Их аварга Асашёорюү Д.Дагвадорж "Аса" циркийн асуудлаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн талаар бид мэдээллэж байсан. Тэгвэл тэрбээр хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийг "Аса" циркийн үйл ажиллагаатай танилцахыг хүссэн юм.

"АСА" циркийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Д.Дагвадорж, Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал нараас дараах асуултад хариултыг авлаа.

-Циркийг хувьчилж авахад хэдэн уран бүтээлч байсан бэ. Менежментийн хувьчилсан үүргээ биелүүлэхгүй дотор нь худалдаа, PC тоглоомын газрыг оруулсан гээд байгаа.  Энэ талаар?

-Д.Д: Циркийн үйл ажиллагааны тайлан, уран бүтээлийн тодорхойлт, уран бүтээлчдийн цомог гэсэн зүйлүүд бий. Ингэж байж уран бүтээлээ хийж үйл ажиллагаа явуулдаг юм. Та нар менежментийн хувьчлал гэдэг буруу ойлголттой яваад байгаа байхгүй юу. Тухайн үед худалдаж авахад Монголд байхгүй гэрээ хийж, Монголд байхгүй хувьчлал болсон гэж би хувьдаа бодож байгаа. Худалдан, худалдан авах гэрээ гэгч юм бий. Менежментийн хувьчлал 2 жилийн хугацаанд төрд мөнгөө байршуулаад бүх зүйл хуулийн дагуу хийгдэж явсан. Энэ хугацаа нь дуусаад төр сайн ажилласан байна гэж үзээд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Би циркийн үнэгүй аваагүй ээ. Хариуцлага, үүрэг гээд олон зүйлийг хуулинд заасан үүний дагуу л явсан.

-Ц.Б: Цирк дотор PC тоглоомын газар байхгүй ээ. Өнөөдөр циркийн маниажинд циркийн сургалт явагдаж байгаа. Манай 12 хамтлагийн 135 уран бүтээлч бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Та бүхэн очоод өдөр болгон бичлэг хийсэн ч болно. Хуучин 30 гаруй уран бүтээлч нь гадаад гараад явчихсан. Тэдний 70 гаруй уран бүтээлчид нь зогссон байдалд орчихсон циркийн нэг ч тоглолт хийгдээгүй байсан. Одоо бол цирк 2013 онд гэхэд л 82 удаагийн тоглолт хийсэн. Гадаадад бид нар 200 гаруй тоглолтоо хийсэн байгаа.

-Хуулийн зөвлөх н.Баярцэнгэл “Менежментийн гэрээ нь бол үндсэндээ 2жилийн хугацаатай хийсэн гэрээ дуусаад дуусгавар болчихсон байгаа. Энэ хувьчлал нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34.1.6-т заасан  аргын дагуу менежментийн үр дүнг харж хувьчилсан асуудал. Энэ менежментийн гэрээ дуусгавар болохоор нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Үүнийхээ дагуу төлбөрөө төлөөд худалдан авсан. Холбогдох хуулиа зөв ойлгож, зөв ярих хэрэгтэй байна.

-Циркийн  амьтдын талаар асуудал гаргаад байгаа?

-Д.Д: Тухайн үед хувьчилж авахад явуулсан бүх материал байгаа. 2007 онд мэргэжлийн хяналтаас ан араатан болон бусад амьтдыг нэн даруй гарга гэж байнга дарамт ирж байсан юм. Энэ хавийн айлууд хүртэл бослого гаргаж байсан шүү. Үүнийг санаарай.  Бүх амьтан нь хөгширчихсэн байсан. Мөнхийн залуу нас гэж байхгүй насжилт явагдсан. Өнөөдөр 10 адуу байгаа. Циркийн амьтдыг зовоохоо больё гэдэг зарчмаар яваа. Байгалийн амьтныг байгальд нь хамгаалж хайрлаж байгаа. Хүн биш араатан л юм хойно тэр амьтад чинь шөнө, өдөргүй орилж, хашгарна биш дээ. Тэгсэн энэ хавийн айлууд “Амгалан тайван байдал алдагдуулалаа” гээд МХЕГ-т шаардлага хүргүүлсэн байсан. Гэхдээ бид тэр амьтдыг дөрвөн жил хэртэй цирк дотроо малласан шүү. ССАЖЯ-аас хотоос өөр газар морьтой үзүүлбэр үзүүлье. Түүнээс биш нийслэлд хориглоно гэсэн. Учир нь циркийн амьтан маш их тамлагдаж сурдаг. Жишээ нь морийг сургахад хэдэн зуун кг туухай эсвэл элс аччихаад тамиргүй болтол нь давхиулж байгаад ямар нэгэн юмнаас үргэх тэнхэлгүй болохоор сургаж эхэлдэг. Тэгэхээр ан амьтны тухай хуульд нийцэхгүй болчихоод байгаа юм л даа. Амьтан тамласан гээд. Ямар нэгэн амьтан сар, жил ахихаар өтөлдөг биз дээ. Намайг авахад тэр амьтад яг л тийм байдалд орчихсон байсан. Нэлээн хөгширчихсөн. Сургалтад гарахад ямар ч боломжгүй харагдсан. Тэгэхээр нь Канадын баавгай хамгаалах нийгэмлэг ч гэлүү нэг байгууллагад хандаж “Энэ амьтдыг яах бэ” гээд хөөцөлдөж үзсэн. Тэднийг шууд байгальд нь үлдээх гэхээр багаасаа хүнээр хооллуулсан болохоор өөрсдөө хоолоо олж идэж чадахгүй гэсэн. Тэгээд ч цаг ууртай зохьцож амьдарч чадахгүй юм билээ. Тэгэхээр нь бид арга ядахдаа Тэрэлжид багахан газар авч тэжээж хүртэл үзсэн шүү дээ. Тэгж байгаад л ертөнцийнхөө жамаар үгүй болсон.   

-Цирк өнөөдөр нийт хэдэн уран бүтээлчидтэй вэ?

-Ц.Б: Одоогийн байдлаар 64 уран бүтээлч нийгмийн даатгал төлж байгаа. Мөн хувиараа 30 хүн нийгмийн даатгалаа төлдөг. Эдгээр уран бүтээлчдээс гадна 18 нас хүрээгүй багш шавийн барилдлагатай 40 гаруй хүүхэд бэлтгэл сургуулилтаа хийж явдаг.

-Д.Д: Циркийг анх авахад тойрсон асфальт зам тавигдаагүй байсан. Энэ асфальт замыг тавих, тохижилт хийхэд 650 сая төгрөг өгсөн. Тоо баримттайгаа хийсэн ажлууд байгаа. Циркийн өргөтгөл хийж байна. Хүн харахад бөмбөгөр дээвэртэй байшин байгаа юм биш дотроо сантехник, гэрэл техник хэрэгсэл гээд олон зүйл бий. Тэр болгонд урсгал засвар байнга хийгдэж явдаг. Бид дулаахан байлгаж орчнийн сайжруулах талаас нь үзээд л байгаа.

-Маш олон тоглолт зохион байгуулж заалаа түрээслэдэг гээд байгаа?

-Д.Д: Хандивийн тоглолт болгон манайд хийгддэг. Жишээ нь одоо л гэхэд нэг бүсгүйн эмчилгээнд зориулагдсан тоглолт зохион байгуулах гэсэн юм гээд надад хүсэлтээ хэлэхэд нь хүний зовлонгоор жаргал хийлтэй биш гээд “Түрээсийнх нь 80 хувийг чөлөөлье та нар 20 хувийг нь зохицуулаарай” гэж хэлсэн. Ер нь бид ССАЖЯ-аас гаргасан шийдвэрийн дагуу л ажилаа явуулж байгаа. Төрөөс явуулж байгаа хууль эрхзүйн нэг ч заалтыг ёсчлон биелүүлж байгаа гэж бодож байгаа шүү. Соёлын цаашдын бодлого нь үндэсний урлагийг аялал жуулчлалын салбартай уялдуулж ажилла гэсэн санал ирсэн. Тиймээс бид энэ талд маш их ажил явуулж байгаа.   

-Өргөтгөл хийж байгаа юм байна. Энэ талаараа?

-Д.Д: Баруун урд талд нь уран нугаралтын төв гэж байгуулна. Уг нь үүнийг улс хийх ёстой. Гэхдээ яах вэ дээ би л төрийнхөө ажлыг хугаслахаас. Мөн хүч тамирын гайхамшгийг дахиж сэргээнэ. Дархан аварга Д.Дамдин 850 кг туухайг хөл дээрээ өргөж чадсанаараа гайхамшиг болсон. Ийм хэмжээний тухайг өргөдөг адуу ч байхгүй байхад хүн хийж чадаж байсан шүү дээ. Тэгэхээр бид үүнийг орхигдуулж болохгүй. Түүнчлэн тамирчдынхаа бүтээлч үйл ажиллагааг хангасан фитнесс, усан бассей байгуулна.  

Энэ үеэр Д.Давгадоржтой нэгэн иргэн ирж уулзсан юм. Ах нь сэтгүүлч та нарт хэдэн зүйл хэлж өгье гэв.

Түүнийг Д.Саруултөгс гэдэг. СБД-ийн өндөр настан: “Хүн үзэхгүй барихгүй гээд гадуур их яриа байна. Энэ худлаа. Би хуучин циркээс 1971 онд хамгийн түрүүнд энд ирж ажиллаж байсан юм. Аварга авснаасаа хойш их зүйлийг хийсэн. Намайг энэ циркид ирэхэд ерөөсөө нэг ч удаа засвар хийгдээгүй. Харин бид их азтай сайн хүмүүс авч их зүйл хийж өгсөн. Эхнээс маш их тэмцэлтэй байсан. Би бээжинд эмчилгээнд яваад ирэхэд хүртэл яригдаж байсан асуудал. Циркийг  авах гэсэн хүмүүс их байдаг.  Тэд нарт өгчихсөн бол харин энэ цирк чинь зүгээр олон улсын циркийн бааз, буудал болсон байж ч магадгүй. Харин ч энэ авсан хүмүүс их сайхан сэргээж үйл ажиллагаагаа явуулж байгаад би их баярлаж явдаг. Би 30 жил амьтан тоглуулсан хүн. Харин өнөөдөр та нартай таарлаа азтай юм. Би даргаа шүүмжилээд банга хүртэж байсан. Нэгийг харж урваж шарвадаг зан надад байхгүй. Үнэн зүйлийг бол хэлнэ шүү. Би 1981 онд тэтгэврээ тогтоолгож гарсан. Тэгээд Германд жил болоод ирсэн. Би тэр үед хэлж байсан Саруултөгс ахын чинь хийсэн зүйлийг ойрын 15 жил гарахгүй ээ. Сэтгүүлчид зөв ойлголт өгөх хэрэгтэй. АСА циркийн жүжигчид маш олон мундаг залуус бий. Харин тэр авах гээд санаархаад байгаа улсууд нийлээд хийж байгаа зүйлээ хамтдаа бүтээж босгоод монгол циркээ улам сайхан авч үлдэх хэрэгтэй. Түүнээс биш хийж байгаа нэгнээ дарах хэрэггүй. Би энэ явуулгыг хэн хийж байгааг ч мэднэ” хэмээн тэрбээр хэлээд ах нь хүүхдээ сургуулиас нь авах гэж явсан юм.

Ийн бид дотогш орж тэрбээр циркээ танилцуулав. Циркийн бэлтгэлийн заал руу ороход 4 хамтлаг  "Гэсэрийн тууж" хэмээх театрчилсан тоглолтоо "Эх үрсийн баяр"-аар тоглохоор бэлтгэлээ эхлэсэн гэж ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал гуай хэллээ. Саяхан "Галын домог" гэсэн театрчилсан үзүүлбэрийг үзүүлсэн. Бид гэрэл, техникээ нэмээд л яваад байгаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өдөр, өглөөний хичээлийнхээ цагийн хуваарийн дагуу хуваагдаад бэлтгэл, сургуулилтаа хийдэг байна.

Ингээд уншигч та бүхэндээ гэрэл зургийн сурвалжлагыг хүргье.

 























































Х.Даваа