Нийслэлийн хэмжээнд 10 мянга гаруй багш нар бий. Тэдний 10 гаруй хувь нь орон сууцтай ажээ. Үлдсэн хувь нь айлын хашаа байшинд аль эсвэл орон сууц түрээслэх зэрэг амьдралын түвшин доогуур амьдардаг гэнэ. Өнөөдрийн авч байгаа цалингийн хэмжээ банкны шалгуур хангахгүй учраас ипотекийн зээлэнд хамрагдах боломжгүй гээд түрээсийн орон сууцны 200 квот өгөхийг шаардсан. Гэтэл НОСК-оос ямар ч багш нарт квот өгөхгүй хэмээн мэдэгдсэн юм. 

Харин багш нар өчигдөр хугацаагүй өлсгөлөн Засаг даргын Тамгын газрын өмнө зарласан. Тэгвэл тэд нарын өлсгөлөн үр дүнгээ өгч, хугацаагүй зарласан өлсгөлөнгөө зогсоолоо.

Энэ талаар МБҮЭХ-ны дарга, УЗ-ийн гишүүн Д.Мөнхбаатар "Шаардсан шаардлага зохих түвшинд биелсэн гэж үзээд өлсгөлөнгөө зогсоолоо" гэлээ. 

Нэгдүгээрт, Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагчдад оногдсон хувиас багш нар нийслэлийн нийт төрийн албан хаагчдын дунд эзлэх хувийнхаа хэмжээгээр квот авах боллоо. Мэдээж эмч, цагдаа, төрийн бусад албаныхан ч салбар бүртээ оногдох хувиа авна.

Хоёрдугаарт, төрөөс 150000 айлын орон сууц үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх 2020 онд нийслэлийн 2000 багшийн орон сууцны урьдчилгааг төр даасан, хүү 8 хувиас бага, зээлийн батлан даалтыг төр гаргах хөнгөлөлттэй ипотекийн зээлд хамруулах талаар нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтарч ажиллахаар боллоо.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр ганхахгүй бат зогсож байгаагаа харуулсан түүхэн тэмцэл боллоо хэмээсэн юм.