Манай улс авлигатай тэмцэхээр одоогоос 12 жилийн өмнөөс АТГ-ын үйл ажиллагааг эхлүүлсэн.  Тус газрыг авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага гэдгийг хүн бүхэн мэднэ. 

АТГ хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 78 буюу 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 308 буюу 36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 51 буюу 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 11 хэргийг нэгтгэн шалгаж, 2 хэргийг түдгэлзүүлж, одоо 384 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 335 хэрэг, мөрдөн байцаалтын 49 хэрэг байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байгаа аж. 

Тэгвэл "авлига" авсан нөхдүүдийг ил гаргаад олон нийтэд мэдээлэхээр нөгөө талаас нь хүн гүтгэсэн, нэр төрд халдсан мэтээр цацагдах болсны улмаас их хэмжээний мөнгөний асуудалтай нөхдүүдийн авлигын хэргийг баримтжуулан авсан бичлэгээ ил болгосон. Эл асуудлыг улс төржүүлж эхэлсэн бололтой. Ирэх сонгуулийн өмнөх ажил гэх шуум ч дэгдээд авав. Aвлигатай хатуу тэмцэнэ” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ам нээх болгондоо унагаах болсон ч хуулийн хэрэгжилт нь бодит байдал дээр замхаруулж байна. 

Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр авлигачдын хэргийг хааж, торгуулийн шийтгэл оноож өнгөрөөж "Авлига"-тай тэмцэх асуудал ёс төдий улс төрчдийн асуудал болж хувирч байгаа юм. Их хэмжээний авлигал аваад түүнээсээ шийтгэлээ төлчихдөг гаж тогтолцоотой хэмээн шүүхэд иргэдийн итгэх итгэл алдрах тийшээ хандаж буй. Ийм үед авлигатай дорвитой тэмцэхгүй бол зүгээр сонгуулийн өмнөх шоу болоод дуусах нь ойлгомжтой болов уу. 

Эрх баригчид баталсан хуулиа засаж, авлигатай хатуу тэмцэж чадваас цагаатгаад өнгөрдөг асуудалд цаг тавигдах нь гарцаагүй .

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Авлигатай тэмцэх газрын дарга нарт хандан авлигын болон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломж олгож болохгүй, хэт хөнгөн ял оногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл байгаа бол шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл байгаа эсэхийг шуурхай нягтлан үзэхийг хүссэн билээ. Тэгвэл  “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргав.

Захирамжаар “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Ажлын хэсгийг байгуулжээ.