“Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн ачааны машинуудад газрын тос тээвэрлэх үеэр гал алдсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өмнө нь мэдээлж байсан билээ.

Гал гарсантай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Газрын тосны газраас мэдээлэл өгсөн билээ. Гал гарсан 19 дүгээр үйлдвэрлэлийн баазад нийт 200 ажилчин ажилладаг бөгөөд уг баазаас Хятад руу өдөрт 70-80 машин газрын тос зөөдөг юм байна. Уг ослын үед газрын тос тээвэрлэж явсан арван ачааны машины баруун захаас гурав дахь машинд гал гарч, дэлбэрсэн ба үүний улмаас зэргэлдээ зогссон долоон машин бүгд  шатан,  БНХАУ-ын хоёр иргэн амь насаа алдаж, нэг иргэн гэмтэн , эмнэлэгт хүргэгдсэн аж.  Улс хоорондын тээвэр учраас машины жолоочид бүгд хятад хүмүүс байсан ба, галын цурмаас хоёр хүний цогцос олдсон бөгөөд хэн болохыг одоогоор тогтоогоогүй байгаа гэнэ. Мөн хоёр хятад ажилчин олдохгүй, хайж байгаа юм байна.  Хэрэв монгол ажилчид самбаачлан тос дамжих цоргыг хааж, галын аюулын хор уршгийг багасгаагүй бол тэнд байгаа бүх объектууд дэлбэрэн, Мэнэнгийн тал тэр чигээрээ сүйрэх аюултай байсан аж.

Нөхцөл байдал одоогоор ямар байгаа талаар газар дээр нь ажиллаж буй Газрын тосны газрын Ашиглалт олборлолтын хэлстийн дарга Ч.Жамсрангаас тодруулахад “Одоогоор “Петрочайна Дачин тамсаг” ХХК –ийн олборлолт хийдэг Дорнод аймгийн Тосон уулын 19 талбайн түүхий тосны экспортын үйл ажиллагааг гал гарсаны улмаас түр зогсоогоод байгаа.  Мөн газрын тос агуулах савны багтаамж муу байгаа тул олборлолтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, ихэнх цооногийг түр хаагаад байгаа ба галын дүгнэлт бүрэн гараагүй байгаа болохоор хор хохирлын хэмжээг тодорхойлох болоогүй байна” хэмээн өгүүлжээ.

Тамсагийн сав газраас газрын тос олборлож байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компанитай нутгийн иргэд, ИНБ-ынхан зарга үүсгэн, Тамсагийн цэнхэр хязгаар гэж дуунд мөнхөрсөн эл нутагт газрын тос олборлож эхэлсэн тэртээ хорин хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад өдгөө унаган байгаль нь хэрхэн эвдэрч, дэлхийд ганцхан үлдсэн Мэнэнгийн уудам тал яаж хохирсныг баримт нотолгоотойгоор гаргаж тавьсны хүчинд тус компаниас байгаль орчныг доройтуулсны нөхөн төлбөрт 1,3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулахаар шүүхийн шийдвэрийг гаргуулж чадсан нь том ололт болсон юм. Ногоон цөм ТББ энэ асуудлыг хөндөж, бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж юу болох, 20 гаруй жил Газрын тосоо олборлуулж байгаа Матад сум яагаад гэрэл цахилгаан ч үгүй, иргэд нь ажилгүй, хамгийн ядуу сум хэвээр байгаа вэ гэдгийг интернет мэдээллийн сайтууд,  МҮОНТВ-ээр бүх талыг оролцуулан хэлэлцүүлж байсны хүчинд ийм амжилтанд хүрч чаджээ.

Энэ оны 6-р сарын 30, 10-р сарын 12-ны өдөр МХЕГ-ын байцаагч тус компанид хоёр акт тавьж байжээ. Зөрчил арилгуулах нэртэй уг албан шаардлагад “Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбоотой олон зөрчил дутагдлыг арилгах шаардлага тавьсан байна.

Түүнд бичсэнээр, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 болон 21 дүгээр талбайн Тосон уулын орд газар ерөнхий төлөвлөгөөгүй байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн, Засгийн газраас тогтоосон квотын дагуу гадаад болон монгол ажилчдын харьцааг мөрдөөгүй, хамтын гэрээ байгуулдаггүй, ажиллагсдын нэмэгдэл хөлсийг тооцон хуулийн дагуу олгодоггүй зэргээр Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн, хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцоо, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл нь чанарын баталгаагүй, тоног төхөөрөмжийн газардуулга нь даацын баталгаагүй, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн маш олон дутагдал илрүүлжээ. Гэтэл төрийн мэргэжлийн байгууллагын энэ шаардлага, шалгалтуудад “Петрочайна Дачин Тамсаг” компани өчүүхэн ч ач холбогдол хандуулалгүй, эдгээр шаардлагын дагуу ямар арга хэмжээ авч, зөрчил дутагдлаа арилгасан эсэх нь тодорхойгүй байсаар байсан нь эцсийн дүндээ ийм аймшигт осол гарахад нөлөөлсөн бололтой.

Эх сурвалжуудаас харахад, энэ компанийн Монгол талын захирлаар манай нэрт нийтлэлч Баабарын төрсөн дүү Дэлгэрбаяр олон жил ажиллаж байгаа гэх ба мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчигийг энэ компанитай нягт холбоотой талаар ярьж хэлэлцэх хүмүүс ч байна. Хэрэв эдгээр залуус өчүүхэн ч атугай эх оронч сэтгэл гарган, энэ компанийн хууль бус үйлдлүүдийг засаж залруулан, Монгол, Хятадын аль аль талынх нь эрх ашгийг нийцүүлж, зохицуулж ажиллаж чадсансан бол “Петрочайна Дачин Тамсаг” компани монголчуудыг үл ойшоон, Монгол төрийн хуулийг үл хүндэтгэсэн үйл ажиллагааг анхнаасаа явуулж, ингэж их даврахгүй байсан болов уу.

Д.Мигаа