Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг анзаарах нь ээ, ингэж харж, асууж суугаа нь цөөхөн байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар л манай сонинд өгсөн ярилцлагадаа “Хувийн хэвшлийнхнийг төрийн олон мянган дарамтаас яаж хамгаалах вэ гэж их бодож байна.

Одоогийн Үндсэн хуульд эдийн засгийг төр зохицуулна гэсэн заалт бий. Үүнээс гадна төр эдийн засгийн харилцааг дэмжинэ гэсэн тодорхой өгүүлбэр байх ёстой. Үүний хүрээнд органик хуулиудад тодорхой өөрчлөлтүүд оруулж, эдийн засаг бизнесийн орчинг дэмжих хэрэгтэй. Улс төр бүх салбарт хэт хамааралтай байна. Энэ саналын гол үүрэг нь хэн дуртай хүн, байгууллага, бизнес эрхлэгчдийг дарамтлахаас хамгаалах” гэж онцолно лээ. Эрхэм гишүүний энэ үгийг анзаарсан хүн хэр олон байгаа бол, шаргал ордонд тухлагчдаас. Мань эрийн энэ саналыг байнгын хороон дээр дэмжээгүйг бодоход Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг эдийн засагтай уяж сэтгэж харах сонирхол хууль батлагчдад огтхон ч төрөхгүй яваа бололтой. Манай 76 өнөө л эрх мэдэл, байгалийн баялгийн булаацалдаан дундаа бужигнаж байна.

Үндэсний томоохон үйлдвэрлэгч нэг эмэгтэй “Монголд бизнес эрхлэх дайны талбарт тулалдаж яваагаас ялгаагүй стресс, дарамттай байдаг” гэж нулимс цийлгэнүүлэн ярьж суусан нь санаанаас гардаггүй юм. Ж.Ганбаатар гишүүний хэлсэнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар гэх мэт гоё нэртэй байгууллагууд бизнесийнхнийг элдэв татвар хураамж, торгуулиар дарамтлахаас өөрийг хийдэггүй нь хэний ч нүдэнд ил үнэн. Өмчийг хувьчилж, хувийн өмчийг дээдэлж, чөлөөт зах зээлийг сонгосноороо 1992 оны Үндсэн хууль эдийн засагт түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Наад захын тод жишээ гэхэд л Монголын эдийн засгийг 30 жилийн өмнөхтэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаа харагдана. Зүй нь энэ удаагийн Үндсэн хуульд орох өөрчлөлтийн төсөл 1992 онд батлагдсан, өнөө үйлчилж буй “эцэг хууль”-ийн заалтуудыг улам чамбайруулж сайжруулахад чиглэх ёстой. Уг нь өдийд гишүүд Ж.Ганбаатар гишүүний “Эдийн засаг, бизнесийн орчинг дэмжих заалт маш чухал. Тэгж байж бидний ирээдүйг олон зүйлээс аварна. Хичнээн хичээгээд бизнес эрхлэгчдийг дарамталж буй бүгдэд хяналт тавьж чадахгүй. Харин Үндсэн хуульдаа тусгаад өгчихвөл Үндсэн хуулийн Цэцэд хандаж зогсоох боломжтой” гэсэн саналыг хоёр гараа өргөөд дэмжих учиртай.

Эдийн засгийг дэмжсэн ямар заалтыг Үндсэн хуульд тусгавал Монгол Улс сонгож авсан зам жамаараа дажгүй хөгжих вэ гэсэн асуулт тавиад хариу хайя. Гэхдээ энэ асуултын хариуг хэлэхийн өмнө Үндсэн хуулийн 59.2-ыг онцолмоор байна. Уул уурхайнхны хамгийн их болгоомжилж, ажиглаж яваа заалт. Засгийн газрын гаргасан шийдвэрийг үл тоодог, хэзээ дээрээс даам гарчихсан орон нутгийн удирдлагуудын өндөр эрхийг бүрэн дархалсан заалт гэж болгоомжилж суугаа юм билээ. “Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн ИТХ-ын хурал юм. Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг хэлээд байна л даа. Яг үнэндээ энэ заалт асуудлын уг суурь нь биш. Суурийг нь зөв тавиад өгчихвөл шийдэгдээд цэгцрээд явчих зүйл.

Одоо үндсэн асуудалдаа оръё. Африкийн улсууд, манайх шиг орны тухайд санхүүгийн сахилга батгүй гэсэн том гэм бий. Ийм шалтгаанаар хөгжил нь урагшилж өгдөггүй зураг цэнхэр дэлхийд Африк, манай хоёроор тогтохгүй. Байгалийн баялагтай, хөгжих бололцоотой хэрнээ эдийн засаг нь гялалзаж өгдөггүй улсуудыг харахаар санхүүгийн сахилга батгүйгээсээ болоод алдаад яваа нь маш тод анзаарагддаг. Ийм улсууд Үндсэн хуульдаа санхүүгийн сахилга батыг тусгаж өгч байж асуудлаа шийднэ гэж олон улсын хуульч шинжээчид зөвлөдөг юм билээ. Санхүүгийн сахилга батгүй улсуудын төсөв алдагдалтай батлагддаг, улстөрчдийнх нь ая зангаар төсвийн алдагдал байнгын өгссөн графиктай явдаг, УИХ, Засгийн газар нь төв банкаа мөнгө хэвлэ гэж дарамталдаг, их мөнгө хэвлэх хэрээр инфляци, ханш хяналтаас гардаг, өндөр инфляци, галзуурсан ханш эдийн засгийг туйлдуулдаг. Уг нь өнөөгийн тогтолцоогоор бол Монголбанк Засгийн газартай хамааралгүй. Гэхдээ Үндсэн хуульдаа санхүүгийн сахилга батыг тусгаж, хашиж өгөөгүй учраас парламент, гүйцэтгэх засаглалаас Төв банк руу төдийгөөс өдий хүртэл дайралт, шахалт хийсээр ирсэн нь хэнд ч ил үнэн. Санхүү сахилга батыг суурь зарчмаа болгоогүйгээс шалтгаалж парламент нь төсвөө хатуу хянаж чаддаггүй асуудал зовлон өнөөгийн УИХ-аас анзаарагддаг. Аль ч орны парламент төсвөө хатуу хянаж байж л эдийн засаг зөв замаар урагшилдаг.

Үндсэн хуулийн өөрчлөлт тойрч яригдаж буй, эдийн засагтай холбоотой өөр нэг асуудал бол баялгийн сан. Баялгийн сангийн хувьд Үндсэн хуулийн хэмжээнд ярих өнцөг биш, санхүүгийн сахилга баттай бол аяндаа цэгцрэх түмэн асуудлын нэг гэж эдийн засагчид онцолдог.

Өмнө дурдсан орон нутгийн удирдлагуудын засгаасаа давсан эрх ч Үндсэн хуулиас үүтгэлтэй. Орон нутгийн дарга нар засгийн тогтоол шийдвэрийг халаасалж ажлаа эхлүүлэх гээд очдог уул уурхайн компанийнхны хувьд ”хадны мангаа” болсон нь Үндсэн хуульд хожим орсон өөрчлөлтөөс эхлэлтэй. Бүр анх Үндсэн хуульд өмчийг тун зөв харж тусгаж байв. Тодруулж хэлбэл өмчийг хүнд наалдаж байвал хувийн, хүнээс холдсон бол нийтийн гэж ялгаж байсан юм. Хувийн өмч гэдэг нь тодорхой. Иргэн Бат, Дулмаад хамаарах өмч. Нийтийн гэдэг нь дотроо төр, олон нийтийн байгууллага, шашны байгууллагын өмч гэсэн задаргаатай байлаа. Хожим өмчийн зүй жамын нарийн мэдлэггүй хууль тогтоогчид өмчийг төрийн, орон нутгийн гэж хувааж алдаа гаргасан нь мөн л хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гашуун үнэн. Уг нь орон нутаг бол төрийн нэг л хэсэг. Эндээс төрийн өмчийн нэг хэсэг нь орон нутгийн өмч гэсэн гаргалгааг төвөггүй хийчихэж болно. УИХ орон нутгийн өмчөө мэдэж захирч чадахаа больсон шалтгаан ерөөсөө энэ л дээ.

Олон хэвшлийн эдийн засаг гэсэн ойлголтыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгаж өгөх хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж байна. Ингэснээр зах зээлийг төрөөр давах гэсэн гажуу ойлголт засагдана гэсэн тайлбар дуулддаг. Товчхондоо зах зээлийг хамгаалах хашаа нь олон хэвшлийн эдийн засаг гэсэн тодотгол. Манайханд нэг төөрөгдөл бий. Хятадын төр нь коммунист, эдийн засаг нь капиталист гэж. Яг үнэндээ урд хөрш төрийн капитализмтай. Социализм, коммунизмаасаа аль эрт татгалзчихсан улс. Ардчилал, чөлөөт эдийн засгийг сонгосон Монголын хувьд төрийн капитализм биш зах зээлийн капитализмыг хөгжүүлэх учиртай. Хятадын капитализмын тухайд бүгдийг төрийн өмчийн компаниудаар шийдэж, үнээ ч төрийн оролцоогоор зохицуулж ирсэн учраас ганхаад эхэлсэн гэх шинжээчдийн байр суурь эргэж хармаар дүгнэлт мөнөөсөө мөн. Ямар ч улсын хувьд үнийн сигнал нь худлаа болчихоор, зах зээлийн жамаас зөрөөд тэрсээд ирэхээр дэлхийн эдийн засагтай холбогдож чадахаа больчихдог. Аль хэдийнэ глобальчлагдаж нэг болсон дэлхийн эдийн засгаас холбоо тасарсан ямар ч эдийн засаг нурах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг дэндүү тодорхой зүйл. Үндсэн хуульдаа олон хэвшлийн эдийн засгийг хүлээн зөвшөөрч, зах зээлийн зарчмыг дагана гээд тунхаглачихвал наад зах нь л гэхэд ямар ч үндэслэлгүйгээр шатахууны үнэ буулга, цалин өсгө гэсэн шаардлага сонсогдохоо болино. Шатахууны үнэ дэлхийн захын ханшаа дагадаг, цалин цуух хөдөлмөрийг үнэлсэн үнэлгээ гэдгийг зах зээл хөгжсөн ямар ч улсын иргэд яс, махандаа тултал ойлгосон байдаг. Үндсэн хуульдаа зарчмаа тов тодорхой тусгачихсан учраас тэр л дээ. Бараа бүтээгдэхүүний үнэ чөлөөтэй байх ёстойг монголчууд ер нь хүлээн зөвшөөрчихсөн. Хөдөлмөрийн хөлсний тухайд хуучин нийгмийн үеийнхээрээ яваа гэсэн шүүмжлэл бий. Төрийн албаны тэддүгээр зэрэглэлийн цалин гэх мэтээр хуульчилж тогтоосон жишиг хөдөлмөрийн зах зээл нь жамаараа хөгжиж буй улсад лав байхгүй. Их хөдөлмөрлөсөн нь ахиу, хөлсөө бага урсгасан нь татуу цалин авдаг. Энэ мэт хандлага, сэтгэлгээний өчнөөн зөрүүг арилгах боломж Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд л байна даа.