Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар цэргийн ангийн байлдагч Б.Алтантулга амь насаа алдсан хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа юм.

Цэргийн алба хаагч нас барсан хэрэгт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч Д.Ө, ахлагч н.М нарыг буруутгасан. Ингэхдээ тэдэнд хүнийг алах гэсэн зүйл ангиар биш хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх зүй ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна.Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн хүний амь насыг санаатай хөнөөх зүйл анги нь болгоомжгүйгээр хохироох зүйл ангитай харьцуулахад ялын бодлого нь хоёр дахин чанга байдаг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

Хүнийг алсан бол 8-15 жилийн ял оноодог. Харин хүндрүүлэх нөхцөлтэй бол  арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заадаг.

10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. 

Талийгаач Б.Алтантулгад хоёр удаагийн задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээний хариугаар хэт их ачаалал өгсөнөөс болж зүрх зогссон гэх хариу гарсан байна.

Шүүх хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа