд нэлээд ажилласан гэдэг. Их хотын замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтад ороод 10 гаруй жилийн нүүрийг үзэж буй.  

Улаанбаатар хот 2012 оны үед 200 орчим мянган автомашинтай байсан бол одоо 500 мянгад хүрсэн. Гэтэл тухайн үед гаргасан журмыг баримталсан хэвээр байгаа түгжрэлийг бууруулах ажил биш болон хувирчээ. Өөрөөр хэлбэл, дугаарын хязгаарлалтаар авто машины түгжрэлийг бууруулж чадахаа больсон гэсэн үг юм. 

Ингээд түгжрэлгүй болохын мөрөөддөг иргэдэд зориулж бүсчлэлийн аргыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гэвч энэхүү түгжрэлийг бууруулах арга нь түмний эсэргүүцэлтэй тулав. Иргэдийг баян, ядуугаар нь ялгаварласан гэх шүүмжлэлд өртөх нь тэр. 

Замын хөдөлгөөн заавал нэг нэгнээсээ хамааралтай, гинжин хэлхээтэй байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьдаг. Жишээлбэл, явган хүн, унадаг дугуй, автомашины замыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Дулааны улиралд автомашинаас татгалзаж унадаг дугуй унахыг уриалах гэхээр зам нь байхгүй улмаас өдгөө осолд өртөх болсон. Улсын хэмжээнд сард 5-8 мянга, жилд 70-80 мянган автомашин шинээр бүртгүүлдэг ажээ. 

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр "Автомашины түгжрэлийг бууруулах нь утааг багасгахаас ч амархан" хэмээж байсан. Тэгвэл түүний хийсэн олон жилийн судалгааны үр дүнд гарсан түгжрэлийг бууруулах арга нь Улаанбаатар хотыг А, B, С гэсэн гурван бүсчлэлд хуваах юм.

А бүс маш бага хэмжээтэй. Учир нь автомашины хөдөлгөөн энд сийрээд иргэд явган алхах боломжийг тооцоолоод Бага тойруугийн доторх замыг А бүс гэж төлөвлөсөн байна. 

Мөн Б бүс Их тойруу: Энэ бол хүмүүсийн идэвхитэй алхах бүс дунджаар 30-40 минут алхах зай байх гэнэ.

Харин С бүс: Улаанбаатар хотын А, B зоон дээр автомашины зогсоолыг хангалттай бүрэн дүүрэн хэмжээнд хүргэнэ. Одоогийн байдлаар 2000 орчим зогсоол байгаа. Автомашин нэг бүрийн зогсоол шүү. Зөвшөөрөлтэй 2382 зогсооол байгаа. Зөвшөөрөлгүй 5330 автомашины зогсоол байна. Зөвшөөрөлгүй гэдэг нь гинж татаж, шон босгоод байгууллагууд өөрсдийн орчноо зогсоол болгосон гэсэн үг. Шинээр судлагдаж байгаа нь 7984 байна. Энэ нь зогсоол биш нэгдүгээр эгнээг хаасан, зорчих хэсэгт төдийлөн нөлөөлдөггүй зай талбай гэсэн үг. Тухайлбал Монителын урд уулзвар. Энэ мэтчилэн бүх зогсоолыг төлбөржүүлж эзэнтэй болгоно. Нийт 15696 зогсоол. Энэ зогсоол бүгд төлбөртэй байна. Байгууллагын ажилчид үйлдвэр үйлчилгээний газрын эзэд машинаа тавьчихаад иргэдэд зогсоол олддоггүй. Тэгвэл автомашины зогсоол дээр зогсох автомашинуудад шинээр журам үйлчилж эхэлнэ.

А, B зоонд татвараа төлсөн, зөрчлийн торгуульгүй жолооч, техникийн улсын үзлэгээр тэнцсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан, техникийн өнгө үзэмж сайтай автомашинуудыг оруулна. Мөн А зоон руу одоогийн байдлаар тэгш, сондгойгоор оруулах асуудал яригдаж байгаа аж.

Ийнхүү бүсчлэлд оруулах асуудлаар иргэдээс сарын турш санал асуулга авчээ. Уг санал асуулгад оролцогчдын 70 орчим хувь нь энэхүү бүсчлэлийн саналыг дэмжжээ. Замын хөдөлгөөнийг бүсчлэх ажлыг ирэх наймдугаар сараас эхлүүлэх юм гэвч өдгөө хэрэгжих эсэх нь тун эргэлзээтэй байна. Нөгөө хэсэг нь дорвитойхон шийдвэр хэрэгжүүлж байж түгжрэлээс гарч чадна хэмээн үзэж, санал бодлоо илэрхийлж байгаа. Гэхдээ аливаа ажлыг шүүмжилсээр хэрэгжүүлэхгүй байх дон туссан хэсэг нөхөд ихээхэн эсэргүүцсээр байна.